Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баривчлагдаж, ял эдэлж байгаагаас бусад насанд хүрсэн бүх хүн санал өгөх эрхтэй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ хэдхэн хоногийн дараа эдлэх гэж байна. Сонгогч гэж хэнийг хэлэх вэ, та сонгогч мөн бол ямар эрх, үүрэгтэй вэ гэдгийг тодруулья.  

Монгол Улсын иргэн хэн ч байсан сонгуульд оролцон санал өгөх хүсэлтэй л бол үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй хэмээн Сонгуулийн тухай хуульд заажээ. 

Мөн сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

Иргэдийг улс төр дэх төлөөллөө сонгохоор санал авах байранд очиход хөндлөнгийн нөлөөгүйгээр төлөөллөө сонгон, саналаа нууцаар өгөх боломжоор хангасан байна. 

Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй хэмээн хуульд заасан байдаг.

Сонгогдогч гэж хэн бэ 

Харин нэр дэвшигч болоход буюу сонгогдох эрхээ эдлэхэд доорх шалгуурыг тавьдаг. 

  • Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;
  • Албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
  • Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
  • Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон;
  • Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн бол сонгогдох эрхээ эдлэхэд саад болох зүйлгүй гэж үздэг. 

Мөн 25 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан бол тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.