Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын НЭР ХҮНД ба ТУСГААР ТОГТНОЛ нэг зоосны хоёр тал

З.Боргилмаа
2016 оны 7 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

-Иргэншиж, даяаршсан өнөөгийн дэлхий ертөнцөд “тусгаар тогтнол” гэх тэрхүү эмзэг бөгөөд эрхэм зүйлийг маань дархлаажуулж, баталгаажуулж, басхүү хамгаалж байх зөөлөн хүчний нэг нь Монгол Улсын гадаад НЭР ХҮНД юм. Монгол Улсын сүүлийн хорь гаруй жилийн гадаад бодлого, гадаад харилцааны нэг чухал хэсэг нь энэхүү нэр хүндийн төлөөх эрмэлзэл байж ирсэн- 

Тусгаар тогтнол... энэ үг Монгол хүн бүрийн цээжинд уяатай явдаг, уярч омогшсон үед уян дээр үүрсэх морь шиг тогтож яддаг тийм л нандин ойлголт билээ. Бид Ази, Европ тивийн дунд алгын чинээ газар нутгаа сахин оршиж, хэл, соёл, шашин ондоо зүг зүгийн зүрхэн голд атга шагай шиг цөөхүүлээ боловч туурга тусгаар Монгол Улсынхаа түүх шашдирыг манан мянга мянган жил тулгаа тулж, голомтоо бадраан ирсэн ард түмэн.

Иргэншиж, даяаршсан өнөөгийн дэлхий ертөнцөд “тусгаар тогтнол” гэх тэрхүү эмзэг бөгөөд эрхэм зүйлийг маань дархлаажуулж, баталгаажуулж, басхүү хамгаалж байх зөөлөн хүчний нэг нь Монгол Улсын гадаад НЭР ХҮНД юм.

Монгол Улсын сүүлийн хорь гаруй жилийн гадаад бодлого, гадаад харилцааны нэг чухал хэсэг нь энэхүү нэр хүндийн төлөөх эрмэлзэл байж ирсэн.

Магадгүй зарим хүнд энэ нь жижиг улсын том амбици, хэнээрхэл гэж харагддаг байж болох ч тэр тусмаа жижиг, буурай Монголын хувьд гадаад харилцаа нь дотоодын хэрэгцээгээ хангах бараа бүтээгдэхүүн, боловсрол, соёлын солилцоо, худалдаа наймаа төдий прагматик хэрэгцээнээс хол илүү давж гарсан бодлого байх ёстой биз ээ.

“Хар хайрцаг” гэж байдаг бол чухам түүндээ л хав даран хадгалж явах ёстой тэрхүү том амбицийн нэг илрэл хийгээд биелэл нь сая болж өнгөрсөн Ази, Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалт байлаа.

Хоёр жилийн өмнө уг уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авснаас хойш үүнийг тойрсон их, бага шүүмжлэлүүд аль ч утгаараа Монгол Улсын гадаад харилцаан дахь том эрмэлзлийг хөндөж байв. Тэр дундаа Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчийг, улстөрч, удирдагчийнх нь хувьд Ц.Элбэгдоржийг чиглэж байсан гэхэд болно.

АСЕМ-ын уулзалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, юутай ч бид зорьсон үр дүнгээ үзэж, ирсэн зочдоо үдлээ. АСЕМ-11 уулзалтыг даргалагчийн хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арга хэмжээг дүгнэсэн мэдэгдэл гаргаж, нийт оролцогчид хамтран “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг үйлдсэн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээний үеэр Монголын талд ашигтай яриа, хэлэлцээ төдийгүй шийдвэрүүд гарсныг энд цухас боловч дурдах нь зүйтэй байх. Түүнчлэн АСЕМ-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд оролцсон 62 удаагийн хоёр талт уулзалт, нийтдээ 100 гаруй 2 талт уулзалт болжээ.

