Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Сэддорж: Бид сүүлийн таван жилд 578 тэрбумын татвар төлсөн

Д.Түвшин
2015 оны 6 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын Өргөдлийн Байнгын хороон дарга О.Баасанхүү Таван Толгой, Оюу толгойн уурхайнуудаар орж ажил байдалтай нь танилцах үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Цэций уулын хойно орших Орон нутгийн өмчит, жижиг Таван Толгойн уурхайгаар орж удирдлагуудтай нь уулзсан юм. Таван Толгойн орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг Таван Толгойн уурхайн нөөцийг 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Эрдэс баялгийн зөвлөлийн шийдвэрээр 192.7 сая тонн нөөцтэй хэмээн тогтоожээ. Ингээд Орон нутгийн өмчит, жижиг Таван Толгойн уурхайн Гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

-Жижиг Таван Толгойн уурхайн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй юм шиг байдаг. Уурхайнхаа талаар товчхон танилцуулахгүй юу? 

-Орон нутгийн өмчит жижиг Таван Толгойн уурхайд 1934 оноос гар аргаар нүүрс олборлож, тэмээн хөсгөөр тээвэрлэж эхэлсэн түүхтэй.

1966 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор орд газрыг улсын өмч болгож, үйлдвэрийн аргаар ашиглах болсон ба 1967 оны тавдугаар сарын 01-нээс биеэ даасан уурхай болж байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 тоот тогтоолоор хувьцаат компани болгон өөрчилж, 1995 онд орон нутагт шилжүүлэн ашиглах болсон. Үүнээс хойш уурхайн олборлолтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж өнөөдрийн өндөрлөгт хүрээд байгаа юм. 

-Орон нутгийн өмчит жижиг Таван Толгойн уурхай сүүлийн жилүүдэд багагүй ашигтай ажиллаж байгаа гэсэн. Түүнийг тодорхой тоо баримтаар илэрхийлж болох уу? 

-Сүүлийн 10 жилд Өмнөговь аймагт ногдол ашиг хэлбэрээр 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол сүүлийн таван жилд улс, орон нутгийн татварт 578 тэрбум, 100 сая, 968 мянган төгрөг төлсөн.

Өнөөдөр манай компанийн хувьцааг Монголын болон дэлхийн 23 орны иргэд эзэмшиж байгаа. Түүнчлэн манай компани дангаараа Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг бүрдүүлдэг. 

-Дэлхийн 23 орны иргэд Орон нутгийн өмчит, жижиг Таван Толгойн хувьцааг эзэмшдэг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Хувьцааны ногдол ашигт ямар хэмжээний мөнгө олгодгийг хэлж болох уу? 

-Тавантолгой ХК нь 1995 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлсэн 526.652 ширхэг хувьцааг TTL нэртэйгээр, нэгж хувьцааг 100 төгрөгөөр үнэлэн хөрөнгийн зах зээлд орсон түүхтэй.

Манай компани 2004 онд анхны нүүрсний экспортийг хийсэн цагаас эхлэн олборлолт, борлуулалтын хэмжээ өсөн нэмэгдэхийн хэрээр борлуулалтын орлого, цэвэр ашиг өсөж, нийт хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашиг өсөн нэмэгдсээр ирсэн.

Өнөөдөр манай компанийн хувьцааг Монголын болон дэлхийн 23 орны иргэд эзэмшиж байгаа. 

2011 онд хөрөнгийн бирж дээрх компанийн үнэлгээ 568 тэрбум 784 сая 160 мянгад хүрч нэг ширхэг хувьцааны үнэ нэг сая, 440 мянган төгрөгөөр арилжаалагдан, нэг ширхэг хувьцаанд 130 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан нь Монголын Хөрөнгийн Биржид шинэ дээд амжилтыг тогтоож, Шилдэг хувьцаат компаниар шалгарч байсан. Өнөөдөр манай компанийн хувьцаа өдрөөс өдөрт нэмэгдэж, одоогоор нэгж хувьцааны ханш 3,000 төгрөгт хэлбэлзэж байгаа. 

-Орон нутгийн өмчит жижиг Таван Толгойн уурхай нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс ямар ажлууд хийж байна. Тухайлбал Цогтцэций сумын хөгжил дэвшилд ямархуу хөрөнгө оруулалт хийж байгаа вэ? 

