Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Болгар улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхлаа.

1957 оноос хойш Болгарын талаас  үзүүлсэн техникийн тусламжаар  500 гаруй иргэн тус улсад эм зүй, электроникс, хөдөө аж ахуй, соёл урлагийн мэргэжлээр их, дээд сургууль төгсчээ. Болгарын Ерөнхийлөгч тус улсад мэргэжил эзэмшсэн монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. Эдгээр төлөөлөгчид өнөөдөр эх орондоо алдарт дуучид, төрийн сайд, парламентын гишүүн, мэдээллийн технологийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүс болсонд бахархаж буйгаа Ерөнхийлөгч Росен Плевнелиев уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төрийн айлчлал болж буйд талархаж байгаагаа илэрхийлж, ноён Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсээд Монгол оронд тавтай зочлохыг урилаа. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зохион байгуулагдаж буй Монгол, Болгарын бизнес форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Монгол Болгарын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан энэ онд Болгарын Софи хотноо болох бөгөөд тус хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Хөдөө аж ахуй болон мэдээллийн технологийн салбар Болгар улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг юм. Уулзалтын үеэр дээрх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн хоёр орны газар зүйн байршлын давуу талыг ашиглан өөрсдийн орны эдийн засгийн боломжийн талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтад манай улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Батлан хамгаалахын сайд Цолмон, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, нар байлцлаа.