Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тойргийнхон ба жагсаалтынхны ҮНЭ ЦЭНЭ

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

-Тоймчийн үг-

“Жагсаалтаар” УИХ-д орж ирэх магадлалтай гишүүдийн мандатаас зургааг нь нийслэлийн тойрог руу шилжүүлж 54х22 харьцаагаар УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь нэгэнт тодорхой болоод байна.

Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийн зохицуулалт бий. Гэвч өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн энэхүү зохицуулалт Сонгуулийн шинэ хуулийн төслөөс санаатай, санамсаргүйгээр гээгдсэнээр УИХ-ын 76 гишүүний хэнбугай ч ашиг сонирхолдоо нийцүүлэн дуртай цагтаа Сонгуулийн хуулиар тоглох боломжийг олгожээ.

Ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон хуулийн зохицуулалт бий.

Нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэх зорилготой энэхүү төслөөр жагсаалтын гишүүдийн тоог багасгаж, Үндсэн хуульд заасан ард түмнээс шууд сонгогдох гишүүдийн тоог нэмж буйг  дэмжүүштэй ч ээлжит сонгуулиас  хоёрхон сарын өмнө нэгэнт баталсан хуулийг өөрчлөх нь ёс зүйд нийцэхгүй гэсэн байр суурийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт илэрхийлсэн.

Сонгуулийн шинэ хуулийг бараг хоёр жилийн турш улс төрийн намууд судалж, боловсруулж хамтарсан Ажлын хэсэг байгуулж зөвшилцсөний эцэст ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах өмнөх хуулийн зүйл, заалтыг баримтлан яаран сандран оны өмнө хуулиа баталсан. Гэтэл гуравхан сарын дараа ийнхүү дахин өөрчлөх гэж буй нь ард түмний эрх ашиг гэхээсээ илүүтэй улстөрийн намууд ашиг сонирхлоо хуульд шингээх гэсэн ёс зүйгүй оролдлого, хувилбар гэж үзэж болно.

2012 оны УИХ-ын сонгуулийг анх удаа холимог тогтолцоогоор явуулсан. Энэ нь  Монголын улс төр нийгмийн хөрсөнд нутагшиж, цаашид сонгуулийн тогтолцоог эрүүлжүүлж, улстөрийг цэвэршүүлж чадах эсэхийг шийдэх “туршилтын” Парламент болсон. Холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь  нэг намд дийлэнх олонхийн эрх мэдлийг төвлөрүүлдэггүй, парламентад олон намыг оруулж ирдэг хамгийн зөв хувилбар хэмээн УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын гишүүд дэмждэг.

Гэвч энэ хувилбар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоогоо үндсээр нь  эрүүлжүүлж чадахгүй бол Монголын улстөр, улстөрчдөд лав нийцэхгүйг өнгөрсөн хугацаан дахь УИХ-д суудалтай намуудын зөвшилцөл нэртэй хуйвалдаан, тохиролцоонууд харуулсан. Сайнаар гэхээсээ муугаар илүү таниулж, УИХ, Засгийн газарт итгэх ард түмний итгэлийг ч  хөсөрдүүлсэн. Тиймээс “жагсаалтын” гэх  гишүүдийг хэний, төлөө яах гэж УИХ-д ордогт олон түмэн эргэлзэж итгэл алдарч байна.

Энэ Парламентад жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн бол ард түмний биш намын төлөөлөл гэдгээ ч баталсан. Ийм үед жагсаалтын гишүүдийн тоог зургаагаар багасгах нь ард түмний “шууд” хэмээн томьёолсон бодит сонголтттой бага ч гэсэн нийцэж буй. Тиймээс хэрэв Сонгуулийн хуульд дахин өөрчлөлт оруулахад хуулийн хугацаа хамаагүй юм бол жагсаалтын гишүүдийн тоог нэг мөр багасган 10 болгож яагаад болохгүй гэж. 

Ийм санал дэвшүүлэх шалтгаан нь нэгдүгээрт, 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харахад МАН, АН аль аль нь олонхи болоод ч жагсаалтаар 10-аас илүү гишүүнтэй болж чадахгүй нь батлагдсан. Хоердугаарт, жагсаалтын гишүүд зөвхөн намын бодлогоо дэмжиж  УИХ-д санал өгөх кнопын үүрэг гүйцэтгэгчид. Тиймээс тэдний тоо УИХ-д 10-аас илүү байх хэрэггүй ээ. Одоо улс төрийн намууд дээр яригдаж байгаа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулах таамаг, хувилбаруудаас харахад ч жагсаалт бол “бялуу” болох нь бараг тодорхой болоод байна.

