Монгол Улсаас Бутан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболд Бутаны Цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Бутан улсын нийслэл Тимпу хотын төвд оршдог Ташичходхзун ордоны ёслолын их Куэнрай танхимд болсон Итгэмжлэх жуух барих ёслолд Хааны зөвлөхүүдийн танхимын тэргүүн Лёонпо Ченкяаб Доржи, гишүүн Дашо Бхарат Таманг, Тинлиэ Доржи, Бутаны Үндэсний зөвлөл( Парламент)-ийн гишүүн Дашо Таши Ванжиэл, Аум Таши Вангмо, Гадаад хэргийн сайд Лёонпо Дамчо Доржи, Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Циринг Доржи болон тус яамны удирдах ажилтнууд оролцов.
Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Цог Жавхлант хаанд уламжилж, Монгол Улсын Засгийн газар хоёр орны харилцааг өргөтгөн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа, Далайд гарцгүй, хөгжиж байгаа, ардчиллын замыг сонгон авсан улсуудын хувьд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх тухай хэлэлцээрт нэгдэн орох, Улаанбаатар хотноо болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн асуудлаарх болон Ази дахь ардчилсан шилжилтүүд зэрэг олон улсын хурал, зөвлөлгөөнд Бутан улс оролцоно гэж найдаж байгааг илэрхийлэв.
Итгэмжлэх жуух бичгээ Цог Жавхлант хаантанд барьж үүрэгт ажилдаа эхлэн орсон Элчин сайд Г.Ганболд Бутан улсын Ерөнхий сайд Лёончин Цэрэнг Тобгай, Гадаад хэргийн сайд Лёонпо Дамчо Доржи,Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Рэгзэн, Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал,Элчин сайд Сонам Т. Рабгиэ, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Дума Цэрэнг зэрэг албаны хүмүүстэй уулзаж хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцов.
Шинэ Дели Дахь Элчин сайдын яам