Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсчдийг яах вэ?

ikon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN

"Монгол толгой" нэвтрүүлгээр бичил уурхай, гар аргаар ашигт малтмал олборлогчдын тухай ярилцлаа.

Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Дашхүү нар дүүргийнхээ тусгай хэрэгцээний газарт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлож байна. Тэд том талбайд нүүрс зөвшөөрөлгүй олборлосноор бусад иргэд нь шахагдан айлуудын амьдарч байгаа газар руу хажуу хэсгээс нь нүүрсээ ухдаг байна. Ингэснээр айлуудын гэр доорх нь хөндийрч, доош цөмөрч орох аюул нүүрлэжээ. Шөнө унтаж байхад нь газар доор юм нүдэх чимээ айлын эздэд сонсогддог гэнэ.

Ийнхүү бичил уурхай эрхлэгч болон оршин суугчдын дунд маргаан байнга үүсдэг ч дүүргийн удирдлагууд ямар ч арга хэмжээ авалгүй иргэдээ эрсдэлтэй байдалд нь орхижээ.

Налайх дүүргээр жишээ авч цаашдаа бичил уурхайг хэрхэн хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар “Монгол толгой” нэвтрүүлгийн оролцогч С.Амарсайхан, Б.Түвшин, байгал орчны нөхөн сэргээлт, хамгааллын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа нар оролцлоо. 

 

НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан:

2007 оноос хойш Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлодог 110 хүн амь насаа алдлаа.

Авто машинд дайруулж хүн нас барлаа, аллага боллоо гэхэд иргэд сэрдхийдэг хэрнээ энэ асуудал дээр тоодоггүй. Гэтэл чимээгүй үхэл энд л болоод байна. Иргэд аж ахуйн нэгжүүд хамтраад нөхөрлөл байгуулж, нүүрс олборлоод амьдрахаар зүтгээд байна. Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд авдаг ч дорвитой үр дүн гарсангүй.

Учир нь Налайх дүүргийн удирдлагууд иргэдээ дэмжсэн нэгдсэн сургалт, түүнд зарцуулагдах төсөв, эрх зүйн орчинг бүрдүүлэх дээр огт арга хэмжээ авахгүй байсаар иргэдээ ямар нөхөлд хүргэснийг доорх ярилцлагуудаас харна уу. 

Налайх дүүргийн иргэн:

Есдүгээр сарын дундуур гэнэт л гэрийн үүднээс эхлээд газар цуураад зарим хэсэгтээ 10 см-ийн өргөнтэй хагарсан.

Дүүрэг рүү дуудлага өгсөн ч газрын хагаралтай байна гэчихээд л яваад өгсөн. Арга хэмжээ авахгүй болохоор нь 12-р сард дахин очиж хэлэхэд ирж зураг авчихаад явсан. Гэтэл арав гаруй хоногийн өмнөөс гэнэт дахиад олон цууралт үүссэн.

Гэрээ араас нь харахаар баруун тал руугаа хазайчихсан нь мэдэгдсэн. Газар нь хагарахаар нэг талын хөрс нь тэр чигтээ доош суудаг болтой. 

Гар аргаар нүүрс олборлогч иргэн:

Хөдөлмөр эрхлэж байгаа биднийг дэмждэг нэг ч газар байхгүй.  

Дандаа хар талаас нь ойлгуулчихсан. Налайхын бичил уурхай эрхлэгчдийн хүчинд Улаанбаатар хотын хэдэн иргэн дулаан өвөлжиж байгаа талаар ярьдаг хүн байхгүй. Нэг аваар боллоо хар талаас нь, болохгүй хэрэг гарвал бас хар талаас нь. Бичил уурхайчдын хүчээр Налайхын хичнээн өрх орлоготой болж байна?

Дүүргийн удирдлагуудын бий болгож чадаагүй ажлын байрыг бичил уурхай эрхлэгчид нөхдөг.

Нүүрс шуудайлдаг иргэн:

Өдөрт 5-6 шуудай нүүрс л цуглуулж амжина. Түүнийхээ талыг нь талбайн эздэд (Налайх түүргийн ИТХ-ын хурлын М.Дашхүүгийн мэдлийн талбай.сурв) татаас гэж өгөөд талыг нь өөртөө авдаг.

Нэг шуудай нүүрс 2,500 төгрөг, өдөртөө 6,000 төгрөг л олдог. 

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин:

Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд бодит байдал дээрх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна.

Тиймээс олон жилийн асуудал хуримтлагджээ. Хэрвээ үнэхээр дүүргийн удирдлагуудад итгэж болохооргүй байвал Нийслэлийн  иргэдийн хурлын төлөөллүүд, нийслэлийн засаг даргын хэмжээнд асуудлыг бүртээ анхаарч ажиллах хэрэгтэй.

Асуудал өргөс авсан мэт хурдан шийдэгдэхгүй байх. Ямар ч байсан иргэдийг хооронд нь маргалдуулж орхилгүй, төрийн зүгээс зохион байгуулалт арга хэмжээ авах хэрэгтэй. 

“Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа:

Манай байгууллага маш олон бичил уурхай эрхлэгчдэд зориулсан сургалт явуулж байсан.

 

Cургалтын үр дүн нь орон нутгийн удирдлагуудаас шууд хамаардаг.

Дүүрэг, аймгийн дарга нар нь иргэдээ боддог, хуулиа мөрддөг, иргэдийнхээ амьдрах орчныг хамгаалах гэж хичээдэг, ёс зүйтэй бол иргэддээ суурьших газрыг нь олгоод нөхөрлөлүүдээ ажил хийж амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг.

