Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Таван жил үргэлжлэх соёлын довтолгоо айсуй

Г.Баярсайхан, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 6
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

МҮОНТ урд хөрштэй байгуулсан гэрээний дагуу ирэх таван жил Хятадын цуврал кино гаргах нь. Эхний ээлжинд “Бээжингийн залуус” нэртэй 36 ангит киног хүргэх бол залгуулаад олон ангит 25 киногоор таван жилийн турш бидний мэлмийг баясгах аж.

Хятадын шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх сайхан боломж нээгдлээ хэмээн үүнийгээ тайлбарлажээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлахдаа хоёр орны соёлыг хамтран сурталчлах, нийтэд таниулах тохиролцоонд хүрсний дагуу хийгдэж байгаа ажил юм байна.

Гэхдээ энэ мэдээг сонсоод баярлаж, олзуурхсан хүн хэр олон байх бол. Харин ч эсрэгээрээ, уурлаж бухимдсан нь жин дарна гэдэгт итгэлтэй байна.

Аль нэг арилжааны хувийн телевиз ийм шийдвэр гаргасан бол тоохгүй өнгөрөхсөн. Хүсэхгүй бол үзэхээ л больчихно биз.

Харин улсын төсвөөс санхүүждэг, биднээс cap бүр тодорхой хэмжээний хураамж авдаг үндэсний телевиз нь нэг улсын олон ангит киног бүтэн таван жилийн турш гаргана гэдгийг сонсоод дуугүй өнгөрч боломгүй санагдаад байна.

Бидэнд гаднын цуврал кино багадаагүй. Харин ч хэрээс хэтрээд удаж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд Солонгосын олон ангит кинонууд. Сүүлийн 20 шахам жил бид хангүг савангийн дууриар амьсгаллаа. Үр дүнд нь юу болов. Цөөн хэдэн монголчууд маань хагас солонгосжсон байдалтай болж хувирав.

Охид, залуус нь хангүг стилээр хувцаслаж, тэдний төрх байдлыг дуурайж, солонгос хоолонд дурлаж, эгээ л тэдэн шиг сэтгэдэг болох нь холгүй байна.

Монгол, Солонгосын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ тоглоход зарим үзэгч эсрэг багийг дэмжин орилолдоод байна гээд бод доо. Их хурлын гишүүн сургуульд нь зочлоход хүүхдүүд хонгилын хоёр талаар эгнэн зогсож байгаад бөхийн мэндчилэхийг харлаа. Энэ бичлэгийг үзээд Солонгост байна уу гэж эргэлзэхдээ хүрэв. Бид ингэтлээ солонгосжоод байна. Энэ бол олон ангит киноны шууд нөлөө гээд хэлчихэд буруудахгүй байх.

Угаас энэ улс олон ангит киногоороо дамжуулан өөрийн соёлыг бусад оронд түгээх бодлогыг 1990-ээд оноос баримтлах болсон. Улсынхаа имижийг сайжруулах, соёлоо сурталчлах энэ бодлого эцэст нь тэдний эдийн засагт үлэмж хэмжээгээр нөлөөлсөн гэдэг. Мэдээж бүх улсад амжилттай хэрэгжээгүй л дээ.

Харин хамгийн их үр дүнд хүрсэн улсуудын Монгол багтах нь гарцаагүй болохыг нийгмийн дээрх үзэгдлүүд батлах биз ээ. Улмаар залуу үе өдөр ирэх бүр солонгосчуудтай адилхан болсоор. Гэтэл одоо хятад кинонд “бөмбөгдүүлэх” цаг ирэв бололтой.

Угаас энэ улс олон ангит киногоороо дамжуулан өөрийн соёлыг бусад оронд түгээх бодлогыг 1990-ээд оноос баримтлах болсон. 

Энэ талаар кино найруулагч Ж.Сэнгэдорж өөрийн бодлоо хуваалцав.

