Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: 1915 оны Армений геноцид

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сард XX зууны хамгийн айшигт үйл явдлуудын нэг болох Армений геноцидын 100 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

 

Ерөнхий мэдээлэл:

XV зуунаас Арменчууд нь Оттоманы эзэнт гүрний дотрох нэгэн үндэсний цөөнх байсаар иржээ. Тэд үндсэндээ үнэн алдартны загалмайтнууд байсан бол эрх баригч Оттоманы Туркууд нь суннит муслимууд байв. Армен гэр бүлүүд девширмэ (муслим биш хүмүүс) буюу онцгой татвар төлдөг бүлэгт багтаж байлаа. Гэхдээ Арменчууд Оттоманы захиргаанд байхдаа шашин шүтлэгийн эрх чөлөөтэй, тодорхой хамгаалалтан дор амьдарч байсан гэдэг. Эзэнт гүрний дотор тэд өөрийн хагас автономит нэгжийг байгуулан амьдарч байжээ.

XIX зуунаас Оттоманы хүч болон соёлын нөлөө буурч эхлэхтэй зэрэгцээд шашин хоорондын зөрчил нэмэгдэж эхэлсэн байна.

Энэ үед Оттоманы засгийн газарт Британи, Франц, Орос зэрэг гүрнүүд шахалт үзүүлж, христ шүтлэгтэй иргэдтэйгээ харьцах харьцаагаа зөөллөхийг шаардаж эхлэв.

Туркүүд дотоод хэрэгт оролцлоо хэмээн энэ шахалтанд дургүйцэж байлаа.

Гэвч байдал дордож Христ шүтлэгтэй мужууд гадны Христ гүрнүүдийн тусламжтайгаар эзэнт гүрнээс салж эхлэв. Грек, Болгар, Албани, Серби зэрэг улсууд нэг нэгээр Оттоманы эзэнт гүрнээс салсаар XX зууны эхэнтэй золгожээ.

1870-аад оны үед Оттоманы төрийн бодлого чангарсны улмаас Арменчуудын амьдрал тайван бус болж байлаа. Тэд үнэн алдартын шүтлэгтэй Орос улсын тусламжийг хүсэн хүлээж байв. Арменчууд дотроо хэд хэдэн улс төрийн нам, өөрийгөө хамгаалах хүч байгуулжээ. Оттоманы султан Абдул Хамид энэ үед зориудаар татварыг нь үлэмж хэмжээгээр ихэсгэж Туркийн зүүн хэсэг дэх Арменчуудыг бослого гаргахад хүргэжээ. Ингээд Курдуудээс бүрдсэн цэргийн хүчийг илгээж Арменчуудыг хядуулсан байна. 1894-96 онуудад болсон Хамидын хядлага нэртэй ажиллагааны үеэр 100,000-300,000 Армен хүн амиа алджээ.

 

Догшин XX дугаар зууны эхэн үе:

1908 оны долдугаар сарын 24-нд Залуу Туркуудын хувьсгалаар султан Абдул Хамид II-ыг түлхэн унагаж үндсэн хуульт хаант засгийг тогтоов. Энэ шинэчлэлийн үр дүнд Оттоманы Арменчууд сайн цаг ирнэ гэж найдаж байлаа. Гэвч дараа жилийн хавар нь Исламист оюутнууд, цэргийнхэн төрийн эргэлт хийж Залуу Туркуудыг зайлуулжээ. Арменчууд хувьсгалыг дэмжиж байсан учраас төрийн эргэлт хийгсэд Аданагийн гэгддэг хядлага үйлдэж 15,000-30,000 Армен иргэдийн амийг хөнөөв.

1912 онд Оттоманы эзэнт гүрэн Балканы Нэгдүгээр Дайнд ялагдаж Европ дахь газар нутгийнхаа 85 хувийг алджээ. Үүнтэй зэрэгцээд Итали улс Ливийн эрэг дагуух нутгийг нь булаав. Алдагдсан нутгуудаас, ялангуяа Балкан дахь үндэстний цэвэрлэгээнд өртсөн Муслим иргэд Турк рүү цувж эхэлжээ. 850,000 орчим ийм дүрвэгсэд Арменчуудын суудаг Анатолийн бүсүүдэд хуваарилагдав. Мэдээж шинэ хөршүүд хоорондоо найрсаг байсангүй.

Дүрвэгч Туркууд очсон Анатолийн газар нутгийг өөрсдийн шинэ эх орон хэмээн харж эхлэв. Харамсалтай нь ойролцоогоор хоёр сая орчим Арменчууд энэ газрыг бас өөрийн эх орон гэж боддог байлаа.

 

Геноцид эхэллээ:

1915 оны хоёрдугаар сарын 25-нд Энвер Паша Оттоманы армид алба хааж буй бүх Армен цэргүүдийн зэвсгийг хурааж, ердийн хөдөлмөрийн анги нэгжүүдэд шилжүүлэх тушаал гаргажээ.

Зэвсэггүй болсон тэднийг бөөнөөр нь устгах ажиллагааг зохион байгуулав.

Мөн ийм аргаар Жевдэт Бэй 1915 оны дөрөвдүгээр сарын 19-нд Армений томоохон хэрэм хот Ваны 4,000 цэргийн насны эрчүүдэд зарлан дуудах бичиг тараажээ. Үүнд эргэлзсэн Арменчууд эрчүүдээ хядлагад илгээхээс татгалзан тул Жевдэт Бэй хотыг сар орчим хугацаанд бүсэлсэн байна. Тэр хот дахь бүх Христүүдийг ална хэмээн заналхийлэв.

Гэвч Арменчууд хотоо хамгаалж Оросын генерал Николай Юденичийн цэрэг 1915 оны тавдугаар сард хотыг чөлөөлөх хүртэл тэссэн юм.

