Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгод болох хүнсний үзэсгэлэнд Монголын бүтээгдэхүүнүүдийг сурталчилах боломжийг олгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонг Конгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.

 

Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм.

Тус байгууллага нь Хонг Конгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонг Конгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонг Конгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Хонг Конг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчилах ажиллагааг Хонг Конгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс  2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.

 

Хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урилаа.

Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчилах ажиллагааг Хонг Конгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо. 

Уулзалтын үеэр ирэх найман сард зохион байгуулагдах хүнсний олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компани, үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчилах боломжийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэ арга хэмжээнд оролцсоноор  дэлхийн  100 гаруй орны худалдан авагч, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа сурталчилах, бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэх юм.

Худалдаа хөгжлийн зөвлөл нь Хонг Конгийг олон улсын бизнес, худалдааны төв болгох үндсэн үүргийг гүйцэтгэдэг томоохон байгууллагын нэг. Жилд 120 гаруй олон улсын байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 онд Хонг Конгт айлчлах үеэр Хонг Конгийн тэргүүний 250 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзалтын зохион байгуулж, манай орны хөрөнгө оруулалтын орчныг сурталчилж байжээ.

Худалдаа хөгжлийн зөвлөл нь гадаадад 40 гаруй төлөөлөгчийн газартай бөгөөд 11 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг. Маргарэт Фонг 2010 онд тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар анх ажилд орж, Хонг Конгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнчлэн тус зөвлөлийн салбар төлөөлөгчийн газрыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хариуцаж байжээ. Тэрээр 2014 оноос Хонг Конгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирал бөгөөд байгууллагынхаа олон улсын багийг удирдан Хонг Конгийн компаниудын гадаад худалдааг дэмжих, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтын дараа CNN Ази телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.