Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчууд Олимп"-д

Ж.Цэцэгмаа
2015 оны 4 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Бразилийн Рео Де Жанейро хотноо болох олимпийн наадам эхлэхэд жил гаруйн хугацаа үлджээ. Уншигч олондоо “Өглөөний сонин”-ы зүгээс “Монголчууд олимп”-д буланг цувралаар хүргэхээр боллоо. Хамгийн анхны дугаартаа Монгол Улсын шигшээ баг тамирчдын хамгийн анхлан оролцож байсан Токиогийн олимпийн наадам, хамгийн анхлан медаль хүртсэн 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон олимпийн наадмын түүхийг эргүүллээ.

Зуны 13 дугаар их наадам буюу Токиогийн олимп

1964 оны 10 дугаар сарын 10-24-нд Японы Токио хотноо зохион байгуулагдсан Зуны олимп.

Тус улс нь 1940 оны Зуны олимпийг зохион байгуулах эрхтэй байсан ч Япон Улс Хятадад халдан довтолсны улмаас Хельсинки хотод уг олимпийг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн.

Монголчуудын хувьд ч хамгийн анхны олимпдоо оролцсон юм. 

Гэсэн нь дэлхийн хоёрдугаар дайны улмаас энэ олимп цуцлагдсан түүхтэй.

Ингэж явсаар Баруун Германы Мюнхен хотноо 1959 оны тавдугаар сарын 26-нд болсон олон улсын олимпийн хорооны 55 дугаар чуулганаар Токио хот нь Детройт, Брюссель, Вена хотуудыг ялж Зуны олимпийн 13 дугаар их наадмыг зохион байгуулахаар болсон Япончууд болон түүхнээ Ази улсад олимпийн наадам ийнхүү зохион байгуулагдсан түүхтэй.

Монголчуудын хувьд ч хамгийн анхны олимпдоо оролцсон юм. Энэхүү наадамд манай улс спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй дөрөв нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан нь нэг ч тамирчин шагналын тавцанд зогсож чадаагүй.

Гэсэн ч тамирчдад энэхүү олимп ихээхэн туршлага хуримтлуулж 1968 оны Мехикогийн олимпод чөлөөт бөхийн төрлөөр дөрвөн тамирчин медаль хүртсэн билээ. Токиогийн олимпод оролцож байсан тамирчдын хувийн амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Чөлөөт бөхийн төрлөөр найман тамирчин оролцож байжээ

Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилтын хуудсыг эхлүүлсэн олимпын наадмыг 1968 оны Мехикогийн олимп гэдэг ч оролцож явсан азай буурлууд Токиогийн олимп хэмээн бэлгэшээдэг юм билээ. Учир нь тив дэлхийд чөлөөт бөхөөр хүчтэй өрсөлдөгч байж чадахаа тэд 1964 оны Токиогийн олимпоор мэдэрсэн юм гэдэг.

Энэхүү олимпод 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин ардын багш Ч.Дамдиншарав, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Б.Санжаа, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, 78 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин дархан аварга Ж.Мөнхбат, 87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, 97 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа нар оролцож байсан түүхтэй.

Хөнгөн атлетикийн тамирчид

Хөнгөн атлетикийн төрөлд гурван тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд уралдсан Д.Амарсанаа нэгдүгээр шатанд хасагдсан ч 800 метрийн гүйлтийн уралдаанд оролцож 1:56:3 минутаар 42 дугаар байр эзэлж байсан юм.

Мөн эмэгтэйчүүдээс Р.Алданыш 400 метрийн гүйлтэд 60.8, 800 метрийн уралдаанд 2:21:1 метрийн амжилт үзүүлсэн байна. Харин зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа 44.55 метрийн амжилт үзүүлж байсан түүхтэй.

Дугуйн спортын төрөл

Тус олимпод дугуйн спортын тамирчид эрэгтэй бөөн гараа, эрэгтэй багийн гараатай уралдаанд оролцсон.

Хувийн бөөн гараатай уралдаанд Л.Буудай, Ч.Саманд, Я.Баатар, Л.Эрхэмжамц нарын тамирчид оролцсоноос Л.Буудай 4:39:51:79 цагийн амжилтаар 82 дугаар байрт шалгарсан юм. Харин багийн бөөн гарааны төрөлд тэд 2:48:55:57 цагийн амжилтаар 23 дугаар байр эзэлж байжээ.