Дэлхийн Нэгдүгээр Дайн ширүүсч Орос улс холбоотнуудын хамт Оттоманы эзэнт гүрний эсрэг байлдаж байлаа. Энэ нь Туркын эрх баригчдад Арменчуудын эсрэг аллага хийх шалтаг болов. Туркуудын нүдээр Арменчууд тэдний дайсантай нь холбоотой болж таарчээ.

Энэ үед буюу 1915 оны дөрөвдүгээр сарын 23, 24-нд Константинопольд Оттоманы эрх баригчид ойролцоогоор 250 Армений удирдагчид, сэхээтнүүдийг баривчлав. Тэднийг нийслэлээс гадагш шилжүүлээд сүүлд нь бүгдийг цаазалжээ. Энэ явдлыг Улаан Ням гараг гэж нэрлэдэг ба Туркын засгийн газар Арменчуудыг дайснуудтай нь хуйвалдаж байсан хэмээн зарласан байна.

1915 оны тавдугаар сарын 27-нд Оттоманы парламент Техсирийн Хууль нэртэй Нүүлгэн шилжүүлэх түр журмыг баталж тус улсын бүх Армен иргэдийг баривчилж, нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрчээ.

Хууль 1915 оны зургадугаар сарын нэгнээс мөрдөгдөж 1916 оны хоёрдугаар сарын найман хүртэл үргэлжлэхээр байв. Хоёр дахь журам “Орхигдсон өмчийн тухай хууль” нэртэйгээр 1915 оны есдүгээр сарын 13-нд гарч нүүлгэн шилжүүлсэн Армен иргэдийн газар, гэр орон, мал аж ахуй зэрэг хөрөнгийг Оттоманы засгийн газар авахаар болжээ.

Энэ хууль геноцид болсны дараа хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.

 

Армений геноцид:

Олон зуун мянган Арменчууд хүчээр Сирийн цөл рүү хүргэгдэж ямар ч хоол хүнс, усгүйгээр хаягджээ.

Өөр нэг хэсэг нь үхэр тэргэнд бөөнөөр чихигдэн Багдадын төмөр замд хүргэгдэж, мөн хоол хүнсгүйгээр цөлд хаягдав. Сири, Иракын хил дагуу 25 байгууламжинд өлсгөлөн хүмүүсийг хорьжээ.

Эдгээр хорих газрууд ердөө хэдхэн сар ажиллаж 1915 оны өвөл гэхэд хүүрээр дүүрсэн байв.

Тэр үеийн Нью Йорк Таймс сонинд бичсэнээр цөлөгдсөн хүмүүс өвс ургамал, хорхой шавьж, үхсэн амьтан, хүний сэг зэмийг хүртэл идэж байжээ.

Зарим мужуудад засгийн газар Арменчуудыг нүүлгэсэнгүй. 5,000 хүрэхгүй хүн амтай тосгодын иргэдийг нэг байшинд бөөнөөр чихэж байгаад шатааж байв.

Трабзон мужид Армен хүүхэд, эмэгтэйчүүдийг завинд ачин Хар тэнгисийн гүнд хүрээд ус руу түлхэн живүүлж байв.

Нийт дүнгээр 600,000-аас 1,500,000 орчим Оттоманы Арменчууд янз бүрийн аргаар алагджээ. Эрх баригчид тоо баримт үлдээгээгүй тул яг хэдэн хүн үрэгдсэн нь тодорхойгүй.

Германы дэд консул Макс Эрвин вон Шюбнер-Рихтерын тооцоолсноор 100,000 орчим Армен хүн уг аллагаас амьд үлдсэн гэдэг.

 

Шүүлт ба үр дагавар

1919 онд Султан Мехмет VI, Оттоманы эзэнт гүрнийг Дэлхийн Нэгдүгээр Дайнд оролцуулсан дээд тушаалын цэргийнхний хэргийг шүүсэн юм.

Тэднийг бас Армен хүмүүсийг бөөнөөр устгах ажиллагааг төлөвлөн, зохион байгуулсанд давхар буруутгаж байв.

Султан 130 гаруй хүнд ял оноосон ч тэдний хэд хэдэн цаазын ялтай этгээдүүд улсаасаа дүрвэн гарсан байсны дотор ерөнхий сайд байсан хүн ч байжээ.

Тэднийг гадаадад удаан амьдраагүй гэдэг. Армений өшөө авагчид тэднийг мөрдөж дор хаяж хоёрыг нь алсан баримт бий.

Дайнд ялсан Холбоотнууд 1920 оны Севрезийн гэрээгээр Оттоманы эзэнт гүрнээс аллагын холбоотнуудыг гаргаж өгөхийг шаардав. Олон тооны улс төрчид, армийн офицерууд баривчлагдсан байна. Гэвч тэднийг гурван жил Мальтад хорьж шүүх хурлыг хүлээсэн ч эцэстээ Турк руу ямар ч шийтгэлгүй буцацгаасан байна.

1943 онд Польшийн хууль зүйн ухааны профессор Рафаел Лемкин Армений хядлагын тухай илтгэл тавихдаа анх “геноцид” гэдэг үгийг гаргаж иржээ.

Грек язгуурын “genos” буюу гэр бүл, овог аймаг гэсэн утгатай үгэн дээр Латин хэлний “cide” буюу аллага гэдэг үгийг залгаж “геноцид” гэсэн үгийг бүтээсэн байна.

Өнөөдөр Армений геноцидыг 20 дугаар зууны хамгийн харгис хэрцгий үйл явдлуудын нэгэнд тооцдог юм.

 

Эх сурвалж: asianhistory.about.com