Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Аврал эрсэн Алтайд аргаль, янгир дахиад нутагших уу?

www.mongolianminingjournal.com
2016 оны 3 сарын 7
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Цагаан эрэгийг ашиглахгүй байх шалтгаан 

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутагт орших Цагаан эрэгийн бүс нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг бөгөөд дархан цаазат ан амьтад нутагладаг, цаашлаад түүх дурсгалын олдвор хөшөө дурсгалууд олонтой газар нутаг юм. Мөн стратегийн чухал ашигт малтмалд тооцогддог вольфрамын нөөц илрээд байгаа. 

Гэвч энэхүү онгон дагшин газар нутаг нинжа буюу гар аргаар ашигт малтмал олборлогчдын буруутай үйл ажиллагааны улмаас хөндөгдөж, байгалийн унаган байдлаа алдаад байна. Эвдэгдэж сүйтгэгдсэн 13 га газрыг нөхөн сэргээх нэрийдлээр гянтболд олборлож буй тухай хэл ам сүүлийн үед дэгдээд байна.

Нөхөн сэргээлт нэрийдлээр ухах зөвшөөрлийг хэн өгч, түүний улмаас ямар зөрчил дутагдал илрээд байгааг энэхүү нийтлэлээр хөндөхийг зорилоо.  

Цагаан эрэгийн эвдэгдэж сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнө нь хоёр ч удаа хийж байжээ. Эдгээр ажлыг нийт 170 гаруй сая төгрөгөөр хийсэн ч нинжа нар дахин орж тус газрыг сүйтгэсэн юм. Төр хоёр ч удаа нөхөн сэргээлт хийгээд үр дүнд хүрээгүй мөртлөө дахин хувийн компаниар олборлолт хийлгэх замаар зардлыг гаргуулан нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлжээ.  

Гэвч улсын тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт хайгуул хийлгэх тухай хуулийн зүйл заалт байхгүй учраас энэ нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Хууль зөрчих үндэслэл болсон журмын заалтыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрт тусгаснаас энэхүү хууль бус үйл ажиллагаа явагдах үүд хаалгыг нээж өгчээ. 

Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ын 3.2-т “Нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсөв, Орон нутгийн  төсөв, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал, шлам,   овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно” гэж заажээ.

Гэвч улсын тусгай хамгаалалттай газар нутаг байвал хэрхэх талаар үг үсэг ч алга. Түүнчлэн журмыг хэлэлцэн батлахдаа иргэд олон нийтээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй нь цаагуураа захиалгатай байх магадлалтай гэх хардлага төрүүлж байгаа юм. 

Журмыг 2015 оны долоодугаар сарын 3-нд батлаад зургаа хоногийн дараа буюу долоодугаар сарын 9-ний өдөр Цагаан эрэгт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээг “Ашид Алтай Майнинг” компанитай байгуулсан байна. Харин энэхүү журмын 6.1-д “Сонгон шалгаруулалтын зар мэдээллийг тухайн захиалагч ажлын 14-өөс доошгүй хоног орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил зарлана. Мөн төсөл сонгон шалгаруулалтын журмаар явуулна” гэж заажээ.

Гэтэл ингэж зарлах байтугай олон нийт мэдээлэл авах боломжгүйгээр ажлын 5 хоногийн дараа ажил гүйцэтгэх гэрээг Цэцэг сумын Засаг даргын Тамгын газраас “Ашид Алтай Майнинг” ХХК-тай байгуулжээ. Хэн ч харсан нэг компанид давуу байдал олгож, анхнаасаа тэдний ажлыг эхлүүлэхийн тулд аймгийн ИТХ-аас хүртэл журам гаргаж шууд гэрээ байгуулсан   нь илт. 

Гэрээнд “Ашид Алтай Майнинг” ХХК долоодугаар сарын 9-ний өдөр ажлаа эхэлж, аравдугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өгөхөөр хугацаа заажээ. Гэтэл ажлаа хийж дуусаагүй гэсэн шалтгаанаар арваннэгдүгээр сарын 20 хүртэл тус газарт нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулсан байна. Ажлын гэрээнд уг компани техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр тусгагджээ. Гэтэл техникийн нөхөн сэргээлтээ ч дуусгалгүй хүйтний улиралтай залгасэн тул ажил явагдах боломжгүй гээд тус газрыг орхин явсан байна. 

“Ашид Алтай Майнинг” компанийн зүгээс олборлолт хийхдээ Ангиртын голын голдрилыг өөрчилж, шороо угааж байсан нь байгаль орчныг нөхөн сэргээх нь бүү хэл улам доройтуулжээ. Түүнээс гадна тус компани нөхөн сэргээлт хийх зардлаа босгохын тулд хийсэн олборлолтын хэмжээгээ хэлэхгүй нууцалж байна. Тус  компанийн удирдлагуудтай холбогдож, байр суурийг нь сонсох гэсэн ч холбоо барьж чадсангүй. Ховд аймгийн Байгаль орчны газар болон хяналт тавьсан холбогдох газруудаас холбогдох утас, хаягийг авах гэсэн боловч Улаанбаатар хотын компани учраас сайн мэдэхгүй байна гэсэн хариулт өгөхөөс хэтэрсэнгүй. 

