Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаас баталлаа.

Хөтөлбөрийг  2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16,000, аймгийн төвүүдэд 4,000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.   

2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.

Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн түр амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм. 

2014 оны байдлаар улсын хэмжээнд 22.9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна.