Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бид хэмжээнд нь хүрч чадаагүй өнгөрсөн үеийн бүтээлүүд

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 23
iKon.MN

XXI зууны хүн төрөлхтөн зуун зууны өмнө эсвэл мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсүүдээсээ илүү хөгжсөн гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эрт дээр үед ч өнөөдөр бидэнд хэрэгтэй үр дүнтэй технологиуд хангалттай олноор гарч байжээ. Гэвч харамсалтай нь эдгээр бүтээлүүдийн нууц задраагүй л байна. 

ГРЕК ГАЛ 

Эртний эринээс эхлэн жишээгээ татъя. Стэнфордын түүхийн шинжлэх ухааны мэргэжилтэн Эдриэн Мейор “Грекийн гал, хортой сум, хилэнцэт хорхойн бөмбөг: эртний ертөнцийн химийн болон биологийн зэвсэг” ажилдаа хэд хэдэн “ноу-хау”-г дурджээ. 

Жишээ нь та Грекийн гал гэж юу болохыг мэдэх үү? VII-XII зуунд Византын оршин суугчид тэнгисийн тулааны зэвсэг болгон энэхүү химийн бодисыг хэрэглэдэг байжээ. Нууцлаг найрлага бүхий шингэнийг дайсны цэргүүд рүү цацаж, дайснууд нь гал ноцон шатдаг байж. Шингэн усанд ч асах чадвартай байсан тул тэнгисийн ус ч шатаж байгаа цэргүүдийг аварч чаддаггүй байсан гэнэ. Харин галыг унтраахын тулд цууны хүчил, эсвэл шээс цацах ёстой байжээ.

Гэвч тэр бүр “гал унтраах хэрэгсэл” гар дор байж таардаггүй байсан нь харамсалтай. Грек галын жорыг чандлан нууцалж, зөвхөн сонгогдсон хүнд дамжуулдаг байсан тул он цагийн эрхээр энэ нууцыг мэддэг хүн үлдээгүй, жорын нууц задраагүй хэвээр л байна. 

 

ЦАЦРАГИЙН ЗЭВСЭГ 

МЭӨ 212 онд нас барсан таалал төгссөн, эртний Грекийн суут эрдэмтэн Архимед  персүүдийн флотыг шатаах чадвартай, цацрагийн зэвсэг боловсруулж байсан гэнэ. Энэ нь нарны цацрагийг ойлгодог хүрэл бамбай байжээ.

2005 онд Массачусетсын Технологийн дээд сургуулийн оюутнууд төстэй технологи гаргаж авч, Сан-Францискогийн нэгэн эрэгт завь шатаах туршилтыг амжилттай хийж чадсан гэнэ. 

Мөн Эртний Ромын эринд баригдсан барилгын ер бусын өнө удаан оршин тогтносны нууц өнөө ч анхаарал татсаар байна.

Тэдгээрийн ихэнх нь хэдэн мянган жилээр сүндэрлэж байгаа бол орчин үеийн барилгууд хэдхэн арван жилийн дараа л нурж, элэгдэж эхэлдэг. 

Саяхан эртний Ромын бетоны урт насжилтын нууц нь галт уулын үнсийг найрлагад нь нэмсэнд оршиж байсан гэж тогтоожээ. Беркли дэх Калифорнийн их сургуулийн шинжээчид  кальци, хөнгөн цагаан, силикат, гидратуудын нэгдэл нь материалыг барьцалдуулж, мөн орчин үеийн бетоноос илүүтэйгээр бат бэх болгодог байжээ.

Өөрөөр хэлбэл дэлбэрэлтийн үеэр ийм барилга нурах магадлалтай ч таатай нөхцөлд орчин үеийн барилгаас ч удаан насжилттай байдаг гэнэ.

 

УЯН ШИЛ 

Эртний эх сурвалжуудад уян шилний тухай дурдсан байдаг. Энэ тухай анх МЭ 63 онд таалал төгссөн Петроны тэмдэглэн үлдээжээ.

Тэрбээр "Тибер /МЭ 14-37 он/ эзэн хаанд бэлэг болгон шилэн сав хийх шил үлээгчийн тухай түүхийг өгүүлсэн байна. Эзэн хааны дэргэд шил үлээгч шилэн савыг шалан дээр унагасан ч сав хагарсангүй, харин бага зэрэг хэлбэрээ өөрчлөн, хэсэг хугацааны дараа эргээд хэвэндээ орж байсан гэнэ. Гэвч Тиберий шил үлээгчийн толгойг авахыг тушаажээ. Учир нь шил үлээгч энэ “шидээрээ” үнэт эрдэнэсийг хуурамчаар хийж магадгүй гэхээс болгоомжилсон гэдэг" Энэ домгийн өөр өөр хувилбаруудыг Том Плиний, Дион Кассий нар бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. 

Эртний энэ бүтээл дахин давтагдашгүй байсан бөгөөд ердөө 2012 онд л Corning  компани уян шил боловсруулан гаргажээ. Материал нь галд тэсвэртэй, мөн мушгиж болохоор уян байсан юм. Одоогоор энэ шилийг нарны зайн үйлдвэрлэлд хэрэглэж байна. 

 

ДАМАСКЫН ГАН БОЛОН МИТРИДАТИУМ

Дундад зууны үед Ойрхи Дорнодод сэлэм хийхэд хэрэглэж байсан алдарт Дамаскын гангийн тухай мэдэхгүй хүн ховор биз. Энэ технологи манай эриний 300 онд үүсчээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн бат бэх металл гэсэн цолыг дамаскын ган урт удаан хугацааны туршид хүртэж байв.

Гэхдээ энэ технологийн яв цав найрлагыг хэн ч мэдэхгүй байв, ердөө л булат хэмээх онцгой хайлш ордог гэдгийг л гадарлаж байлаа. XVIII зууны дунд үеэс Дамаскын ганг үйлдвэрлэхээ больжээ. Ингээд удаан хугацаанд хэн ч нууцыг нь тайлж чадаагүй. Харин саяхан л цахим микроскопын тусламжтайгаар лабораторийн нөхцөлд энэ гангийн нууцыг нээсэн гэнэ. 

Митридат /МЭӨ 120-63 он/ хаан бүхий л төрлийн хорноос аврах хорны төгс ерөндгийн жорыг бодож олсон гэдэг. Тиймдээ ч энэ хорны ерөндөг түүний нэрээр митридатиум хэмээн нэрлэгджээ.

Хожим нь Ромын Цезарь Нероны хувийн эмч энэ жорын томьёог сайжруулсан гэнэ.

Хэдийгээр анхдагч жорын нууц тайлагдаагүй ч янз бүрийн хор бага тунгаар, хорны ерөндөг болон хортой могойн арьс зэрэг зүйлс найрлагад нь ордог байсан аж

1992 онд Зөвлөлтийн биологич асан Сергей Попов митридатиумыг гарган авах гэж оролдсон ч туршилт амжилтгүй болжээ

Эх сурвалж: pravda.ru