Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ил сэтгэлийн инээдэг төрх

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 4 сарын 6
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг
Улсын гарьд П.Сүхбат

П.Сүхбат (1964-2015)

Дэлхийн шилдгүүд чуулсан чөлөөтийн дэвжээнд ч, үе чацуутнуудтайгаа тунасан наадмын талбайд ч, төрийн сүлдийг найм тойрсон заан цолондоо ч, түмэн олныхоо сэтгэлд ч ТЭР цаг мөнхөд “ТОМ” хэвээр үлдлээ. 

1985 оны наадам хоёр дахь өдрөө үргэлжилж, Төв цэнгэлдэхийн дуу өсгөгчөөр  “Ардын хувьсгалын 67 жилийн ойн баяр наадмын тавын даваа ийнхүү эхэллээ. Хүн бүхний горь найдвар тавьж, улсын начны тааварт нэр оноон хүлээж байсан залуу бөх Сүхбат, Хишигдорж, Бямбадорж, Эрдэнэбат, Эрдэнэбаяр, Энхбаяр нар хоорондоо тунаж, тулж барилдахаар болсон нь сонирхол татаж байна.

Хүчтэй өрсөлдөгчтэй учирсан ч залуу бөх Сүхбат, Эрдэнэбаяр, Эрдэнэбат нар тав давж наадамчин олноо баясгалаа” хэмээн хүнгэнүүлэн зарлахад тэр дөнгөж 24-хөн настай, тэр үеийн залуу бөх, одоогийн улсын заан Д.Хишигдоржийг давхар хамчихаад гүйж явлаа. 

Зургаагийн даваа эхлээд удаагүй байтал Төв цэнгэлдэхийн өсгөгч дахин цуурайтаж “Дөнгөж сая тав давсан залуу бөх Сүхбат аралтай, бяртай Давааням зааныг бараг л харахын завдалгүй хамаад явчихлаа” гэж зарласан нь одоо ч цахим хуудсанд бий. Тэр ингэж л Монгол бөхийн нэгэн үеийг эзэгнэсэн 1964 оны 21 луу жилтнээс барилдааны хурд, мэхийн уран, эгэл дотно инээмсэглэсэн төрхөөрөө “том” харагдаж эхэлсэн билээ. 

Улс хувьсгалын 70 жилийн ойн баяр эхлэхэд Төв цэнгэлдэхийн хойморт Монгол Улсын төрийн далбааг залахаар өргөн туузтай олон медаль зүүсэн хоёр идэрхэн заан алхаж айсуй. Тэд энэ өдрийн наадамд өөрсдийг нь хазайлгах хүчтэн үгүйг мэдсэн юм шиг төрийнхөө далбааг мандуулчихаад Цэнгэлдэх тойрон алхаж буй түүхэн зураг өмнө минь байна.

Наймын даваанд хүний хүү хазайлгахад бэрх болоод байсан залуу аваргыг өхийлдөөд суулгачихсан заан П.Сүхбат үзүүр түрүүний барилдаанд О.Балжинням зааны баруун хавираанд явчих нь тэр. Тэгж унасандаа харуусал тээн “Нэгэнт түрүүлж чадаагүйгээс хойш аваргынхаа завсаргүй 12 түрүүлэх амжилтад тээр болж, яах гэж хаяв аа гэж бодсон удаа цөөнгүй” хэмээн ам алдсан удаатай.

Үнэхээр ч аваргыг давж ирчихээд уур савссан халуун цай залгилсан гэх домог шиг яриа олны дунд явдаг. Тэр хурц тэсрэлт, хурдан барилдаан шигээ тийм л сэтгэлийн хөдлөлтэй эр байжээ. 

“Хүсэвч барилдахгүй, хясавч очиж үзэхгүй өнгөрсөнд хүн харуусдаг л юм билээ” гээд хоолой зангируулахдаа тэр 1994 оны наадмын долоогийн даваа, 1992 оны Барселонагийн олимпийн финалийн барилдааныг л бодсон биз ээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, 1988 оны Сөүлийн олимпийн тавдугаар байрын шагналт, тэр үедээ 90 кг-ын жинд дэлхийд тун хэцүү учраа байсан П.Сүхбат Америкийн тамирчин Крис Кэмпбелтэй барилдаж, нэг нэгээр тэнцэж яваад сүүлийн 10 секундэд хоёр оноо алдан дөрөвдүгээр байрт  шалгарч байжээ.

Инээмсэглэсэн төрх, ааг бярыг нь зөөллөсөн эгэл зангийнх нь цаана арслангийн энд багтам хүч баяр, хурд авхаалж багтсан.

Хоёр жилийн дараа тэр хүсэн хүлээсэн төрийн наадмын түрүүндээ аанай хүрэх гэж яваад мөн л алдсан удаатай.

“Тэр үед би хүний хөл хараад инээд хүрдэг байлаа шүү” гэж ярьсныг нь батлах жишээ олон. Тэр хэний ч хөлийг, аль ч талаас нь авчихдаг элдэвтэй үедээ явлаа. Тэр л сурцаараа Б.Гантогтохын хөлийг шүүрэн, хаяж яваад шороодсон барилдааныхаа талаар “Сэтгэлийн хөөрөл өндрөөс болсон юм уу даа. Тиймэрхүү байдал эрт ирэх байсан амжилтыг минь хойш татсан болов уу” хэмээн уужуухан хүүрнэдэг байв. 

Инээмсэглэсэн төрх, ааг бярыг нь зөөллөсөн эгэл зангийнх нь цаана арслангийн энд багтам хүч баяр, хурд авхаалж багтсан байж үү дээ. “Нээрээ би арслан шүү” гэсэн сэтгэлийн чинад дахь бодлоо цээжин дээрээ тодруулсныг нь ард түмэн мэднэ. Тэр зүлэг ногоон дэвжээнээ хуйрнан шуугигч хүчит гарьд, хүч тэнхээ нь багтаж ядсан арслан явжээ. 

Нэгэн хэсэг жилүүдэд эх орноосоо алсран, холын Америкийн Колорадо мужид амьдарч байсан гарьд маань эх орондоо эргэн ирж, суурьшсан ч зуурдаар биднийг орхин бүр ч холын аянд одлоо. Ийм л сэтгэл шүү гэж илчлээд байх шиг инээмсэглэл, энэ л цол шүү гэх шиг арслангийн дүр бидний сэтгэлд үлдлээ, гарьд минь.

 

Зураг