Буудлага

Урт бууны чөлөөт төрөлд Д.Лхагважав оролцож 1,070 оноогоор 24 дүгээр байрт шалгарсан бол Т.Мягмаржав rap бууны төрөлд 518 оноогоор 40 дүгээр байр эзэлж байсан түүхтэй.

Гимнастик

Олимпын наадамд эрэгтэйчүүдээс З.Нямдаваа, эмэгтэйчүүдээс Ц.Гүндэгмаа, Я.Туяа нар оролцсон. Олон төрөлтөд Ц.Гүндэгмаа нийлбэр дүнгээр 63 дугаар байр, харин Я.Туяагийн хувьд 67 дугаар байрт шалгарч байсан юм.

1968 оны Мехикогийн олимп -Төрийн далбаа дөрвөнтэй мандав

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадам анх Грекд үүссэн түүхтэй. Түүнийг эртний олимп гэдэг бол 1889 онд Афинд анхны орчин үеийн олимпын наадам үүсч байсан юм.

Тэр цагаас хойш дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдсаар дэлхийн хүн төрөлхтний хамгийн томоохон спортын наадам болон хөгжсөн.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадам анх Грекд үүссэн түүхтэй. 

Мөн олон улсын олимпын хороо нь анх Пиер Кубертэн гэгч Францын сурвалжит гаралт иргэнээс үүсэлтэй гэж үздэг.

Пиер дэлхийн даяар спорт сонирхогч тамирчдыг цуглуулж олон төрлийн спортоор өрсөлдүүлэх мөрөөдөлтэй байж л дээ. Тиймээс “Олимпын хөдөлгөөн” хэмээх наадмыг зохион байгуулах спортын холбоодын эрх  барих байгууллага мэндэлсэн юм гэдэг. Ийнхүү олимпын  наадмыг жил ирэх тусам зохион байгуулалт сайтай болгосоор улам бүр сүр хүчтэй болсон юм...

Бид энэхүү нэгэн баримт дэлгэсэн нь учиртай. Өмнөх дугаартаа бид Монголчуудын хамгийн анх удаагаа оролцож байсан Токиогийн олимпын наадмын тухай түүхийн хуудсыг эргүүлсэн билээ. 

Харин энэ удаад элэг нэгт Монголчуудын хамгийн анхны амжилт гаргаж байсан Мехикогийн олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцож анхны медалийг эх орондоо авчирч байсан шигшээ багийн тамирчдын талаар өгүүлэхийг зэхлээ.

1968 оны тус олимп нь 10 дугаар сарын 12-27 ны өдрүүдэд болсон. Латин Америкт болсон анхны уг наадамд 112 орны 5,530 буюу эрэгтэй 4,750, эмэгтэй 780 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Мексик Улс нь уг олимпын эрхийг 1963 оны 10 дугаар сарын 18 ны өдөр Баден хотод хуралдсан  олон улсын  хорооны 60 дугаар чуулганаас АНУ-ын Детройт, Францын Лион, Аргентины Буэнос Айрес хотуудтай өрсөлдөж авсан юм.

Монголчуудын хувьд тус наадамд Буудлага, Спортын  гимнастик, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрлөөр оролцож байсан. Үүнээс чөлөөт бөхийн төрлөөр нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж олимпын замнал эхэлсэн  түүхтэй. 

Шигшээ багийн зорилго эхний зургадугаар байрт шалгарах 

Олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл ажилтай танилцахаар МАХН-ын УТТ-ны гишүүн С.Моломжамц, Б.Лхамсүрэн зэрэг албаны хүмүүс ирж олимпын наадамд оролцох баг тамирчидтай уулзсан юм гэдэг.

Тухайн үеийн албаны төлөөллүүд бөхийн барилдаанд ихээхэн анхаарлаа хандуулж “Та бүхний зорилго эхний зургадугаар байрт л шалгарч шагналын оноо авч БНМАУ-ын байрыг тодорхойлох явдал. Нам засгаас та нарт өгч буй хөрөнгө мөнгө, олимпын наадамд ирж очих зардал зэрэг нь хоёр бага сургууль байгуулах хэмжээний хөрөнгө мөнгө шүү” хэмээн хатуу сануулсан юм гэдэг.