Тухайн газарт ажиглалт хийж байсан иргэд болон чулууны ченж нарын дүгнэлтээс үзэхэд тус компани өдөрт дунджаар 9 тн гянтболд олборлож байсан гэнэ. Хоёр сарын хугацаанд олборлолт явуулсан гэж үзвэл дунджаар 540 тн-ыг олборлосон байх магадлалтай. Нэг кг вольфрамыг газар дээрх үнэ 13,000 төгрөгөөр тооцож үзвэл 7 тэрбум 20 сая төгрөгийг нөхөн сэргээлт нэрийн дор олжээ гэж таамаглаж болно. Энэ бүхнээс дүгнэхэд, нөхөн сэргээлт нэрийн дор ашиг олох гэсэн үйл ажиллагаа явуулсан нь харагдана. 

Хэрэв тийм биш бол ард иргэдийг хувийн компанитай сөргөлдүүлэх хэрэг байсан уу гэдгийг шийдвэр гаргагчдаас асуумаар. Төр өөрөө хөрөнгө гаргаж хийгээгүй бол ингэж нэг компанид давуу байдал олгох шаардлагагүй. Харин ч иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, нөхөн сэргээлтийг өөрсдөөр нь хийлгэсэн бол ядаж тэд өөрсдийн хийсэн ажлыг дахин сүйтгэхгүй байсан байх. 

Нутгийн иргэдтэй сөргөлдүүлсэн гэж хэлэхийн учир нь тус компанийг олборлолт явуулах үед нутгийн иргэд тэнд цугларан, эсэргүүцлээ илэрхийлээд зогсоогүй дайрах оролдлого ч  хийсэн юм. Мөн гол руу урсан орсон угаасан шороог нь дахин угаах явдал ч гарч байв. Нутгийн иргэд болон нинжа нарын хэлснээр “Ашид Алтай Майнинг” ХХК нь цаанаа хятад эзэнтэй.

Тус компани хүссэн цагтаа ирж машин техник тоног төхөөрөмжийн давуу байдлаа ашиглан их хэмжээний вольфром олборлож, хятадууд ашиг олж байхад нутгийн иргэд яагаад  гар аргаар вольфром олборлож болохгүй вэ, Монгол хүн өнөөдөр хүн биш болсон юмуу” хэмээн цагдаа нартай шөргөөлцөлдөх явдал гаарсан билээ. 

Нөхөн сэргээлт нэрээр байгаль сүйтгэж буй энэ үйл ажиллагаа байгаль орчин, ан амьтны оршин тогтнох нөхцөлд сайнаар нөлөөлөхгүй.

Мөн олборлолт хийсэн “Ашид Алтай Майнинг” компанийг хилээр их хэмжээний вольфром гаргасан гэсэн мэдээллийг ч иргэд өгч байгаа.

Машин, машинаар шороо ачаад Барлагийн хөндийд явж байхад нь нутгийн иргэд таарч, албаныханд мэдээлснээр машиныг саатуулж тодорхой хугацаанд компанийн үйл ажиллагааг зогсоож, машин  тоног төхөөрөмжийг нь битүүжилсэн байдаг.

Үүнийг компанийн зүгээс тайлбарлахдаа Барлагийн хөндийн эвдэрсэн замд шороо буулгахаар явж байсан гэжээ. Барлагийн хөндийн замыг засахын тулд тэр холоос шороо тээвэрлэх шаардлага бий юу гэдэгт хэн ч итгэхгүй. Хилээр их хэмжээний вольфрам гаргасан гэсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газар болон Тагнуулын газар шалгаж байгаа ч одоо хүртэл тодорхой шийдвэр гараагүй байна. 

Тус компанийн энэхүү үйл ажиллагаанд аймгийн болон Улсын мэргэжлийн хяналтын газраас 2-3 удаагийн хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн эдгээр үйлдлийг зогсоож, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарчихаад байхад гэрээг цуцлаагүй хэвээр л байна. Гэрээг цуцлаагүй учраас хавраас дахин нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолтоо үргэлжлүүлж болзошгүй. 

Нөхөн сэргээлт нэрээр байгаль сүйтгэж буй энэ үйл ажиллагаа байгаль орчин, ан амьтны оршин тогтнох нөхцөлд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж юм. Нинжа нарын анхлан сүйтгэсэн энэ газарт өдгөө ан амьтны суурьшил ямархуу байгааг мэргэжлийн байгууллагаас лавлахад, нэн ховор болон ховор ан амьтад дайжиж байгаа гэсэн хариулт өглөө. Оршин буй газар нутаг нь ийнхүү хүний хөл, сувдаг сэтгэлийн улмаас жилээс жилд хумигдсаар байгаа ан амьтдын өмнөөс аврал эрсэн Алтайд аргаль, янгир дахиад нутагших уу гэдгийг Цагаан эрэгийг ашиглуулах шийдвэр гаргасан хүмүүсээс асуумаар байна. Цагаан эрэгийг ашиглахгүй байх хамгийн том шалтгаан энэ юм шүү гэдгийг ойлгоосой. 

“Ховдын толь” сонины сэтгүүлч Ж.Саруул

Зураг