Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэлхийн усны форумд оролцож байна

БОНХАЖЯ
2015 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол БНСУ-ын Кёнжу, Тэгү хотод болж буй Дэлхийн  усны долоо дахь удаагийн форумд оролцож байна.

Тэрбээр  форумын эхний өдөр Сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцов. Нийт 170 улс орны төлөөлөгчид оролцсон Дэлхийн усны форумын Сайд нарын дээд хэмжээний уулзалтаас “цэнхэр алт” болсон усаа хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах талаах  улс орнууд нийтээрээ дагаж мөрдөх Тунхаглал гаргалаа.

Форумын  эхний өдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллагын ерөнхий захирал Иво Де Боертой уулзсан бөгөөд уулзалтын эхэнд сайд Д.Оюунхорол ногоон хөгжлийг Монголд таниулан сурталчлах, хөхүүлэн дэмжихэд чиглэсэн зорилтот хөтөлбөр, үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаад  талархал илэрхийлэв.

Мөн ногоон хөгжлийн чиглэлээр  жишиг зураг төсөл боловсруулж баталгаажуулах, цаашлаад ногоон цэцэрлэгийн барилга барьж, загвар болгох, цэцэрлэгийн үйл ажиллагааг нь ногоон болгоход дэмжлэг үзүүлж бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн ногоон хөгжил, ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засаг, татвар, зээл болон ногоон хөгжлийн мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон нийт, орон нутагт сургалт зохион байгуулахад хамтран ажиллахыг хүссэн юм. 

 

Даян дэлхийн ногоон өсөлтийн  байгууллагын  Зөвлөлөөс Монгол Улсад 2015-2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг 900,000 ам.долларын өртөгтэйгөөр баталсан бөгөөд усны мэдээллийн сан бүрдүүлэх,  эрчим хүч, усны менежмент, газар ашиглалт, хот төлөвлөлтийн хүрээнд боловсруулжээ.

Энэ чиглэлээр БОНХАЖЯ-тай хамтран ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, ялангуяа эрчим хүч, барилга, усны салбарт хэрэгжих арга хэмжээг төлөвлөх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай ногоон цэцэрлэгийн зураг төсөв боловсруулах, Усны нөөцийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр Улсын усны мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн сангийн дизайныг боловсронгуй болгох зэрэг ажлыг  хийх аж.  

Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллагын ерөнхий захирал Иво Де Боер Монголын ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн ирэх долдугаар сард Балид  тус байгууллагын Дээд хэмжээний уулзалт болох бөгөөд уг уулзалтад  оролцох ассамблейн даргын урилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлахыг БОНХАЖ-ын сайдаас хүслээ. 

БОНХАЖ-ын сайдыг дагалдан  Дэлхийн усны форумд БОНХАЖЯ-ны ГЗББУНБЗГ-ын дарга Г.Мөнх-Эрдэм, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Ерөөлт тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.