Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Оросын сансрын хөлөг удирдлагагүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 29
IKON.MN

Оросын нисгэгчгүй сансрын хөлөгт ямар нэг асуудал гарч зогсолтгүй эргэлдэж эхэлсэн нь Сандра Баллокын тоглосон Gravtiy киноны үзэгдлийг санагдуулж байна.

Өчигдөр өглөө Прогресс хөлөг Союз пуужинд тээгдэн сансарт гарсан ба зорилго нь Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) хангамжийн материал хүргэх байлаа.

Гэвч хөөрсний дараагаас хөлөгт асуудал гарчээ.

Хөлөгт байрлуулсан камернаас харвал тэр зогсолтгүй эргэлдэж эхэлсэн байна. Дор нийтлэгдсэн видео дүрснээс хэрхэн дэлхий, нар камерын дуранд харагдаж байгааг харж болно.

Уг нь Прогресс хөлөг Олон Улсын Сансрын Станцтай залгагдаж 2.7 тонн жинтэй хангамжийн ачааг хүргэх байв.

Мэргэжилтнүүд хөлөгт гарсан асуудлын учрыг олохоор ажиллаж байгаа ч үр дүн гараагүй байгаа гэнэ.

Гэхдээ энэ ачаа хүргэлт бүтэлгүйтсэн ч ОУСС дээр ажиллаж байгаа сансрын нисгэгчдийн багт хангалттай нөөц байгаа тул аюулгүй гэж үзэж байна.

Ийм асуудал Прогресс хөлгийн хувьд тун ховор тохиолддог гэнэ. 2011 онд Союз пуужинд гарсан гэмтэл Прогресс хөлөгт тодорхой асуудал үүсгэж байсан ч ОУСС-тай амжилттай залгагдаж байжээ.

Эх сурвалж: Mashable