Тухайлбал, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нарын хоёр талт уулзалтын үеэр юу яригдаа бол гэх сониуч бодол хэнд ч төрөхөөр. АСЕМ-ын уулзалтын нэг онцлог нь энэ нь яриа хэлэлцээний албан бус чөлөөт индэр юм.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарт болох мэдээллээс үүдээд интернэт хайлтаар нэг тэрбум гаруй хүн Монголыг сонирхсон, айлчлан ирсэн өндөр түвшний болон ажил хэргийн зочид монгол наадам үзэж, түүх, соёлыг нь маань гайхан биширсэн ... гээд дурдвал арга хэмжээ Монголын талаарх томоохон сурталчилгаа болжээ.

Харин үйл явдлын өнгөн тал, өрнөлийг тоочихоос илүүтэй үүний цаана оршиж буй жинхэнэ үнэн төрхийг харин гадаад бодлого дахь том амбици гэж товчхоноор дүгнэвэл болох байх. 

Ажиглагчдын дүгнэж байгаагаар бол Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад харилцааны салбарт маш эрчимтэй бөгөөд эрмэлзэлтэй ажилласан хэрэг юм. Түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс олон улсын хэмжээний хоёр ч том хурлыг эх орондоо байгуулах эрх авч, амжилттай зохион байгуулснаар нь тодорхойлж болох байх. Тодруулбал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын сайд нарын VII бага хурлыг 2013 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан бол хоёр дахь нь АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болж байна.

Монгол Улсын гадаад НЭР ХҮНД гэдэг бидний ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА хэрэв мөн юм бол дээрх хоёр арга хэмжээ тэрхүү ойлголтыг бататгахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гадаад нэр хүндээ өсгөх, гадаад харилцааг шинэ шатанд хүргэх Ерөнхийлөгчийн эрмэлзэл санаснаас том амбици байсныг тэрбээр өөрөө ч илэрхийлсэн байдаг.

Тэрбээр нэгэнтээ “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг эх орондоо зохион байгуулъя гэхэд энэ эрхийг Гадаад хэргийн сайд Г.Занданшатар олоод л ирсэн, Ази, Европын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулъя гэхэд Гадаад харилцааны сайд Л.Болд мөн аваад л ирсэн” хэмээн ам алдан сайрхаж байсан удаатай.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний сонгууль 2022 онд хүлээж байгаа.

Түүнчлэн урд, хойд хөршийн Төрийн тэрүүн нарыг бараг зэрэг шахам эх орондоо айлчлалаар авчирсан, үүний араас залгуулаад гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг Душанбед зохион байгуулсан гээд гадаад харилцааны түүхэнд гарцаагүй тодоор бичигдэх үйл явдлууд өнгөрсөн жилүүдэд болжээ. Мөн Монгол Улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон Хүний эрхийн зөвлөлд гишүүнээр сонгогдох том зорилгыг тэрбээр санаачилсан юм. 

Үүнийг бодит ажил хэрэг болгоход Гадаад харилцааны яам, дипломат алба идэвхийлэн ажиллаж, өнгөрсөн онд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож чадсан. Харин НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний сонгууль 2022 онд хүлээж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнө гаргасан нэг санаачилга нь НҮБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох “даалгавар” байсан бөгөөд энэ нь ч иргэдийн дунд шүүмжлэл дагуулсаар байдаг. Харин үүний “тайлал” нь НҮБ-ын дотоод сонгуулиуд байсан юм.

Нэр усыг нь сонсоогүй, Африкийн “сураггүй улс”-тай дипломат харилцаа тогтоож сүржигнэлээ ... гэдэг боловч НҮБ-ын гишүүн улс болгон энэ тивийн хамгийн ардчилсан, хүчирхэг улс гэгддэг АНУ-тай л адилхан нэг саналын эрхтэй байдаг. Өдгөө Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 оронтой бараг бүгдтэй нь дипломат харилцаа тогтоожээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг санаачилга дэвшүүлж байх үед энэ үзүүлэлт бараг тавин хувьд ч хүрэхгүй шахам байв. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний сонгууль бараг хаяанд иржээ. Монгол Улс гараанаас хэдийнэ гарч, дэлхийн дэвжээнд тоосоо өргөж явна. Энэ нэр хүнд бидний Тусгаар тогтнолын баталгаа юм.

Зураг