Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхтөр: Ирэх жил их, дээд сургуулиудын ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ "Өнөөдөр ШӨХТГ-аас ээлжит хурлаа хийж байна. Өнөөдрийн хурлаар сүүлийн өдрүүдэд хийсэн ажил болон ирэх долоо хоногт хийх ажлынхаа талаар мэдээлэх болно.

Өнгөрсөн өдрүүдэд хийсэн ажлууд:
  • Төмөр зам: Төмөр замын үйл ажиллагаанд илэрсэн хоёр зөрчилтэй холбогдуулан Төмөр зам болон ЗТЯ-наас хариу албан бичиг ирүүлсэн. Энэхүү хоёр албан бичигт, "Дээрх зөрчлүүдийг засаж, залруулах бөгөөд цаашид хамтран ажиллах болно" гэсэн байна. 
     
  • Банк даатгал, нотариат: Тус газраас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгийн даатгалтай холбогдох банк, даатгал, нотариатын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгалаа. Хяналт шалгалтад 11 арилжааны банк, 14 даатгалын компаниуд болон 8 тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан. Тус шалгалтын үед арилжааны банкнууд аливаа зээл олгохдоо өөрийн банкны харьяа даатгал, нотариатыг албан хүчээр ашиглахыг шаарддаг гэсэн зөрчил илэрсэн. Тиймээс арилжааны банкнууд, нотариатуудад "Дээрх зөрчлөө нэг сарын дотор залруулахгүй бол хариуцлага тооцно" гэсэн албан бичиг хүргүүлсэн.
     
  • Мансардын давхар төлөвлөлт: Нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжаар мансардын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд нийслэлийн төвийн 4 дүүрэгт нийт 592 өрхийн мансардтай барилга баригдаж ашиглалтад орсон боловч өнөөдрийг хүртэл 168 өрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байгааг илрүүлсэн. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор агентлагийн даргын 2016 оны А/59 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын бүртгэл, статистикийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын төлөөллийг тус тус оруулсан нийтийн зориулалттай ашиглаж байгаа орон сууцны барилгад мансардын давхар төлөвлөн барих, тухайн барилга ашиглалтад орсны дараа өмчлөх эрхийг гэрчилгээг олгогдоогүй зөрчлийг арилгахын тулд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн засаг даргад 2016 оны 1/567 дугаартай асуудал шийдвэрлэх албан бичгийг хүргүүлэн ажиллаж байна.
     
  • Эмнэлэг: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тариф, түүнийг баталсан тушаал шийдвэр хэрэглэгчдэд нээлттэй, ил тод байгаа эсэх талаар шалгасан. Гэвч эдгээр эмнэлгүүд өөрсдийн үйлчилгээ болон үйлчилгээний үнэ тарифыг ил тод болгоогүй гэсэн зөрчил гаргасан тул албан бичиг хүргүүлсэн.
     
  • Их дээд сургуулиудын сургалтын төлбөр: Өмнө нь бид их, дээд сургуулиудын удирдлагуудад "Хэрвээ ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол энэ хичээлийн жилд багтааж, албан бичгээр хариугаа хэлнэ үү" гэсэн албан бичиг хүргүүлсэн. Гэвч одоогийн байдлаар ямар ч сургуулиас хариу ирээгүй. Тиймээс ШӨХТГ-аас ирэх жил их, дээд сургуулиудын сургалтын төлбөр НЭМЭГДЭХГҮЙ гэж үзсэн бөгөөд хэрвээ намар нэмэгдэх бол зохих хэмжээний арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулж байна.
Энэ долоо хоног болон ирэх долоо хоногт хийх ажлууд:
  • Зорчигч тээвэр: 1/16 тоот удирдамжийн дагуу “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажил хийж байна. Одоогоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сард багтааж олон нийтэд хяналт шалгалтын үр дүнг мэдээлэх төлөвлөгөөтэй байна.
     
  • Сонгуулийн хууль: ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хяналт шалгалт тавих үүрэгтэй. Үүний хүрээнд энэ долоо хоногт орон нутгийн байцаагч нартай уулзаж, хяналт тавих болно. Харин Улаанбаатар хотын хувьд хэвлэл мэдээлэл хариуцан хяналт тавих баг ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд Анх 2003 онд ШӨХТГ нь 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Харин 2016 онд 36 хүний бүрэлдэхүүнтэй болсон.

Гэвч 2003 онд хоёр хуульд хяналт тавьдаг байсан бол 2016 онд долоон хуульд хяналт тавьж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймд цаашид бид өөрсдөө ШӨХТГ-ынхаа явц байдал, ажилд ч гэсэн анхаарч эхлэх болно" гэв. 

Төмөр зам болон ЗТЯ-наас ирүүлсэн албан бичиг: