Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Банкууд хүүгээ бууруулаач

Б.Тогтох
2016 оны 1 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Арилжааны 14 банк байсхийгээд л олон улсын шилдгүүд болж, дэлхийд дээгүүр давхидаг болсон мэдээгээр “тархи угаадаг” болоод удлаа. Монгол Улсад шилдэг болсон, дэлхийн шилдгүүдтэй зиндаархсан мэдээгээ бүх л өнгөтэй өөдтэй хэвлэлээр цацаж, үйлчлүүлэгчдээ “хуурах” нь элбэг.

Магадгүй ямар нэг зүйлээрээ илүү гараад тэр хүндтэй шагналын эзэн болчихдог байхыг үгүйсгэхгүй. Тансаг хэрэглээтэй үйлч­лүү­лэгч нартаа хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлсэн байж болно. Бид мэдэхгүй ч байж болох л юм. 

Харин энгийн иргэд, эгэл борчууд руу чиглэсэн үйлчилгээндээ ахиц дэвшил гаргасан банк үзээд өгье гэхнээ ч байхгүй гэж мөрийцөхөд бэлэн байна. Тийм учраас л иргэдийг “хуурсан” гэж хэлээд байгаа юм. Арилжааны банкууд бүгд цөөхөн хэдхэн хүний гэр бүлийн бизнес болсон.

Ганц төрийн мэдэлд байдаг нь Төрийн банк. Гэвч удахгүй мөн л хувьд очих болсон. Ж.Батзандан гишүүний хэлсэнчлэн банкуудын цаана байгаа 20 гэр бүл өнөөдөр гурван сая монголчуудын амьдрал ямар байхыг шийддэг болжээ.

Арилжааны банкууд бүгд цөөхөн хэдхэн хүний гэр бүлийн бизнес болсон. 

Хоёр сая төгрөгийн зээл авах гэж байр, машинаа барьцаалж, цалингаа барьцаалж зээл авсныхаа төлөө 10 хувийн шимтгэл төлж, цалингаа банкны АТМ-ээс авахын тулд мөнгө төлж “доромжлуулж” байгаа. Хэн нэг нь очоод хэл ам хийчихвэл байгууллагынх нь цалинг өгөхөө зогсоож, зээл олгохгүй хэмээн дарамтлахаа тэд андахгүй юм.

Хамгийн сайн хийдэг ажил нь гэхэд хэтийдэхгүй. Бүтэн сарын турш үйлээ үзэж, өглөө оройгүй ажиллаж авдаг цалингаа барьцаанд тавьж зээл авсныхаа төлөө шимтгэл төлж байгаа иргэдээ өмөөрсөн төрийн байгууллагын эсрэг хамгийн сайн өмгөөлөгчид мөнгө төлөн ажиллуулж буйг бид мэднэ.

Хаана ч байхгүй банкны урт очер дараалал, дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл олгохоо харин тэд байх ёсны асуудал гэж үздэг нь аймшигтай. Нэг ёсондоо тэд ломбардны зарчмаар ажиллаж иргэдээ шулсаар байна, цаашдаа ч байсаар байх нь. Хуулийн жижигхэн өөрчлөлтийн төлөө бүх зээлээ зогсоож, төрийг хүссэнээрээ дарамталж байгааг нуугаад яахав. Өнөөдөр банкнаас зээл авахын тулд ядарсан иргэд банкнаас зээл авах шаардлагагүй баян гэдгээ батлах шаардлагатай болдог. 

Орон нутгаар явахад хөдөөгийн иргэдийн ганц толгойн өвчин нь банк болжээ. Бичил бизнес эрхлэхээр ашигтай санаа олчихоод төсөл бичсэн иргэд банкны шалгуурт л бүдэрдэг. Монголчуудын толгойн дахь төслийг биш мөнгөтэй бас хөрөнгөтэй байхыг л шаарддаг тэдний энэ үйлдэл улам бүр хүрээгээ тэлсээр байгааг хэн хазаарлах вэ. 

Өдөр бүхэн нээж буй шинэ үйлчилгээнүүд нь хэрэглэгчдээ хэрхэн өөртөө татах бус хэрхэн үйлчлүүлэгчийнхээ халааснаас мөнгө татах вэ гэдэгт л чиглэсэн гэвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй. Яамнаас бүх зөвшөөрлөө авчихаад яг баялаг бүтээгээд, ашгаа олох гэхээр банк зээл өгөхгүй гээд гацаачихдаг түм буман зовлонг тэд тоочдог нь гашуун үнэн.

