Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргэн тархаж буй зоонозын түрэмгийлэл

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 12
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Тооцоолж, баримжаалаагүй элдвийн халдварт өвчин хүн төрөлхтөнд аюул заналхийлэх болов. Мартагдаж булшлагдсан хийгээд урьд хожид дуулдаж байгаагүй халдварт өвчнүүд шинэ зууны архивын түүхэнд бичигдэж эхэллээ.

1970-аад оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхий дахинд 300 гаруй байгалийн голомтот, шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний дэгдэлт бүртгэгджээ. 

Эбола, ДОХ, коронавирус, амьтан ургамлаас гаралтай чичрэг өвчин, хумхаа, баруун нилийн халуурал, шувууны томуу, тарваган тахал гээд олон төрлийн халдварт өвчний жагсаалт хөвөрнө. Эбола, ДОХ-ын тархалт хуучирсан мэдээ мэт боловч хүрээгээ чимээгүйхэн тэлсээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирус, Зикад нэлээд анхаарал хандуулан ажиглаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд л коронавирусийн халдвар Хонг Конгод бүртгэгджээ. 

Хүссэн улсдаа зорчиж болдог өнөө цагт холын Африк тивийн халдварт өвчин хил дамнан тээгдэж байна. Энэ бүхэн манай улсад хил гаалийн тоног төхөөрөмжөө сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн сурталчилгааг даруй эхлүүлэхийг сануулсан дохио юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд байгалийн голомтот хийгээд амьтнаас дамжин тархдаг халдвар улам нэмэгдэж байна.

МЭДРЭЛИЙН СААЖИЛТ ҮҮСГЭГЧ ВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ГАРААГҮЙ

Манай улсад сүүлийн үед мал, амьтнаас халдварлах өвчин бүртгэгдсээр. 2016 он гарсаар гурван төрлийн вирус идэвхжил өндөртэй байгаа талаар Зоонозын өвчин судлалын төвийн судлаачид хэллээ. Хачигт халдвар, галзуу, боомын голомт идэвхтэй байгаа аж.

Хаврын улиралд хачигт халдвар бүр ч их идэвхждэг тул онцгой хяналт тавьдаг тухайгаа ч дуулгав. Энэхүү халдварын талаар 1972 оноос эхлэн судалжээ.

Нийт 80 төрлийн хачиг 68 төрлийн вирус тээдэг болохыг бүртгэсэн бөгөөд судалгааны дүнд 20 гаруй нь хүн, мал амьтанд өвчин үүсгэх чадвартай болохыг тогтоожээ.

Хачигт халдвар, галзуу, боомын голомт идэвхтэй байгаа аж.

Ази, Европын оронд халдварт өвчин агуулагч, дамжуулагч цус сорогч үе хөлтөн, хачиг болон түүнээс үүсдэг өвчний талаар олон төрлийн судалгаа хийж байна. Үүний дүнд олон төрлийн вирусийг илрүүлэх эмчилгээний аргыг олох боломж бүрдэнэ гэж эрдэмтэд үзжээ.

Америк, Европ, Ази, Африк, Австрали зэрэг таван тивийн ойн бүс нутаг тэр дундаас АНУ, Мексик, Бразил, Англи, Франц, ОХУ, Монгол, Хятад, Япон зэрэг 120 оронд хачигт боррелиоз бүртгэгдээд байна.

ОХУ-д гэхэд сүүлийн 25 жилд хачигт халдвар өвчний тохиолдол тасралтгүй өссөөр байгаа аж. Энэхүү байгалийн голомтот гоц халдварт өвчний тархалт манай орны төдийгүй олон улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болжээ.

Дэлхий дээр 30,000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай орны тайган бүслүүрт Ixodes persucaltus, өндөр уулын бүслүүрт Der. silvaris зүйлийн хачиг зонхилон тархсан аж.

Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Төв, Булган аймаг хамгийн их тархалттай бүсэд багтдаг юм байна. Үнэндээ орчин үеийн шинжлэх ухаан вирусийн өмнө хүч мөхөсдсөн хэвээр.

Вирусээр үүсгэгдэж, хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг хачигт халдварыг гэхэд л өнөө хэр бүрэн судалж амжаагүй байна. Хачигт боррелиоз, хачигт риккетсиозоос сэргийлэх дархлаажуулалт өнөө хэр алга.

Тус халдварыг дэлхийн олон улс хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг хэмээн үзээд байгаа. Өвчний байдал эхэн үедээ хөнгөн байх боловч олон жилийн дараа төв мэдрэлийг гэмтээж, саажилт үүсгэдэг гэнэ. Харин энэ халдварын тархалтын оргил үе нь тавдугаар cap байдаг.

БАРУУН НИЛИЙН ХАЛУУРЛЫН ГОЛОМТ МОНГОЛД Ч БИЙ

Адуу, шувуу болон шумуулаар дамжин халдварладаг бас нэгэн гоц халдварт өвчин бол Баруун Нилийн халуурал. Анх 1937 онд Угандад өвчтэй хүний цуснаас энэхүү вирус илэрчээ. Өрнөд Нилийн вирус нь Африк, Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод, Энэтхэгт хаа сайгүй тархжээ.

Канад, Чех, Египет, Франц, Энэтхэг, Израйль, Румын, АНУ-д халдварын дэгдэлтүүд гарч байсан. Баруун Нилийн вирус нь адуу болон шувуу, шумуулнаас халдварлах магадлалтай.

Адуу, шувуу болон шумуулаар дамжин халдварладаг бас нэгэн гоц халдварт өвчин бол Баруун Нилийн халуурал. 

Гэтэл хар тивийн халдварт өвчин Монголд аль хэдийнэ илэрчихээд байна.

Тодруулбал, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн зарим сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас Баруун Нилийн чичрэг өвчний вирус илэрч, байгалийн голомттойг нь тогтоожээ.

Тэрчлэн уг вирус хүнд халдварласан тохиолдолд 38-40 хэм хүртэл халуурч, чичрүүдэс хүрнэ. Халуурлын үе нь 14 хоног хүртэл үргэлжилнэ. Тунгалгийн булчирхайн томролт, толбот гүвдрүүт тууралт гарна.

Хордлогын шинж тэмдэг маш хүчтэй, толгой эргэх, ихэвчлэн дух, нүд орчмын болон бүх биеийн булчин өвдөнө. Хордлоготой холбоотойгоор нойрмоглох, хоолонд дургүй болох, олон удаа бөөлжих, зүрхээр өвдөх шинж илэрдэг аж.

Манай эрдэмтэд Баруун Нилийн халдварын вирусийн байгаль дахь голомтыг илрүүлэх, хүнд халдварласан, эсэхийг тогтоохоор судалгаа хийжээ. Зургаан удаагийн тандалт судалгааны явцад 10 аймгийн 17 сумын нутгаас нийт 97 дээж авч шинжилсэн байна. Ингэхэд зургаан хүний шинжилгээнээс уг вирусийн халдвар илрэв.

Мөн Ховд аймгийн Буянт сумын Хар Ус нуур орчмын 44 шувуунд шинжилгээ хийхэд долоод нь вирус эерэг гарав. Иймд манай улсын хэд хэдэн газар голомт үүссэн гэж үзээд байна.

Сүүлийн гурван жил энэхүү вирусийн халдвар илрээгүй байгаа аж. Гэхдээ баруун Нилийн халуурал дахин сэргэх магадлалтай гэсэн ангилалд багтаж буй.

ДИНОЗАВРЫН ВИРУС Ч СЭРГЭЖ МАГАДГҮЙ

Уул уурхайн нөлөөгөөр эрт галавын үед амьдарч байсан динозаврын вирус ч сэргэн тархах магадлалтай гэж эрдэмтэн судлаачид анхааруулав.

Учир нь ямар нэг өвчний вирус, нян газрын хөрсөнд хэдэн зуун жилийн турш амьдрах чадвартай байдаг аж. Иймээс газар их ухаж сэндийчвэл эртний амьтдын өвчний вирус сэргэж магадгүй гэсэн болгоомжлол байна.

Хүн төрөлхтөн тэжээвэр амьтадтай ойр байсан цагт элдэв халдварт өвчинд өртөхгүй байх боломжгүй юм. 

Эрт үед тархаж байсан вирус орчин цагт дахин сэргэвэл судалгаа, шинжилгээнээс эхлээд их ажил удна гэдгийг ч хэлж байв. Хүн төрөлхтөн тэжээвэр амьтадтай ойр байсан цагт элдэв халдварт өвчинд өртөхгүй байх боломжгүй юм. Адаглаад л галзуугийн вирусээр өвчлөх эрсдэл тун өндөр байна.

Сүүлийн жилүүдэд байнга л галзуугийн халдвар бүртгэгдэж буй талаар Зоонозын өвчин судлалын төвийнхөн ярьж байлаа. Түүнчлэн манай орны ихэнх нутгаар галзуугийн вирус тархсан. Зэрлэг амьтад болон малын галзуугийн өвчлөл өсөх хандлагатайг малын эмч нар анхааруулсан юм.

Дэлхий дахинд одоогоор амьтны популяцид галзуу байхгүй нутаг оронд Австралийн ихэнх нутаг, номхон далайн баруун эрэг, баруун Европын ихэнх орон, Карибыг оролцуулан Латин Америкийн хэсэг багтаж байна. Дээрхээс бусад улс галзуугийн вирусийн голомттой бүсэд ордог аж.

Галзуугийн вирус тээгч нь чоно, нохой, муур цөөн тохиолдолд үхэр, адуу, гахай, хонь юм. Уг өвчний нууц үе нь 12-90 хоног үргэлжилдэг учраас оношлоход нэлээд түвэгтэй байдаг. Заримдаа нууц үе нь нэг жил үргэлжлэх ч тохиолдол бий.

Өвчилсөн мал, амьтны шүлсээр дамжин халдварладаг учраас тархвар судлал болон асуумжаар онош тогтоохоос аргагүйд хүрдэг байна. Сүүлийн үед хүзүүний арьснаас дээж авч вирус илрүүлж, оношийг хэдэн цагийн дотор тавих бололцоотой болсон. Гэвч хурдан хугацаанд оношлох нь учир дутагдалтай гэж үздэг. Галзуугаас гадна шувууны томуугийн голомт ч хэд хэдэн бүс нутагт илэрчээ.

Ялангуяа нуур цөөрөм олонтой газар голомт үүсч байгаа талаар судлаачид дурдаж байв. Олзуурхууштай нь, хоёр жилд шувууны томуугийн халдвар намжмал байдалтай байгаа аж. Гэвч дэлхийн олон оронд мутацилагдан тархаж буй тул дахин идэвхжих магадлалтай гэдгийг судлаачид онцлов. Ийн дэлхий дахинд тархаж буй вирусүүдийн халдварт Монгол Улс ч бас өртөж эхэлсэн нь зүгээр сонсоод өнгөрөх мэдээ лав биш юм.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.