Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОЛОН НИЙТИЙГ БҮТЭЭХҮЙ

ikon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ган үзэгтэн, хоточ банхар, үнэний дуу хоолой, оны шилдэг, соёлын гавьяат сэтгүүлч гэх мэт интернэт, дата технологи, стартап, краудфандинг, сошиал медиа, интерпренэр зэрэг хөгжлийг хөтөлж яваа ойлголт, ухагдахуунуудтай огт авцалдаж өгөхгүй үгсээр манай сэтгүүл зүйг тодорхойлмооргүй байгаа юм, уг нь бол.

Гэхдээ ийм сэтгүүл зүйтэй байгаа нь яах аргагүй бодит байдал. Харин яагаад сэтгүүл зүй гэж? Яагаад медиа биш гэж? Яагаад эдийн засаг биш, яагаад улс төр биш, яагаад сэтгүүл зүй гэж, яагаад? Яагаад урлаг, яагаад спорт биш гэж, яагаад технологи биш гэж? 

Түүхээс нь “гүүгэлдвэл” сэтгүүлчдийг болон сэтгүүл зүйг шүүмжлэх үзэгдэл бүхий л цаг үед байсан аж. Ялангуяа өнөөгийн сэтгүүл зүй өндөр хөгжсөн орнуудад энэ үзэгдэл тухайн орны сэтгүүл зүйг судлах нэг өнцөг болдог.

Тэдгээр орнуудын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагатай болсон түүх, түүнийг байгуулах гэсэн оролдлогууд нь  сэтгүүлч мэргэжлийн тодорхойлолтыг хэчнээн удаа эргэж харж, сэтгүүлчийн болон сэтгүүл зүйн хараат бус байдлыг хэчнээн удаа шинэчлэн томьёолсныг тоолж үзэж болно. 

Баруун Европ болон Англи Америкийн сэтгүүл зүйн практикт сэтгүүлчид худалдагдсан гэх шүүмжлэлээс илүү эрх мэдэлтнүүд сэтгүүлчдэд нөлөөлөхийг оролдсон оролдлого илүү олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгардаг байна.

Худалдагдсан сэтгүүлчийн гараас гарч буй мэдээ, мэдээллүүд нь үнэнийг гуйвуулан дамжуулахад чиглэсэн нэг хүний үйлдэл бөгөөд хүний эрхийн болон хуулийн тодорхой шатны хязгаарлалттай нүүр тулдаг бол сэтгүүлчдийг тийм үйлдэл хийхэд түлхсэн, уриалсан, нөлөөлсөн улс төрчдийн үйлдэл нь олон нийтийн мэдэх эрхэнд халдсан ноцтой үйлдэлд тооцогддог.

Энэ нь сэтгүүлч болон сэтгүүл зүйд итгэх итгэлээс гадна, тухайн нийгэмд сэтгүүл зүйн өөрийнх нь бүтээж бий болгосон “олон нийт” гэх эрүүл сэтгэлгээтэй, зүй ёсны болон шударга ёсны эрх ашгаа сайтар ухамсарласан, түүнийхээ төлөө хүчтэй тэмцдэг, сайтар бүтээгдсэн ган лугаа адил хүн амын тодорхой нийтлэгийн эрх ашгийг хамгаалах тухай үзэл санаа юм.

Асуудалд нухацтай ханддаг, дуулиан шуугианд автдаггүй, амьдралын тодорхой үзэл баримтлалтай, эдийн засгийн үүднээсээ дундаж давхаргад хамаарах, улс төрийн утгаар нь харвал сонгуульд тогтмол оролцдог, тогтвортой хатуу сонгогчдын төлөөлөл энэхүү нийтлэгийг бүрдүүлдэг.

Энэхүү нийтлэгийг бүтээж чадсан сэтгүүл зүй нь хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн, түүхэн болон хөгжлийн тодорхой үеүдэд судлагдахуйц, мэргэжлийн ёс зүй болон мэргэжлийн ур чадварт суурилсан байдаг. Ийм сэтгүүлч манайд байна уу гэж асуумааргүй байна, бүхэл бүтэн салбарт байлгүй яахав, бүхэлд нь харвал манайд ийм сэтгүүл зүй байна уу, байгаа бол хүн амын тодорхой нийтлэг болсон тэр “олон нийт”-ээ бүтээж чадаж байна уу?

Зарим хүн “Манайд олон нийтийг бүтээдэг сэтгүүл зүй байна уу” гэх асуултад “Манайд ер нь сэтгүүл зүй байна уу” хэмээн асуултаар хариулж магадгүй. Сэтгүүл зүйгээс ихийг хүлээж буй хүний бухимдал тээсэн асуулт яалтгүй мөн. Тийм учраас тавьсан асуултдаа хариулахаас өмнө манайд сэтгүүл зүйг судалдаг судлаачид байдаг уу гэдгийг хөндмөөр байна.

Манайд улс төр судлаачид бий. Улс төрд болж байгаа үзэгдэл, үйл явцыг онолын болон түүхэн, бодит амьдрал талаас нь судалж харьцуулж, шийдвэр гаргагчдад тодорхой хэмжээнд чиг баримжаа өгч, зарим үед бодлогын түвшинд нөлөөлж байдаг академикууд бий.

Эдийн засаг, хуулийн салбарын судлаачид бий. Эдийн засгийн хэлэлцүүлгүүд, салбарын тулгамдаж буй асуудлаар дагнан бичдэг судлаачид, хуулийн төслийн хэлэлцүүлгүүдэд байнга оролцдог мэргэшсэн судлаачид бий. Харин сэтгүүл зүйн салбарын судлаачид, судалгаа хийдэг мэргэшсэн институтүүд байдаг уу? Шулуухан хэлэхэд ганц нэг төрийн бус байгууллага болон хувь хүмүүсийг эс тооцвол алга. Их сургуулиуд болон “тэдгээр ганц нэг төрийн бус байгууллага, хувь хүмүүс” энэ дүгнэлттэй санал нийлэхгүйг мэдэж байна.