Тэрбээр “Хятад, Монголын соёлын солилцооны хүрээнд хийгдсэн ажил юм билээ. Тиймээс 100 хувь буруутгах аргагүй л дээ. Бид хоёр хөршийнхөө киног харилцан гаргалгүй яах вэ. Харин тэр улсын телевизээр монгол кинонууд гарч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гаднын олон ангит киноны тухайд тодорхой хэмжээний квот байх нь зөв. Хуульдаа энэ асуудлыг тусгахаар ярилцаж байгаа. Энэ бол Монголын телевизийн холбооны хамгийн түрүүнд шийдэх асуудал. Мэдээж аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой шүү дээ” гэсэн юм.
Хоёр орны соёлын солилцооны хүрээнд шилдэг кинонуудаа харилцан гаргахад буруу юу байх вэ.

Угаас ийм арга хэмжээ үе үе болдгийг бид мэднэ. Саяхан л гэхэд Туркийн соёлын өдрүүд Улаанбаатарт болж, бид энэ улсын урлагтай зах зухаас нь танилцах боломж бүрдсэн. Харин Сэнгэдорж найруулагчийн хэлсэнчлэн аливаа зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Тиймээс хүмүүс бүтэн таван жилийн турш үргэлжлэх соёлын бодлогод дургүйцлээ илэрхийлээд байгаа хэрэг. Мэдээний дор хүмүүсийн бичиж буй сэтгэгдэл ч үүнийг гэрчилнэ.

Даваа гарагийн телевизийн хөтөлбөрийг сонирхож үзлээ. Нийт 38 телевизийн хөтөлбөрийг шүүхэд давхардсан тоогоор олон ангит 37 кино гарч байна. Үүний 18 нь солонгос савангийн дуурь. Нийт 15 телевиз Солонгосын олон ангит кино гаргаж байгаа аж. Зарим нь нэг өдөрт хоёр өөр кино гаргах жишээтэй.

Хамгийн эмгэнэлтэй нь иймэрхүү сериал ямар ч үед маш их үзэгчтэй байдаг. Мэдээж компаниуд үзэгч ихтэй кино, нэвтрүүлгийн үеэр сурталчилгаагаа цацахыг бодно. Тиймээс бараг л телевиз бүр эдийн засгаа бодоод элдэв савангийн дуурь гаргахыг илүүд үзнэ. Үр дүнд нь бид тэр орных нь хэл, соёлд аажмаар уусч, өөрийн мэдэлгүй даган дуурайх болов. “Солонгос кино гаргахгүй бол реклам орж ирэхгүй байна.

Тиймээс хүссэн, хүсээгүй гаргахаас өөр аргагүй” хэмээн нэгэн телевизийн захирал учирлаж байсан удаатай. Уг нь Монгол Улс соёлын тухай хуультай. Хамгийн сүүлд оны өмнөхөн нэмэлт, өөрчлөлт оруулсан санагдаж байна. Соёлын тухай хуульд зааснаар арилжааны телевизүүдийн нийт агуулгын 50-иас доошгүй хувь нь хүүхдэд зориулсан нэвтрүүлэг байна. Мөн нийт агуулгын 60-аас доошгүй хувь нь үндэсний контент байх ёстой.

Ингэж тодорхой хувь зааж өгснөөр телевизүүд юу дуртайгаа гаргадаг байдал цэгцэрч, дотоод контентын чанар сайжирна гэж найдаж байв. Гэвч дээрдсэн зүйл алга. Харин ч чанартай контент худалдан авч чадахгүй жижиг телевизүүд Солонгосын хямдхан киногоор эфирийн цагаа аргацаахаас аргагүйд хүрэв. 

Хаа очиж Үндэсний олон нийтийн телевиз нь буурь зааж, солонгос сериалын давалгаанд автчилгүй яваад байсныг бид мэднэ. Хажуугаар нь хэд хэдэн олон ангит кино хийж, дотоодын контентоо дэмжсэн. “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Босго тотго” зэрэг тэдний бүтээсэн кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Зүй нь иймэрхүү дотоодын сайн контентыг төрөөс дэмжиж, нийтэд түгээх ёстой. Харин таван жил үргэлжлэх соёлын довтолгоо бидэнд огт хэрэггүй.

Зураг