Тархин дахь баялгийг биш халаасан дахь мөнгийг нь харж тэд үйлчилгээ хүргэж, үйлчлүүлэгчээ ялгаж харьцдаг үнэнийг хэдий болтол нуухав. Үнэн амьдрал ийм л байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй 14 банк нэг нэгэнтэйгээ өрсөлдөж үнээ буулгаж, хүүгээ бууруулж хоорондоо өрсөлдөхийн оронд бие биетэйгээ үгсэн хуйвалдаж зээлээ зогсоож, шимтгэлээ авахын тулд шүүх цагдаа руу хамтдаа хөтлөлцөөд явдаг. 

Гаднаас том банк орж ирээд шударга өрсөлдөөн бий болгох гэхээр төрд суугаа улстөрчдийн урд хойно гарч гүйсээр гацааж чаддаг шидтэй юм билээ. Зах зээлийн зарчмаар ажилласан өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид ийм л банкны үйлчилгээ авлаа. Тэтгэвэр, цалин, байр, машин, үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү буурсангүй.

Харин ч нэмэгдсээр. Иргэдийн авдаг цалин багасч, амьжиргааны төвшин буурах тусам арилжааны хэдэн банкууд л цүндийтлээ таргалж, энд тэнд барилга барьж, ээлж дараалан сүлжээгээ нээсээр. Дэлхийн шилдэгүүдтэй зиндаархах атлаа үзүүлж буй үйлчилгээ нь хамгийн ноль хэвээрээ байх юм. 

Одоо хангалттай. Бид алийн болгон тэдэнд ингэж дарлуулж суухав. Банкуудыг хүүгээ бууруулахыг хөгшин хөвөөгүй шаардах цаг нь болж. Төрийн өндөрлөгт суугаа улстөрчид ч ард түмнээ боддог бол арилжааны банкуудын аманд багтаж суухаа болъё. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар Мөнгөний бодлогын талаар 2016 онд төрөөс баримтлах бодлогыг батлах үеэр зээлийн хүүг бууруулах чиглэл өгсөн.

Арилжааны банкууд ч үүнийг боломжтой, шат дараатай бууруулна гэж амалсан нь сонины хуудаснаа будаг нь ч хатаагүй дурайж байна. Тэгвэл шинэ он гарчихлаа. Шат дараатай ажлаа эхлүүлээч, банкууд аа. Зээлийн хүүгээ бууруулж, баян гэдгээ батлах гэж аргаа барж буй иргэддээ хүрсэн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Баялаг бүтээгчдийг дэмждэг биш чөдөр тушаа нь болдог байдлаа засаач. Ядарсан иргэдээ даапаалж, авдаг цалингаас нь хумсалж суугаа арчаагүй үйлдлээ засаач гэж хүсье. 

Өөрчлөлт хийж чадахгүй бол өөр нэгэнд боломж олго. Зах зээлд дарамталж биш өрсөлдөөний зарчмаар ажилла. Гурван сая хүний санхүүгийн боловсролд анхаарах ажлыг та бүхэн л хийх учиртай. Мөнгөө хадгалж, бас үрж чаддаг боловсролтой иргэн бэлтгэх ажилд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад оролцдог байгаач.

Тэрний дараа хаана шилдгээр шалгарч, хэнтэй шүүхдэлцэх нь бидэнд хамаагүй. Хүссэн үйлчилгээг үзүүлж чадахгүй атлаа хааж боохоо гайхуулж, зээлээ зогсоож, хүүгээ бууруулахгүй гэж шоудах чинь үнэнд ер ойрхон сонсогдохгүй байна. Дэлхий дахин банкны ухаалаг системд хэдийнэ нэвтэрч, бүх үйлчилгээг иргэд цахимаар авч байна.

Теллерийн үүрэг роль бараг л байхгүй болчихсон. Гэтэл манайд бие засах өрөөгүй жижигхэн өрөөнд багтах зайгүй чихэлдсэн иргэд мөнгө авах гэж, шилжүүлэг хийх гэж, төлөх гэж очерлодог нь хэвээрээ. Ийм л ядмаг үйлчилгээ үзүүлдэг атлаа юугаараа тэд дэлхийд тэргүүлээд, шилдэг болоод явдгийг ёстой мэдэх юм алга.

Зураг