Энэ салбарт бодлогын судалгаа алга, харин “бага сага” статистик бол байна. Товчхондоо энэ салбарын мэдээллийн нэгдсэн сан байхгүй, нэгдсэн эрх ашиг бүрэн гүйцэд томьёологдоогүй байна. Энэ салбарынхан улс төр судлаачид шиг улс төрийн намын болон сонгуулийн зэрэг хуулийн төсөл дээр бодлогын судалгааны санал хүргүүлж буйтай адил салбарын эрх ашиг, тоглоомын дүрмийн төлөө “бодитой дуугарч” өгөхгүй байна.

Сэтгүүлч гэх мэргэжлийн профайлыг хүртэл эргэж харахад хүргэж байна. 

Социализмийн үеэс өвлөгдөж ирсэн сэтгүүл зүйн жаахан туршлага нь өнөөгийн ардчилсан нийгмийн үнэлэмж, үнэт зүйлсэд уусан шингэж, хувиран өөрчлөгдөж чадахгүй ядаж байтал технологийн дэвшил сэтгүүл зүйн чиг хөгжил, хандлага, нэгэнт тогтсон мэргэжлийн стандарт зэргийг үндсээр нь өөрчилж орхисон.

Сэтгүүлч гэх мэргэжлийн профайлыг хүртэл эргэж харахад хүргэж байна. Энэ нь магтан дуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан соц нийгмийн үеийн үзэл суртлын сэтгүүл зүйг интернэт гэх хүн төрөлхтний мэдээллийн сангийн том далай луу түлхээд оруулчихсантай адил хэрэг. Ийм учраас интернэтийн орчинд ч толгой холбосон, магтан дуулаачийн дүрээсээ салаагүй сэтгүүл зүйн ул мөр хэвээрээ. Ийм сэтгүүлчдээс мэргэжлийн стандарт, мэргэжлийн ёс зүй, олон нийтийг бүтээх мэргэжлийн зорилгыг хүлээх боломж ойрын ирээдүйд харагдахгүй байна. 

Хэрэв сэтгүүл зүй судлал технологийн хөгжилтэй мөр зэрэгцэж явбал олон нийтэд тустай дараах үр дагаврууд гарах юм. Үүнд, сэтгүүл зүйн талаарх олон нийтийн ойлголт тэлнэ. Интернэт хөгжлийн нөлөөгөөр сэтгүүл зүйн олон чиг үүрэг өөрчлөгдсөн, зарим нь бүр ач холбогдолгүй болсон. Зарим үүрэг нь медиа руу бүрэн шилжсэн.

Тухайлбал, сэтгүүл зүйн мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх зэрэг чиг үүрэг асар хурдан медиа болон сошиал медиад байр сууриа алдсан юм. Сэтгүүл зүй болон албан ёсны боловсролын институт тэр бүр бүтээж чаддаггүй хүмүүжлийн болон соён гэгээрлийн үр нөлөөг бий болгох үүргийг уран зохиол, кино урлаг нь технологийн тусламжтайгаар төвөггүй гүйцэтгэж байна. Олон нийт дуртай кино, дуртай номоороо дамжуулан ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ирдэггүй” зүйлсийг олж авч байна. Мөн тэрхүү дуртай кино болон дуртай номоо хэвлэмэл, сонсдог, үздэг, онлайн, товчилсон, зурган гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр хүлээн авч чадаж байна.  

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээс илүү олны танилууд, урлаг спортын алдартнууд, энтертайнмент чиглэлийн төслүүд өөрийн гэсэн шүтэн бишрэгч, олон нийт, зах зээлтэй болж байна.

Хамгийн тод жишээ нь, өнгөрсөн жил Монголын телевизэд нэвтэрсэн “Авьяаслаг Монголчууд” хэмээх төсөл. 10 хүрэхгүй жилийн хугацаанд дэлхийн 60 орчим оронд салбарлан түгсэн уг төсөл нь зөвхөн авьяастнуудыг илрүүлэх төдий биш, хүмүүст урам зориг, өөртөө итгэх итгэл өгөх, урлагт байдаг шударга ёсыг урлагийн тайзан дээрх өршөөлгүй хатуу хуультай хослуулан үзүүлэх замаар хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйгээс илүү олон нийтэд хүрч чадаж байна.

Хэрэв сэтгүүл зүй судлал технологийн хөгжилтэй мөр зэрэгцэж явбал Монголын олон нийт өнөөгийн сэтгүүл зүй болон медиад тулгамдаад байгаа асуудлуудын талаар цэгцтэй ойлголттой болно. Олон нийт мэргэжлийн сэтгүүл зүй ба сэтгүүл зүй дэх бизнесийн ялгааг олж харах болно.

Сэтгүүл зүй дэх бизнесийг яаж хийдэг, сонгуулиас хэрхэн ашиг олдог, улс төрийн сонирхлыг хэрхэн далд хэлбэрээр илэрхийлдэг, сэтгүүлчийн бичсэн мэдээллийг редакциуд “хэрхэн” цензур тавилгүй нийтэлдгийг мэдэх болно. Мөн түүнчлэн ардчилсан сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, хүний эрхийг дээдэлсэн сэтгүүл зүй гэх мэт марзан нэр томьёоны далд учрыг ойлгож сэтгүүл зүйд мэргэжлийн ба мэргэжлийн бус хоёр хандлага л байдгийг мэдэж авах юм. 

Үргэлжлэл бий ...

Өгүүллийг Н.Батжаргал

TW: @batjargaln