Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сар ба “хар хайрцаг”

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 2 сарын 26
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

-Зуу гаруй телевизийн сувагтай  болсон ч логоноос өөр ялгах зүйл огт байсангүй-

Тэр жилийн он солигдох үдэш “Цэн­хэр дэлгэц” хөтөлбөр телевизээр гарахад мөн ч сонирхолтой санагдаж билээ. Тайз засал, найруулга, дуу хуур, сонирхолтой үйл явдал гээд тухайн үед бүх талаар шинэ сонин байсан энэ хөтөлбөр гурван жил цувралаар гараад зогсохгүй видео цомог хүртэл гарсан нь одоо ч надад байдгийг хааяа үзэхэд урамтай.

Магадгүй, түүнээс хойш тийм шинэлэг санагдах уран бүтээл хараахан үзээгүй тул арван таван жилийн дараа ч энэ цомог цуглуулгад минь үнэтэй байр эзэлж буй. Энэ тухай эргэн санах болсон нь Цагаан сарын өдрүүдээр тоогоо алдсан телевизийн сувгуудыг чадлаараа эргүүлээд үзэх зүйл олоогүйтэй холбоотой юм.

Баяраар гэр бүлээрээ цуглаж инээд, хөөр болохоос гадна гэртээ амрахдаа бид цагийн дийлэнхийг “хар хайрцаг”-аа тойрч өнгөрүүлдэг дадалтай. Тиймдээ ч сар бүр “мэндлэх” шинэ сувгуудыг хараад сонголт нэмэгдсэн гэж санан, өвөөгийнхөө өрөөнд бас нэг телевизороор бэлэг барив.

Бид цагийн дийлэнхийг “хар хайрцаг”-аа тойрч өнгөрүүлдэг.

Харамсалтай нь, битүүний бөхийн барилдаанаас хойш өвөө маань дэлгэцийнхээ өмнө нэг их саатсангүй. Залуус бид ч ялгаагүй амралтын өдрүүдэд буйдандаа тухлахыг илүүд үзэх ч, телевизээр нөгөө л хуучны Монгол кинонууд ээлж дараалан хөвөрнө.

Тэдгээр нь үүх түүх, зан үйлийн уламжлалыг тусгасан нь сайхан хэдий ч, ухаан орсон цагаас хойш жил бүрийн баярын өдрүүдээр гардаг хэдэн киног харсаар бүр дасал болж. Харин зарим сувгаар сүүлийн үеийн тодотголтой Монгол кино үзүүлсэн нь Шинэ жилээр өглөө, өдөргүй давтсантай яг ижил.

“Аз жаргалын шок”, “Элсний нүүдэл” гээд сэдвийн хувьд ч цаг үетэйгээ огт авцалдаагүй нь тодорхой. Баярын уур амьсгалтай кино бүтээл ховор болоод ч юм уу, телевизийнхэн хошин шогийн продакшнуудтай хамтар­сан зохиомж хийдэг нь бас л уламжлал болсон.

Эхэн үедээ “UBS”-ээр “X-ТҮЦ” үзэх үү, “TV9”-өөр “Шинэ үе”-ийнхийг харах уу гээд хэрэндээ өрсөлдөөнтэй байсан ч одоо бүгд ялгаагүй “Түрээсийн эмээ” гэхчлэн нөгөө л янзаар хөгшчүүлийн дүрээр шог гараа хийх боллоо. Найздаа ярьсан онигоо, интернетээр тарсан хөгжилтэй бичлэгийг багахан найруулаад телевизээр үзүүлэх нь даанч уйтгартай. 

Энэ жилийн Цагаан сараар дэлгэцээр “танилцсан” нийтийн дуучдын тоо учран золгосон ах, дүүстэй минь тэнцэж мэднэ. Ер нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд болсон бүх л тоглолтыг бараг бүрэн хэмжээгээр нь толилуулсан тул бидэнд үүнээс өөр үндэсний урлагийн тоглолт байхгүй юу гэж халаглахад хүрэв.

Гэтэл бидэнтэй хамт хаврын тэргүүн сарыг угтдаг урд хөршийнхний хувьд “CCTV”-ийн гала концерт нь уламжлалт урлагийн тоглолт, акробат, бие хамгаалах урлаг, сонгодог урлагийн гээд 36 хэсгээс бүрддэг бөгөөд үүнийг үзэхээр нийт өрхийн 90% нь сувгаа тааруулдаг тооцоо бий.

100 гаруй телевизийн сувагтай болсон ч логоноос өөр ялгарах зүйл энд огтхон ч алга. 

Гучин гурван жилийн түүхтэй энэ гала тоглолтыг өнгөрсөн жил л гэхэд 700 сая гаруй хүн сонирхжээ. Цаашлаад энэ жилээс Google, Facebook, Youtube гээд олон нийтийн сүлжээ хуудсуудтай гэрээ байгуулж, гадаадад байгаа иргэддээ тоглолтыг дамжуулж, Нью-Йоркийн “Time Square”-т видео самбар түрээслэн соёлоо сурталчилсныг сонсоход сүртэй. 

Бидний хувьд сүүлийн хэдэн жил амралтаар үзэх зүйлгүйд халаглаж Шинэ жилээр Оросын сувгуудыг ээлжлэн эргүүлж, Бямба, Нямд “HBO”-өөр кинодох болсон ч уламжлалт баяраар яах аргагүй Монгол сувгуудаа л хүлээн суудаг. Гэсэн ч үндэсний ганц л сувагтай байхад гардаг байсан дээл, гоёл өмссөн хүүхдүүд шагай наадаж, томчууд нь аягатай айраг барин дугараа өргөж, улстөрчид тавгийн идээний цаана суугаад мэндчилгээ дэвшүүлдэг хэв маяг хэдэн арван жилээр үргэлжилж, 100 гаруй телевизийн сувагтай болсон ч логоноос өөр ялгарах зүйл энд огтхон ч алга. 

Энэ жилийн амралт урт байсныг хэлэх үү, залхталаа суваг эргүүлсний дараах шинэ долоо хоногийн эхний өдөр ашгүй “Оскар”-ын ёслолыг анх удаа Монгол сувгаараа үзэж нүд баясав. Тойм төдий мэдээлэл аваад, хэд хоногийн дараа интернетэд орох бичлэгийг хүлээж суудгаа больж, мэргэжлийн хүний тайлбартайгаар шууд үзэх нь бүх насны үзэгчдэд тохиромжтой байлаа.

Ёслолыг хэрхэн дамжуулах, телевизийн уран бүтээлчид ямар бэлтгэл хангах гээд мэргэжлийн зааварчилгааг гэрээний дагуу ирүүлдэг нь туршлага болох биз ээ. Тиймээс ирэх жилүүдэд эндээс сурснаа баяжуулж үндэсний баяр, ёслолоо угтан мэргэжлийн түвшний хөтөлбөр бэлтгэдэг болно гэдэгт үзэгч бид итгэн хүлээж сууна.

Ж.Хулан 

 

Зураг