Ингэснээр шигшээ багийн тамирчид 1968 оны 10 дугаар сарын 16 ны өглөө Улаанбаатараас -Эрхүү -Москвагийн чиглэлд 7.30 минутад нисч Москвад буун цаашлаад Парис-Монреалийн чиглэлд 7.30 минутад мөн нисч Монреаль хотод таван цаг гаруй хүлээн "Аэр Канад онгоцонд суун Мехикогийн чиглэлд найман цаг гаруй нисч олимпын наадам болох газартаа очсон юм. 

Тамирчдад цагийн зөрүү хэцүү байв

Удахгүй болох Лондонгийн олимпын хамгийн эрсдэлтэй зүйл нь цагийн зөрүү хэмээх даваа байгаа. Гэтэл 1968 оны Мехикогийн олимпод хүч үзэж байсан азай буурлууд маань 30 гаруй цагийг агаарт өнгөрүүлж, 2,224 метрийн өндөрлөг газар, дээр нь цагийн зөрүү зэргээс их ядарцгааж байсан гэдэг.

Гэсэн ч тамирчид БНМАУ-ын удирдлагуудын хатуу захиасыг биелүүлэхийн тулд хэчнээн ядарсан ч сэтгэлзүйн бэлтгэл асар өндөр байсан юм.


Ч.Дамдиншарав гуай саун, массаж хоёроос салсангүй

Зодоглоно гэхээр бүхий л тамирчид, ялангуяа чөлөөтийнхөн маань маш их ачаалалтай байсан. Ардын багш Ч.Дамдиншарав гуайн хувьд жингээ хасахын тулд хоолгүй шахам саун, массаж хоёроос бараг л салсангүй. Түүний хувьд 6 кг 300 грамм хассан гэдэг. Мөн П.Дагвасүрэнгийн халуун буухгүй улмаас оронд нь Т.Артаг барилдах болж, Ө.Эрдэнэ-Очирын гэдсэнд хатиг гарсан гэх шалтгаанаар Д.Адьяатөмөр зодоглох болов.

Ингэснээр хүссэн хүлээсэн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Писта Хаелло” бөхийн зааланд A, В, С гэсэн өндөрлөж байрлуулсан гурван дэвжээн дээр эхлэв. Тэр үеийн барилдааны дүрэмд цэвэр ялагдвал 0, оноогоор бол 1, тэнцвэл 2, цэвэр ялбал 4, оноогоор ялагдвал 3, барилдааны нийлбэр дүнгээр 6 оноо олгодог байв. Ингээд 20 ны өдөр 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав гуай тавдугаар тойрогт Германы П.Неффтэй барилдаж оноогоор дийлж явтал Германы бөх мөрөндөө гэмтэл авч манай бөхөд цэвэр ялалт өгөв.

Ийнхүү хамгийн сүүлд Японы бөх олимп, дэлхийн аваргатай барилдаж ялагдан хүрэл медалийн болзол хангаж анхны медалийн эзэн болсон түүхтэй. Энэхүү ялалт нь дараа, дараагийн барилдах бөхчүүддээ ихээхэн урам хайрласан юм гэдэг. Харин 78 кг-ын жинд барилдсан Т.Артаг Туркийн М.Аталайтай медалийн төлөө барилдаж 2:2 онооны харьцаатай тэнцэж мөн хүрэл медаль хүртсэн байна.


Ж.Мөнхбатын “УУР” түүнийг мөнгөн медалийн эзэн болгов

Мехикогийн олимпын 87 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат гуай энэхүү олимпод 1964 оны олимпын аварга П.Гаржев, ЗХУ-ын бөх, дэлхийн аварга Б.Гурвич, Америкийн Т.Пеххэм нартай медалийн төлөө барилдсан. Харин манай бөхийн хувьд Америкийн бөх Т.Пекхэмийг ялж мөнгөн медаль хүртэх үү, ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарах уу гэдэг эгзэгтэй үе ирэв.

Дасгалжуулагчаар ажилласан Магсар багш шавийнхаа сэтгэл зүйд нөлөөлөх зүйл хийх зайлшгүй шаардлага гарсан юм гэдэг. Тэрбээр урьд нь Ж.Мөнхбатыг уурлуулсан үед сайхан барилдаан гардгийг харж л дээ. Тэгээд барилдааны эхний таван минут өнгөрөн завсарлахад “Аварга аварга л гэнэ. Ялж чадахгүй юм бол хэвтээд өгөөч.

