Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтанхуяг: "Түрээсийн орон сууц"-ны журмыг БХБЯ баталчихвал иргэдийг бүртгэж эхэлнэ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас баталсан "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн талаар Төрийн орон сууцны корпорацийн (ТОСК) тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.

Д.Алтанхуяг хэлэхдээ "Бид өөрсдийн барьсан 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдэд доорх хоёр шаардлагыг тавьж байгаа.

Нэгдүгээрт, иргэн эхлээд урьдчилгаа 30 хувиа төлөх шаардлагатай. Харин үлдсэн 70 хувийг ипотекийн зээлд хамрагдаж төлнө.

Хэрвээ ЗГ-аас урьдчилгаа 30 хувийн 20 хувийг хөнгөлөх талаар баталсан тохиолдолд иргэд 10 хувийг төлөх болно. 

Бид БХБЯ-нд "Бидэнд эрхийг нь өгвөл ТОСК-аас 20 хувийн төлбөр дээр барьцаа гаргах боломжтой" гэсэн саналаа илэрхийлсэн.

Эдгээр санал хүсэлт маань журамд тусгагдаж, түүнчлэн ЗГ-аас хөнгөлөлттэй зээлийг олгох боломжтой болбол манай хөтөлбөр нь иргэдийн хувьд хамгийн тааламжтай боломж болох юм.

Хоёрдугаарт, иргэдийн эдийн засгийн байдал нь арилжааны банкнаас тавих шаардлагыг хангах хэрэгтэй.

Тус хөтөлбөр бол хоёр хувилбараар иргэдэд үйлчилнэ.

  • Эхний хувилбар бол иргэн орон сууцаа өөрийн болгох боломжтой
  • Хоёр дахь хувилбар нь иргэн өөрийн гэсэн шинэ орон сууц авах боломжтой болох хүртэл буюу ойролцоогоор 3-5 жилийн хугацаанд түрээсийн орон сууцанд байрлах боломжоор хангах явдал юм.

Манай корпорац бол хоёр дахь хувилбарыг хэрэгжүүлэх бөгөөд байрнаас гарах хугацааг гэрээн дээр тусгах болно.

Бид сарын төлбөрийг тухайн иргэний сарын орлогын 25 хувиас хэтрэхгүй буюу 200-280 мянган төгрөг гэж тооцоолж байгаа. Мэдээж төлбөр дээр нэмээд тог, цахилгааны төлбөр нэмэгдэх болно. Хөтөлбөрт хамрагдах 924 орон сууцны 250 байр нь 39,3 м.кв, үлдсэн нь 49,3 м.кв хэмжээтэй бөгөөд нэг м.кв-ын үнэ 1,350,000 төгрөг гэж тооцоолж байна.

"Түрээсийн орон сууц"-ны журмыг БХБЯ баталчихвал бид иргэдийг бүртгэж эхэлнэ" гэв.

ТОС-ны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.