-Таван Толгой ХК нь ордын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас ялгарах гол онцлог нь дотоодын зах зээлд нүүрс худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг.

Эх орны баялгийг дан ганц экспортонд борлуулах бус харин ард иргэдэд эрх тэгш байдлаар үйлчилж, олборлолтын зардлаас хоёр дахин хямд үнээр буюу нэг тонн нүүрсийг 15 мянган төгрөгөөр борлуулж, мөн өвөлжилтийн бэлтгэл хангах үүднээс нүүрсний үнийг дахин 20-30 хувь хямдруулан худалдаалж байгаа нь Цогтцэций суманд оруулж байгаа бодит хөрөнгө оруулалт юм.

Дээрх үнийн зөрүү, хөнгөлөлтийг мөнгөн дүнгээр илэрхийлвэл жилдээ 660 сая төгрөг болж байгаа юм. Түүнээс гадна оюутан сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, худалдан авах ажиллагааг сум орон нутгийн үйлдвэрлэгчдээс сонгох, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг байдлаар чиглэл гарган ажиллаж Цогтцэций суманд бодитой хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. 

-Ялангуяа говийн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул, уурхайн компаниудад байгалийн нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны арчлалт хамгаалалтын асуудал төдийлөн сайн хийгддэггүйгээс говийн эмзэг байгаль ихээхэн сүйдэж байгаа. Энэ талаар Таван Толгой ХК ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ? 

-Тийм ээ, энэ бол хамгийн чухал асуудлын нэг мөн. Бид бүгдээрээ л говийн хүмүүс. Говь нутаг маань сүүлийн үед хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хурдацтай цөлжиж, амьтан ургамлын бүтэц нь ч ихээхэн алдагдаж байгаа. Хажуугаар нь томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, говийн эмзэг хөрс, гүний усанд ихээхэн халгаатай үйл ажилллагаа явуулсаар байгаа.

Манай компанийн байгаль орчны алба нь нийгмийн хариуцлагын хүрээнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Иймээс бид хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгахаар шат дараатай үйл ажиллагаа явуулж, жилээс жилд тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Өнгөрсөн 2014 онд манай компаниа нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн санаачилгаар байгаль орчны үнэлгээ хийлгэж 82 хувийн биелэлттэй гарсан. Түүнээс гадна 2014 оны менежментийн төлөвлөгөөний биелэлт 90.8 хувийн үзүүлэлттэй гарсан. Бид орон нутгийн иргэд, малчидтай хамтран Цэций уулын аргаль, янгирыг хамгаалах, хяналт тавих зорилгоор хамтран уялдаа холбоотой ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгаа юм. 

Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр нутгийн унаган ургамал болон ховор ургамлын үрийн нөөцийг бий болгож байна. Байгаль орчны дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Цогтцэций сумын Улаан эргийн талбайн 0.5 га газарт дөрвөн төрлийн 5,500 ширхэг модыг тарьж, арчлан ургуулж байгаа. 

-Гадаадын 23 улсын иргэн танай компанийн хувьцааг эзэмшдэг гэж байна. Харин Өмнөговийн хэдэн иргэн танайхаас хувь хишиг хүртдэг юм бол? 

-Таван Толгой ХК-ны нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн 65 мянга орчим иргэн, үлдсэн 49 хувийг дэлхийн 23 орны 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байгаа. Энэ утгаараа Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан компаниудаас хамгийн олон орны иргэд хувьцааг нь эзэмшдэг Монголын үндэсний компани болж чадсан амжилтаараа манай хамт олон бахархаж явдаг.

Манай уурхайн хувьд 2004 оноос нүүрс экспортлох ажлыг эхлүүлснээр Монгол Улсын гадаадад нүүрс борлуулах гараа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш манай компани 30 гаруй сая тонн нүүрсийг БНХАУ-ын зах зээлд борлуулаад байна. 

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасаар байгаа одоо үед компани ашигтай ажиллахын тулд нүүрс олборлолт, тээвэрлэлтийн зардлаа бууруулах зайлшгүй шаардлагатай. Энэ талаар хэрхэн яаж ажиллаж байна?