Тарваа эмчээ наадхаа юунд нь сэвдэг юм. Хая хэмээн зандрангуй хэлсэн юм гэдэг. Мөөеө аваргын уур ч дээд цэгтээ хүрч бяр хүч нь багтаж ядан өрсөлдөгч бөхөөсөө хүч гарган дугтарч 1 оноо, дахин нэмж нэг оноо авч мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Ингэж олимпод монголчууд оролцож эхэлсэн цагаас анхны мөнгөн медаль Ж.Мөнхбат аваргынх болсон юм. Харин -97 кг-ын жинд барилдсан Х.Баянмөнх гуай шийдвэрлэх барилдаанд Туркийн А.Аийкт 1 минут 2 секундэд цэвэр ялагдан тавдугаар байр эзэлж багтаа хоёр оноо авчирсан.

Олимпын наадмын медалийн буухиаг 70 кг-д оролцсон Д.Сэрээтэр гуай үргэлжлүүлж дэлхийн гурван удаагийн аварга Ираны алдарт бөх А.Мовахедад шийдвэрлэх мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялагдан хүрэл медаль дээр буужээ. Ингэснээр азай буурлууд маань олимпын тэнгэрт дөрвөнтэй төрийн далбаагаа мандуулж байсан түүхтэй.

Мөн энэхүү наадамд чөлөөт бөхийн  шигшээ багийн тамирчдад арга туршлагаараа хамгийн их нөлөөлсөн хүн нь О.Цэрэндагва гуай байсан гэдэг. Түүний хувьд өмнө нэг олимп, дөрвөн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатайн хувьд аргаггүй л илүүрхэж зааж зөвлөж байв.


Ч.Дамдиншарав: Тэр үед медаль хүртэнэ гэж бодоо ч үгүй явлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав гуайгаас 1968 оны олимпийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Тантай уулзчихаад олимпоос анхны медаль авч байсан тэр үеийн сайхан дурсамжийг хуваалцахгүй өнгөрч боломгүй санагдана?

-Монголчууд 1964 онд Японы Токиод болсон олимпод анх оролцож байсан түүхтэй. Олимп гэж юу байдгийг тэнд л мэдэрч байлаа шүү дээ. Түүнээс дөрвөн жилийн дараа манайх олимпоос медаль хүртэж байсан удаатай.

-Та эх орныхоо нэрийг гаргаж, тамирчнаас хамгийн анх медаль хүртэж байсан гэдгээрээ бахархдаг уу. Ер нь тухайн үед медаль хүртчихнэ гэсэн найдлага хэр байв. Их л дарамт, хавчлагатай байсан гэдэг юм билээ?

-Бахархалгүй яахав. Монголчууд анх удаа түүхэндээ олимпоос медаль хүртсэн тэр салхийг нь хагалсан хүн болохоор арга ч үгүй юм уу даа.

Медалиа авчихаад өрөөндөө орж иртэл Мөнхбат, Сэрээтэр, Артаг нар уухайлаад л босоод ирж билээ.

Монголчууд 1964 онд Японы Токиод болсон олимпод анх оролцож байсан түүхтэй.

Тэдэнд ч их урам өгсөн байх аа. Учир нь тэд шийдвэрлэх барилдаанаа хийх гэж байсан юм. 

Тэд ч чадсан. Гэхдээ ах нь олимпоос медаль хүртсэндээ биш, анхдагч болохоор л хүмүүст танигдаж, түүхэнд тэмдэглэгдсэн.

-Тэр үед долоон тойрог барилдсан гэдэг байх аа. Бусад орны тамирчид хэр хүчтэй өрсөлдөгчид байж чадсан бэ?

-Надтай барилдсан бөхчүүд жигд сайн байсан. Хамгийн сүүлд Японы бөх олимп, дэлхийн аваргатай барилдаад ялагдсан. Тэр үед Монголыг мэддэггүй байсан юм уу, бүү мэд.

Шүүгчийн хавчлага, дарамт их нөлөөлсөн дөө, Үнэнээ хэлэхэд ах нь медаль хүртэнэ гэж бодоо ч үгүй байсан юм шүү. Хоёр дахь удаагаа л олимпод оролцож үзэж байсан болохоор тэр юм болов уу. Нас залуу 23-тай л байлаа шүү дээ. Олимпийн медаль хүртсэн түүх минь товчхондоо иймэрхүү.

Зураг