Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргын БНПУ-д хийх айлчлал эхэллээ

open.parliament.mn
2015 оны 3 сарын 19
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын БНПУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар тус улсад энэ сарын 18-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийх юм.

УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.

УИХ-ын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна.

УИХ-ын даргын БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна.