Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Том нээлт хийх мөрөөдөл: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Н.Батжаргал
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг gijn.org сайтаас

Профессор Михайл Халлерын “Мэдээллийг нягтлахуй” хэмээх сэтгүүл зүйн стандарт сурах бичигт өгүүлснээр: 1970 –аад оны эхэн үеийн “Уотергейтийн”-ын гэгдэх дуулианаас хойш зарим сэтгүүлч, сурвалжлагч нар нэг л өдөр олны анхаарлыг гойд татсан, чухамдаа нэг “тултал нь хийсэн” эрэн сурвалжлах нийтлэл бичиж алдар цуугаа мандуулахыг хүсдэг болжээ. Тийм сэтгүүлчдийн ихэнх нь өнөөдөр ийм аз завшаанаа хүлээсээр суугаа аж. 

Харин Монгол Улсад байдал яг ямар байгаа юм? Тэдний адил хүлээсээр суугаа юмуу, эсвэл ийм мөрөөдөлтэй сэтгүүлч байхгүй юмуу, байж магадгүй л юм. Монголын “Панама пеперс” хэзээ илэрч, бичигдэх юм бол? Түүнийг илрүүлж бичих сэтгүүлчид хаана явна, ер нь байна уу үгүй юу? Бид ер нь сэтгүүл зүй гэж яг ямар үүрэгтэй салбар болохыг дахин дахин эргэж хармаар байгаа юм. Сонгууль ч ойртож байна ...

Удахгүй дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Энэ өдрийг манай улсад баяр хэмээн “зориуд эндүүрч” тэмдэглэдэг бөгөөд, баахан шилдгүүд шалгарч, энд тэндхийн хамгийн том ресторануудад хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүст зориулсан хүлээн авалтууд зохион байгуулагдаж, фээсбүүкэд байдаг сэтгүүлчдийн таймлайн дээр гоёлын хувцастай согтуу халамцуу голдуу зураг хөвөрч, сэтгүүл зүйн салбарт үхэн хатан зүтгэж яваагаа гайхацгаах цаг дөхөж байна.

Гэрэл зургийг gijn.org сайтаас

Манай нийгэмд баярын өдөр цөөдөөгүй. Гэвч Үндсэн хуулийн эрх чөлөөгөө эдэлж яваа тэднийг шүүмжлэхээсээ өмнө өөрсдийнх нь ажиллаж байгаа салбар ямархуу дүр төрхтэй болчихсоныг цөөн үгээр тоймловол:

  • Төсөв мөнгөний зарцуулалтыг нь ухаж төнхөн, нүүрийг нь улалзуулж байх ёстой улс төрчийнхөө урилгаар 1,000 сэтгүүлч нэг дор цуглан, учир тоймгүй их ажил хийснийг нь шагшин гайхдаг болов. Би хийе гэж гуйсаар байгаад, би хийнэ гэж амласаар байгаад хийж байгаа хүний ажлыг хэрхэн сайн болсныг нь гайхан шагших дэндүү илүү юм.Харин тэр ажлаа хийнгээ хажуугаар нь бас ямар ямар хийх ёсгүй ажил хийснийг нь ухаж төнхөх нь зүйд илүүтэй нийцнэ.
     
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ёстой дэд бүтцийн томоохон төслүүд хийгдээгүй, бүр эхлээгүйгээр барахгүй хөрөнгө оруулалт нь хаачсан нь мэдэгдэхээ больчихоод байхад түүнийг хариуцаж байсан улс төрчийг өмөөрч, олон нийтийн төлөөллийг хууль хяналтын байгууллагынхан руу турхирч эхлэв. Сэтгүүл зүй дотор өөрсдийнх нь хянах ёстой улс төрчид орж “ирчихээд” нөлөөлөө төдийгүй бүр хяналтаа тогтоочихоод байхад ахуй ярьсаар, редакцынхаа хүлээснээс гарч чадахгүй л явна. 
     
  • Улаан бурхан өвчнөөр тоймгүй олон хүүхэд амь насаа алдаж байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид зохион байгуулалттайгаар хөдлөхгүй, бичихгүй атлаа Ерөнхийлөгчийн нуруу чилээрхсэн төдийд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж гарын үсэг зурдаг болов. Нэг хүн үхвэл бөөн уй гашуу, сая хүн үхвэл статистикийн тоо баримт гэх хэллэг манай нийгэмд арай л биеллээ олох нь халаг байна.

Олон нийтийн шүүмжлэл, улс төрчдийн пиар хоёр ихсээд ирвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хийх ажил овоорч байдаг нь зүй ёсны зүйл.

“Сэтгүүлчид улс төрчид, эдийн засгийн хүчирхэг улсуудтай найзлах хэрэггүй, нялууран үнсэлцсэний дараа ямар ч ул мөрийг өөрийн хацар дээр үлдээж болохгүй, харин цохиулсны ул мөр болох хөхрөлт няцралтыг байнга санаж явах хэрэгтэй” гэж мэдээллийг нягталж шалгагч, сэтгүүлч Ханс Лайендекер бичсэн байдаг.

Өөрсдийнх нь сурч мэдсэнээр олон нийтийн хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой сэтгүүл зүй маань яг хэний, аль намын хоточ нохой болж хувирсныг дахин дахин нягталж шалгамаар болжээ. 

Сэтгүүлч хүний гол зэвсэг үзэг хэдий ч энэ нь өнөөгийн хэмжүүрээр харьцангуй ойлголт юм. Үнэтэй үзэг барьснаар “сайн бичихгүй” билээ. Харин мэдээлэл технологийн өндөр хөгжил тэдний гарт интернэт гэх гайхамшгийн үүдийг нээж өгсөн.

Гэвч тэд “маань” технологийн ололтоор үнэгүй хөвөрч байгаа хэнд ч хэрэггүй мэдээ, мэдээллийг түрээснээс эхлээд, нийгмийн даатгалын шимтгэл, цалин хөлс төлж ажиллуулж байгаа асар үнэтэй сувгаараа “үнэтэй”дамжуулаад унав.

Сэтгүүлч хүний гол зэвсэг үзэг хэдий ч энэ нь өнөөгийн хэмжүүрээр харьцангуй ойлголт юм. 

Эфирын цаг, сонины зай талбайн хэмжээ ямар үнэтэй болсныг бизнесийнхнээс эхлээд тэтгэврийнхэн хүртэл мэдэх болсон билээ.

Гэтэл тэд “маань” өөрсдийн итгэл үнэмшил болох “үнэний дуу хоолой болно” гэх уран зохиолын шахуу уриандаа зөвхөн итгээд зогсохгүй тэрхүү “үнэн”-ээ өөрсдөө бүтээж эхлэв. Уг нь сэтгүүл зүйн үнэн нь “женко Баттулга бол эх оронч хүн мөн” гэх, эсвэл “Элбэгдорж бол хужаа мөн” гэх солиорлоос тэс ондоо зүйл билээ. 

Мэргэжлээрээ ажиллаж байгаа 10 сэтгүүлчийн бараг тал нь “ажилтайгаа хольж” яруу найраг оролддог нь нууц биш. Тийм учраас сэтгүүл зүйг урлаг гэж, сэтгүүл зүйн бүтээлийг уран бүтээл гэх нялуурал руу хөтлөөд байгаа юм.

Сэтгүүлчид болж өнгөрсөн бодит үйл явдлыг, эрж сурвалжлан, ухаж төнхөн гаргаж ирэх болохоос яруу найрагчид шиг санаанаасаа дүрслэн зохиож, уран яруугаар илэрхийлж болохгүй юм. 

Сэтгүүлч, яруу найрагч Монгол телевизийн Ш.Гүрбазар гэж байж болохоос сэтгүүлч, яруу найрагч www.сайт.mn-ий сэтгүүлч гэж байж болохгүй цаг үе нэгэнт ирсэн билээ. Ахмад үеийнхнээс авахыг нь авч хаяхыг нь хаяж явж болдоггүй салбар бол сэтгүүл зүй. Учир нь сэтгүүл зүй нь түүх уламжлалаас илүүтэйгээр орчин цагийн хууль болон технологийн хөгжил хоёрт хөтлөгдөж явдаг салбар. 

Түүнээс гадна сэтгүүлчид бол хүний эрхийн төлөө тэмцэгчид биш. Нийгэмд дэгдэж буй дуулиан шуугианд өөрсдөө хүртэл автчихаад зөв буруу хэмээн дүгнэж суух үүрэг сэтгүүлчдэд байхгүй. Ингэж шүүгчийн үүрэг гүйцэтгэснээсээ болоод сэтгүүлчид өөрсдөө ч мэдэлгүй хохирогчдын талд зогсч, хүний эрхийн төлөө тэмцэгч болж хувирчихаад байна.

Цалин авч гэрээ байгуулсан байгууллага нь “хүний эрхийн төлөө мэдээ, мэдээлэл бичнэ” гэж хөдөлмөрийн гэрээндээ тусгасан бол өөр хэрэг. Харин сэтгүүлчдэд ийм үүрэг байхгүй, тэмцэх ч ёсгүй билээ.

Харин хүний эрхийн төлөө тэмцэх ёстой хууль хяналтын байгууллагынхныг ажлаа хууль ёсны дагуу хийгээгүйг илчлэх, чадахгүй бол огцрох, дээд шатны байгууллага нь хариуцлага тооцох, хэрэв хүний эрхийг зөрчсөн бол шорон оронд хийлгэх ажлыг л сэтгүүлчид хийх ёстой юм. Тэгж байж сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн үр дүнд хүний эрх хамгаалагдаж явах ёстой. Хаа ч тийм л байдаг. 

Мэргэжлийн биш, уянгын халилтай, дэндүү гоёчилсон, ажил хэрэгч биш сэтгүүл зүйн үр дүнд сонгогчиддоо өсөрхсөн улс төрч, уншигчиддаа гоморхсон сэтгүүл зүй, эх адаггүй бухимдлаар дүүрэн нийгэм бий болчихоод байна. Манай өнөөгийн нийгэмд сэтгүүлчдийн өмнө, сэтгүүл зүйн өмнө улс төрчдийг хянах, илрүүлэх ганцхан л хариуцлагатай үүрэг “хүлээгдээд” байна.

Тэр үүргийг мэргэжлийн түвшинд л хийж байж үр дүн гарна. Эс тэгвэл Профессор Халлерын “Үнэн гэдэг шиг эвгүй зүйл үгүй билээ” гэх үгийг түүхээс уншдаг болох цаг удахгүй ирэх нь.

Үнэн байхгүй, үнэнийг ойлгоогүй, үнэнийг олдоггүй нийгэмд баялаг бүтдэггүй, хариуцлага байхгүй, эрх байхгүй, үүрэг нь өр болж хувирчихаад байна. “Алъя даа” гэсэн ганц нийтлэл бичих болоогүй юмуу, сэтгүүлчид ээ.

Өгүүллийг Н.Батжаргал

TW: @batjargaln