-Хамгийн гол нь нүүрс олборлолтын зардлаа бууруулж байж компанийн ашиг орлого нэмэгдэнэ. Таван Толгойн бүлэг ордод олборлолт явуулж байгаа компаниудаас манай компани олборлолтын зардал хамгийн бага байгаа.

Тухайлбал манай компани нэг шоо метр уулын цулыг 4,800 төгрөгөөр олборлож байгаа бол “Эрдэнэс Таван Толгой” компани 6,800, “Энержи ресурс” ойролцоогоор 15 ам. доллараар олборлож байгаа. Бид олборлолтын зардлаа улам бууруулахаар тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. 

-Нүүрсний зах зээл хоёр жилийн дараа сэргэх талаар яригдаж байна. Та бүхэнд энэ талаар тодорхой мэдээлэл байгаа юу? 

-Бид энэ талаар БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийг сонирхон судалж, тоо дүгнэлт хийж байгаа. Одоогоор бидэнд олдсон мэдээллээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсантай холбогдон гангийн хэрэгцээ ихээхэн буурсан. Үүнийг дагаад ган хайлуулах коксжих нүүрсний хэрэглээ буурсан.

Харин ирэх хоёр жилээс БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буцаад нэмэгдэх, Японы цахилгаан станцууд нүүрсээр ажиллаж эхлэх учраас нүүрсний хэрэгцээ шаардлага эрс нэмэгдэнэ гэсэн судалгаа тооцоо гадаадын хэвлэлүүдээр гарч байна. Бүр тодорхой нарийн судалгаа ч гарсан байна лээ. 

-Орон нутгийн өмчит, жижиг Таван Толгой сүүлийн жилүүдэд багагүй ашигтай ажиллаж байгаа мэдээлэл байдаг. Харин тэр ашигтай ажиллагааг хамгийн энгийнээр, товчхон тайлбарлахгүй юу? 

-Энэ бол хэвлэл мэдээллийнхний байнга асуудаг асуулт л даа. Зүгээр хамгийн энгийнээр тайлбарлахад Улаанбаатарт томоохон бүтээн байгуулалт болоод байгаа Буянт-Ухаа I,II хорооллыг дунджаар 100 тэрбум төгрөгөөр барьж байгаа гэж тооцвол манай татварт төлсөн мөнгөөр таван хороолол барих боломжтой юм. 

Түүнчлэн 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл Тавантолгой ХК-ийн сүүлийн 10 жилийн татвар, ногдол ашгаар 578 ширхэг цэцэрлэг байгуулж, 173,400 хүүхэд хамрагдах боломжтой юм. 

Төрийн албан хаагчийн нэг жилийн цалин 7.5 сая төгрөг. Тэгвэл бидний төлсөн мөнгөөр 50 жилийн хугацаанд 1,540 төрийн албан хаагч ажиллуулах цалинтай тэнцэх юм. 

1,000 хүүхдийн багтаамжтай сургуулийг гурван тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол Тавантолгой ХК-ийн татварын мөнгөөр 190 сургууль барьж болно. 

150 ортой төрөх эмнэлгийг 10 тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол манай төлсөн татварын мөнгөөр 57 төрөх эмнэлэг барина. 
Нэг км замыг 550 сая төгрөгөөр барина. Тэгвэл 578 тэрбум төгрөгөөр 1,050 км замыг барьж байгуулж болно. Товчхондоо бид сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт ийм л орлого оруулж, үр дүнтэй ажилласан байна. Нөгөө талаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан, цалин, хөрөнгө оруулалт гээд тооцвол шууд үр дүнгээрээ хамгийн үр ашигтай ажилласан гэж дүгнэж болно. 

-Том Таван Толгойн асуудал УИХ дээр багагүй маргаан дагуулж байна. Энэ талаар та бүхэн ямар бодолтой байцгаана? 

-Хамгийн гол нь төмөр замаа Монголчууд өөрсдөө барьж, нүүрсээ тээвэрлэвэл зардал 30 хувь хямдрах хамгийн наад захын нөхцөл харагдаж байгаа юм. Түүнээс гадна нүүрсний шинэ шинэ зах зээл нээгдэх гээд олон давуу тал бий. Бид урьд өмнөх алдаан дээрээ суралцаад үндэсний эрх ашгийг дээдэлсэн зоригтой шийдвэр гаргах цаг болсон. 

Зураг