Эрх баригч намууд болон сонгуульд оролцох улстөрийн хүчнүүдийн хувьд тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдэд анхаарал хандуулж буй. Олонд танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр улстөрчдөө бүгдийг нь шахуу тойрогт сойж буй.

вшигчдэд анхаарал хандуулж буй. Олонд танигдсан хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр улстөрчдөө бүгдийг нь шахуу тойрогт сойж буй.

Ийм үед жагсаалтад бичигдэхийг горилж буй эрхмүүдийн ихэнх нь намын гол хандивлагчид буюу бизнесмэнүүд орж ирэх магадлал өндөр байгаа юм. Энэ утгаараа ард түмэн жагсаалтын гишүүдээс юу ч хүлээгээд бараг л хэрэггүй болов уу?

Ер нь зарчмаараа бол УИХ-ын гишүүн бол төрийн бодлогыг тодорхойлогч, бодлогын хүн байх ёстой. Гэтэл сүүлийн хоёр удаагийн УИХ-д сонгогдсон төрийн түшээдийн бараг гуравны нэг нь бизнесийн төлөөлөл тэртусмаа үндэсний компаниудын эзэд, гол хувьцаа эзэмшигчид байгаа нь өнөөдөр Монголын төрийг төр биш болгож, УИХ, Засгийн газрын чиг үүргийг холион бантан болгосон.

Үүнээс үүдэлтэйгээр өнөөдөр улс орны эдийн засаг УИХ дахь  фракц, бүлэглэл нэртэй олигархи, улстөрч-бизнесмэнүүдийн хувийн ашиг сонирхолд боомилогдож, Засгийн газрын  хөл гарыг тушиж, том төслүүдийг гацааж хөлдөөхөд том үүрэг гүйцэтгэсэн нь гашуун ч гэсэн үнэн билээ. 

Үндсэн хуульд зааснаар ард түмэн төрд буюу УИХ-д өөрсдийн төлөөлөл болох төрийн түшээг шууд сонгох эрхтэй.

Эдийн засгийг  элгээр нь хэвтүүлж, ард түмнээ хөсөр хаясан энэ УИХ, Засгийн газар болон эрх баригч намуудтай хариуцлага тооцох дөрвөн жилд ганц тохиох сонголт айсуй энэ үед ард түмэн  одоо л сонголтоо зөв хийх ёстой.  “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдэг шиг ард түмэнд одоо хүнээ харж, мэдэрч сонгох шууд төлөөлөл л юу юунаас хэрэгтэй байна.

Намын дарга эсвэл том компанийн захирал мөнгөтэй, эрх мэдэлтэй, ямар фракц бүлэглэлийн толгойлогч байх нь бидэнд хамаагүй. Хамгийн гол нь хувь хүний ноён нуруу, зангараг, ёс зүй, шударга тууштай байдлаар нь төрд төлөөллөө шууд сонгож,  Монголын төрийг,  УИХ-ыг цэвэрлэх их цэвэрлэгээ хэрэгтэй байна. Ийм цэвэрлэгээг эрх баригчид мэдээж хүсэхгүй. Тийм болохоор л сонгуулийн холимог тогтолцоо буюу жагсаалтын гишүүдээсээ татгалзаж чадахгүй байна.

Үндсэн хуульд зааснаар ард түмэн төрд буюу УИХ-д өөрсдийн төлөөлөл болох төрийн түшээг шууд сонгох эрхтэй. Тийм ч учраас сонгуулийн холимог тогтолцоо буюу жагсаалтын гишүүдийг ард түмэн шууд сонгоогүй, намаас сонгосон гэсэн маргаан, эргэлзээ өнөөдрийг хүртэл эцэслээгүй. Хэдхэн хоногийн өмнө гэхэд “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс УИХ-ын дарга болон гишүүдэд хандаж УИХ-д намын жагсаалтаар орж ирэх нь Үндсэн хууль зөрчиж буйг зүйл заалтай нь баталж, шаардлага хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл энэ УИХ-ын жагсаалтын гишүүд ард түмний шууд төлөөлөл болж чадахгүйг хүлээн зөвшөөрсөн нийгмийн төлөөллүүд нэмэгдсээр байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулсаар байна. Тиймээс энэ УИХ-ын сонгуулиар жагсаалтын болон тойрогт нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдийн үнэ цэнийг өндөржүүлэх, үүрэг хариуцлагыг улам тодорхой хуульчлах зайлшгүй шаардлагатай байна.