Нөхөрлөл хэлбэрээр ажиллаж байгаа иргэдэд олборлолт явуулах зөвшөөрөл олгохдоо нөхөн сэргээх төлөвлөгөөг нь урьдчилаад шалгаж, батладаг.

 

Байгаль орчны яамнаас гаргасан нөхөн сэргээлтийн стандарт нь бичил уурхайд тохирдоггүй.

Тиймээс бичил уурхайд тохирох уурхайн мөчлөгийн хүрээн дэх нөхөн сэргээлт, байгал орчинд үзүүлэх нөлөөллийг шатласан аргаар бууруулах зэрэг тусдаа аргачлал гарчихсан.  

Бичил уурхай нь гүн ухдаггүй учир нөхөн сэргээлтэд зарцуулах хөдөлмөр, санхүү нь бага байдаг. Гэхдээ нөхөн сэргээсэн хөрсөн дээр нь ургамал хурдан соёолдог зэрэг үр дүн сайтай.

Орон нутгийн иргэдийн хурлынхан нь мөн байгал хамгаалах сан дах хөрөнгөнөөсөө бичил уурхайн нөхөн сэргээлтэд мөнгө төсөвлөж өгдөг туршлага бий. 

 

НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан:

Монголд 60 гаруй мянган бичил уурхай эрхлэгчид бий. Тэдний 90 гаруй хувь нь алт олборлодог.

Үйлдвэрлэл явуулахад эдийн засгийн ашиг багатай, техникээр олборлолт явуулах боломжгүй, эсвэл олборлолт явуулж байсан газрын үлдэгдэл дээр бичил уурхай эрхэлдэг. Тэднийг буруутгаж болохгүй. Налайхын хувьд 1500 орчим иргэний амьжиргааны гол эх үүсвэр нь энэ нүүрс.  Гэхдээ маш аюултай, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Уг нь аюулгүй байдлыг хангах хууль нь батлагдчихсан.

Даан ч Налайх дүүргийн засаг дарга,иргэдийн хурлын төлөөлөгчид нь хуулийг мөрдүүлэхийн оронд өөрсдөө хууль зөрчиж байна. 

“Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа:

Үнэхээр орон нутгийн удирдлагуудын засаглал сайн байсан бол иргэд нь нүх рүү хар хулгана шиг нүүрс ухах гээд орохгүй байсан. Өөр ажлын байр байхгүй учраас л иргэд амь насаа эрсдэлд оруулан ийм аргаар амьдралаа залгуулж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин:

Яармагийн урд хэсгийн Дархан цаазат томоохон газруудыг эрх мэдэлтнүүд авчихсан байдаг.

Э.Бат-Үүл даргаас эхлээд хэнбугай нь ч газраа буцааж авах гээд хүчин мөхөсддөг. Төрийн захиргааны дагуу асуудлыг шийдэхээр заавал шүүхээр шийдэгддэг. Шүүхдэхээр газрын гэрчилгээтэй, хөрөнгө оруулалт хийчихсэн тал нь ялдаг. Ингээд төр хүчин мөхөсдөж байгаа юм.  

Тиймээс энэ газар ашиглах зөвшөөрөл, түүнд хяналт тавих, иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр зохион байгуулах асуудал бүх дүүрэг дээр тулгамдаж байна. 

 

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:

Иргэд  хүчин чармайлт гаргаад нөхөрлөл байгуулъя, хариуцлагаа хүлээе гэж байхад Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар тэргүүтэй дүүргийн удирдлагууд иргэдээ нэгтгээд нөхөрлөл байгуулаад гэрээ хийх хэрэгтэй.

Мөн уулын ажлын зураг төсвийг гаргуулаад батлаж, үүндээ нөхөн сэргээлтийг хэрхэн хийхийг тусгах шаардлагатай. Нөхөн сэргээлт хийх болон, аюуолгүй байдлаа хэрхэн хангах дээр Мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулж үүнд зарцуулагдах төсвийг дүүргийн удирдлагууд зохицуулах ёстой.

Ингээд олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлтийг нь хийлгээд уурхайн амнуудаа хаалгаж үлдэх хэрэгтэй.

 

Бичил уурхайчдын нөхөн сэргээлт хийсэн талбай дээр нарийн ногоо тариалаад, өндөр үржил шимтэй хүнсний бүтээгдэхүүн ургуулах гэсэн юм биш.

Ядахдаа техникийн нөхөн сэргээлтин түвшинд хийх хэрэгтэй. Mn ÷…Түүнээс бус иргэдийг нүүрсээрээ хоолоо олж идвэл ид, идэж чадахгүй бол хамраа шороо ухаад байжий гээд хаях эрх засаг захиргааны албан туүаалтнуудад байхгүй.

Бичил бизнес эрхлэгч 1,500 хүний цаана дор хаяж 5,000 хүний идэх хоол яригдаж байгаа.

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин: 

Олголтын асуудал бол бүх 1,500-2,000 иргэн ажилтай орлоготой болж байгаа бичил уурхайн асуудлыг төр төлөөлж байгаа орон нутгийн удирдлагууд л зохистой зөв харилцаанд оруулах ёстой.  

Ийм амин чухал асуудал дээр намчирхалгүй нэгдэж зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол газар ашиглахтай холбоотой иймэрхүү асуудал дээр улс төрчид эсрэг намынхныхаа барьцаанд орчихоод аль ч дархан цаазат газар, аль ч ашигт малтмалын газраа чөлөөлж чадахаа байчихдаг.

Энэ дээр газрыг анхнаас нь буруу ашиглах зөвшөөрөл өгсөн төрийн удирдлагууд л автлга хэлбэрээр ашгаа олоод гарчихсан байдаг.