Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Габриель Гарсиа Маркесын сүүлчийн захиа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Колумбийн агуу зохиолч Габриель Гарсиа Маркес тунгалагийн булчирхайн хорт хавдраар өвчилснийхөө дараа уншигчиддаа хандаж бичсэн захидал:

 

Хэрвээ Бурхан намайг ямар болчихоод байгааг минь түр мартаж, надад богинохон ч гэсэн амьдрал бэлэглэвэл би түүнд хамаг авьяас чадлаа зориулах болно.

 

Би зөвхөн бодож байгаагаа ярихгүй, харин юу ярихаа илүү их бодох байлаа.

 

Би аливаа зүйлийн үнэ өртгийг бус ач холбогдлыг нь түрүүлж харах байлаа.

 

Би бага унтаж, ихийг мөрөөдөх байлаа. Учир нь нүдээ аньсан нэг минут болгондоо 60 секундын гэрлийг бид алдаж байдгийг би мэднэ.

 

Бусдыг зогсож байхад би явж, бусдыг унтаж байхад би сэрүүн байх байлаа.

 

Хэрвээ Бурхан надад жаахан ч гэсэн амьдрал өгвөл би энгийнээс энгийн хувцаслаад, нарны гэрэлд биеэ, бас сэтгэлээ ээн зогсох байлаа.

 

Хүн хөгшрөхөөрөө дурлахаа больдог биш, харин дурлахаа болихоор хөгширдөг болохыг би бүх хүмүүст ойлгуулах байлаа.

 

Би хүүхдүүдэд даль жигүүр бэлэглээд, хэрхэн нисэхийг нь өөрсдөө сурах боломж олгох байлаа.

 

Үхэл, нас өндөр болохоор ирдэг биш, харин бусдад мартагдахаар ирдэг болохыг би настай хүмүүст хэлэх байлаа.

 

Би бас хүмүүс та бүхнээс ихийг сурч ойлгосон билээ.

 

Хүн бүр уулын орой дээр амьдрахыг хүсдэг ч жинхэнэ аз жаргал тэр оройд хүрэх зам зуурт байдгийг хүмүүс олж хардаггүйг би ойлгож авсан.

 

Шинэхэн төрсөн нярай, бяцхан гараараа аавынхаа хурууг олж атгасан цагаас эхлээд бүх амьдралынхаа туршид холбогддогийг би мэдэж авсан.

 

Хүн зөвхөн газарт унасан нэгнээ татаж босгохын тулд л дээрээс доош харах ёстойг би ойлгож авлаа.

 

Бодож байгаагаа бус, зөвхөн мэдэрч байгаагаа ярих ёстойг ойлголоо.

 

Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр гэдгээ мэдвэл би та нарыгаа бүх чадлаараа тэвэрч, Бурхнаас та бүгдийн зүрх сэтгэлийг хамгаалагч сахиусан тэнгэр болгож өгөхийг гуйн залбирмаар байна.

Та нарыгаа харах сүүлийн боломж гэдгээ мэдвэл “бүгдэнд нь хайртай” гэж хэлмээр байна.

Хайртай хүмүүстээ ойр байж тэдэндээ хэр хайртайгаа илчил. Тэднийгээ хайрлаж, халамжилж, бүх мэддэг сайхан үгсээ хэлээрэй. Дотроо бодоод явлаа гэхэд хэн ч тэрийг чинь ойлгож мэдэхгүй шүү.

 

Энэ захиаг хайртай хүмүүстээ илгээгээрэй. Өнөөдөр амжихгүй бол маргааш хий. Өмнө нь ганц удаа ингэж байгаагүй ч асуудал биш, яг одоо хийхэд л болно.

 

Габриель Гарсиа Маркес