Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үхэл агуулсан хөх савнууд

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 7
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

"Засгийн газрын мэдээ" сонин өнгөрсөн жилээс эхлэн хүнсний савны аюулгүй байдлын асуудлыг байнгын нэг сэдвээ болгосон билээ. Үүний хүрээнд химийн нэгдлээр бохирдсон цэнхэр хуванцар савны талаар цувралаар хөндөн, хүргэж буйг уншигчид маань мэдэх биз ээ. 

Энэ удаагийн цувралаараа бид "Хүнсний сав, баглаа, боодол үндэсний хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Юутай ч химийн бодистой хуванцар савыг хэрэглээнээс халах ажил зарим аймагт идэвхтэй хэрэгжиж эхэлсэн таатай мэдээ байна. Тэрчлэн сүүлийн үед малчид хөх савыг биш, хөхүүрийг сонгож эхэлсэн нь нэг ахиц юм.

...Саяхан танил малчин залуу өөрийн урласан хөхүүрийн зургийг нүүр номондоо тавьжээ. Тэрбээр “Үнэ нь уначихаад байгаа үхрийн ширээр хэрэгтэй эд хийлээ. Сүүлийн үед цэнхэр савыг хортой гэж сэрэмжлүүлээд байгаа болохоор уламжлалт хэрэглээгээ сэргээхээр шийдлээ” хэмээн тайлбарлажээ.

Түүний энэ алхам хортой савнаас татгалзах хамгийн зөв шийдэл. Олон байгууллагын дуу хоолой иргэдэд нөлөөлж эхэлсэн нь энэ. Уг нь хорт хавдар үүсгэдэг хуванцар савыг хэрэглээнээс бүрэн халчихвал монголчууд бидний болон үр хойчийн минь эрүүл мэнд хамгаалагдах учиртай.

Хорт хавдар үүсгэдэг хуванцар савыг хэрэглээнээс бүрэн халчихвал монголчууд бидний болон үр хойчийн минь эрүүл мэнд хамгаалагдах учиртай.

Гүүний саам, зэрлэг байгальд ургадаг нэрс, чацарганыг химийн бодис агуулсан саванд хийж, хор болгон хувиргаж байна. Ийм байдлаар байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэх утгаа алдсан хүнс бидэнд дутсан гэж үү.

Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогод ч гэсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сав, баглаа, боодол хэрэглэх заалт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүнсний стандартад нийцсэн сав хэрэглэхэд л асуудал шийдэгдэх учиртай.

Манай улсын хувьд сүүлийн 20 гаруй жилд хүнсний сав, баглаа боодлын хэрэглээ зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж иржээ. Мөн арьс ширний будаг, лак, уул уурхай, барилгын материалтай импортолдог химийн нэгдэлтэй хуванцар сав жилд яг хэдийг орж ирдэг нь өнөөдөр ч бүрхэг хэвээр. Иймд эхний ээлжинд химийн бодисоор бохирдсон савны тоо бүртгэлийг нарийн гаргах шаардлагатай талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Хүнсний үйлдвэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Оюунгэрэл хэлж байлаа.

Манай улсын зах зээлд 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй нийлүүлэгдэж байна. Сүүг мөнөөх хортой хуванцар саванд хийж тээвэрлэдэг аж. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015 онд “Хүнсний аюулгүй сав” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан.
Гэвч учир дутагдалтай болсон тул үндэсний хөтөлбөр болгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм.

Ингээд 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Хүнс, хөдөө аж ахуйн яам, МХЕГ, Эрүүл мэнд, спортын яам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон томоохон хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.

Хэлэлцүүлгийн дараа импортын болон дотоодын сав, баглаа, боодлын аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Мөн “Хүнсний аюулгүй сав” дэд хөтөлбөрт суурилан Үндэсний хөтөлбөр боловсруулж батлуулах асуудал багтсан. Тэрчлэн байгальд ээлтэй, уламжлалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих зэрэг хэд хэдэн чухал зөвлөмж гаргасан билээ.

ЦЭНХЭР САВЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС XAЛAX АЖИЛ АЛХАМ АЛХМААР УРАГШИЛСААР

Засгийн газраас "Сав, баглаа, боодол үндэсний хөтөлбөр" боловсруулж, хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн баталсан.

Үндэсний хөтөлбөрт ямар асуудлыг тусгасан талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Хүнсний үйлдвэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Оюунгэрэл “Манай улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямд гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд түлхүү ашигладаг.

Худалдааны захуудад зарж буй хуванцар савны 45 хувь нь хуучин сав байна. Энэ нь иргэдийг хүнсний зориулалтын бус хуванцар сав худалдан авах боломжийг олгоод байгаа. Иймээс хортой савыг хэрэглээнээс халж, стандартад нийцсэн саванд хүнсний бүтээгдэхүүн хийхийг иргэддээ дахин дахин уриалмаар байна.

Хүнс, хөдөө аж ахуйн яам УИХ-ын БОХХААБХ-ны 5/10770 тоот зөвлөмжийг үндэслэн, 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэх "Сав, баглаа боодол үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулж, тавдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд дэмжигдсэн. 

Одоо эцсийн байдлаар баталгаажуулах ажил л үлдээд байна. Үндэсний хөтөлбөрт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сав үйлдвэрлэх талаар түлхүү тусгасан. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эрүүл ахуйн стандартад нийцсэн савны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудал бий. Үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоос эхлээд нэлээд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. 

Мөн гаалиар оруулж ирж байгаа химийн бодис, барилгын будаг, эмульсийн сав, уул уурхай, арьс ширний үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнтэй оруулж ирж байгаа савыг нарийн бүртгэдэг болгоно. Ингэж бүртгэлжүүлснээр ядаж хяналттай болох байх. 

Хамгийн гол нь малчдыг битгий худалдаж аваач л гэж ятгамаар байгаа юм. Гэвч хүний эрхэнд халдах эрхгүй шүү дээ. Хууль эрх зүй, хөтөлбөрийн хүрээнд л зохицуулахаас өөр аргагүй. Сав, баглаа, боодлын үндэсний хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл олон зүйл эмх цэгцтэй болно” гэлээ.

Ямар ч байсан хөх савыг хэрэглээнээс халах ажил алхам алхмаар урагшилж байна. Үндэсний хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл малчид ч гэсэн хортой савнаас татгалзахаас аргагүйд хүрнэ. Ер нь малчдын гарт химийн нэгдлээр бохирдсон савыг хүргэхгүй байх зөв шийдэл бол аюултай хог хаягдлын цэг байгуулах гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Химийн нэгдэлтэй савыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо ёсоор нь устгуулж байж бохир савны хэрэглээ хязгаарлагдана.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан химийн нэгдлээр бохирдсон цэнхэр савыг хэрэглэхгүй байх зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж бага ч атугай малчдад хүрч байгаа аж.

Гэхдээ дийлэнх нь хямд сав хэрэглэх сонирхолтой хэвээр. Учир нь хуучин сав химийн нэгдэлтэй, хорт хавдар үүсгэгч агуулдаг гэдгийг малчид төдийлөн ойлгохгүй байна. Америкийн эрдэмтэд хуванцрын найрлагад ордог бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг бууруулж, хөхний хорт хавдрыг үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг болохыг тогтоосон байдаг.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААН ЦЭНХЭР САВ БИШ БИЗ

Өнөөдөр манай улсад хорт хавдрын өвчлөл өндөр байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик сөхөхөд л жилээс жилд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь харагдана. Ялангуяа зонхилон тохиолдох хорт хавдрын шинэ тохиолдлын дотор умайн хүзүү болон хөхний хорт хавдар өндөр үзүүлэлттэй байгаа юм. 

2015 оны байдлаар эмэгтэйчүүдийн хорт хавдрын тохиолдлын 44 хувийг умайн хүзүү, 43 хувь нь өндгөвчний, 35 нь хөхний хавдар эзэлж байна. Энэ үзүүлэлт 2014 оныхоос 6.6 хувиар нэмэгджээ. Хүүхдийн хорт хавдрын өвчлөл ч мөн буурахгүй байгааг хавдрын эмч нар анхааруулж байв. 

Хүүхдүүд тархи, мэдрэлийн системийн хорт хавдраар өвчлөх тохиолдол их байдаг аж.

Тодорхой тоо тоочвол, өнгөрсөн онд улсын хэмжээнд 87 хүүхэд хорт хавдраар өвчилсний 50 нь хүү, 37 нь охин. Энэ тоог 2014 онтой харьцуулахад 20 хүүхдээр өвчлөл нэмэгдсэн байна. Хүүхдүүд тархи, мэдрэлийн системийн хорт хавдраар өвчлөх тохиолдол их байдаг аж.

Хорт хавдрын өвчлөлийг яг юунаас болж байна вэ гэдгийг нарийн тогтоох боломжгүй гэдгийг эмч нар хэлдэг. Гэхдээ хортой савны хэрэглээтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж болзошгүй хэмээн үздэг. Учир нь хуванцар савны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй. Удаан хугацааны хэрэглээний явцад тухайн хүний өвчин эмгэгийг архагшуулдаг аж.

Цаашлаад дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бууруулж чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог үүсгэдэг болохыг эрдэмтэд хэдийн баталсан. Дахин сануулахад, мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр хоёр, нитрит 11, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ.

Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж, хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4504:2008 стандартад зааснаас 3-4, айрганд 4.4 дахин их гарсныг мартаж болохгүй.

Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч, улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэйг харуулж буй хэрэг. Ийм олон талын хөнөөлтэй учраас л хөх савыг хэрэглээнээс бүрмөсөн халах гээд зүтгээд буйн шалтгаан энэ.

Зуны дэлгэр цаг ирж, малчин өрх бүр сүү, цагаан идээгээ боловсруулж, айргаа сөгнөж байна. Энэ цаг үед малчдад цэнхэр савны хор хөнөөлийг дахин сануулахад илүүдэхгүй болов уу. Удахгүй жимс, жимсгэнэ түүх үе тохионо. 

Тэгэхээр малчид хийгээд жимс түүгчдэд 60, 120 литрийн багтаамжтай долоо гэсэн дугаартай савыг хэрэглэхгүй байхыг бас дахин сануулмаар байна. Бизнесийн ашгаа бус бусдын эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэдгийг ухаараасай. Харин стандартад нийцсэн олон улсын байгууллагаас зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхийг савыг сонгох нь хамгийн аюулгүй.

Зураг