Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Их Александрын тухай НАЙМАН сонирхолтой баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 14
iKon.MN

Эртний түүхэн дэхь хамгийн агуу цэргийн жанжин, Македоны III Александр хаан (356-323 МЭӨ) Грекээс Египет хүртэл, өнөөгийн Турк, Иран, Пакистаныг дамнасан газар нутгийг эрхшээлдээ оруулж байв. Дайнч чанараа эзэнт гүрэн байгуулах чадвартайгаа хослуулсны хүчинд 13 жилийн дотор Өрнө, Дорныг нэгтгээд зогсохгүй соёлын асар том солилцоо үүсгэсэн юм.

Александрын нэр хүнд асар хурдан өсч 32 насандаа бурхан хэмээн өргөмжлөгдөх болжээ.

Олон зууны турш Александрын тухай бодит баримт, үлгэр домог холилдон ялгаж салгахад хэцүү болсон ч чухал найман баримтыг нь эмхэтгэн хүргэж байна.

 

  • Аристотель түүний багш байсан ба тэр өөр бусад философичидтой ном хаялцдаг байв

 

 

Александрын эцэг Македоны II Филип, 13 настай ханхүүд Аристотелиор хичээл заалгаж байжээ. Александрын энэхүү гурван жилийн боловсролын тухай бага мэдээлэл үлдсэн ч Аристотелийн дараа тэр дэлхийн дэвжээнд гарахад бэлэн болсон нь гарцаагүй. Домогт дурдсанаар ханхүү байсан Александр алдарт даяанч Диогенес дээр очиж уулзаж байжээ. Нийгмийн амьдралаас тасарч том шавар торхонд амьдардаг байсан Диогенес дээр очоод Александр өөрөөс нь хүсэх зүйл байгаа эсэхийг асууж. Гэтэл Диогенес “Байлгүй яахав. Чи жаахан хол зогсооч, нарны гэрлийг хаагаад байна” гэжээ.

Энэ хариулт нь Александрыг бишрүүлж тэр “Хэрвээ би Александр байгаагүй бол Диогенес байх байлаа” гэж байв.

Олон жилийн дараа Александр Энэтхэгт хүрсний дараа дайнаа зогсоож нутгийн Хинду болон Жайны шашны хутагтууд, хүмүүний амьдралаас татгалзсан мэргэдтэй удаан хугацаанд уулзан ном хаялцаж байжээ.

  • 15 жилийн хугацаанд Александр ганц ч тулаанд ялагдаагүй

 

 

Их Александрын тулааны арга тактикыг одоо ч цэргийн академиуд судалдаг. 18 насандаа анхны ялалтаа байгуулсан Александр цөөн хүчээр хурдтай довтлон тулаанд бэлэн болоогүй байгаа дайснаа цохидог чадвараараа алдаршиж эхэлжээ. МЭӨ 334 онд Грекийг нэгтгэсний дараа тэр Ази руу нэвтрэн (одоогийн Турк) III Дариусын удирдсан Персүүдтэй олон цуврал тулаан хийсэн юм. Түүний цэргийн цөм нь 15,000 Македоны хүчирхэг фаланкс (дөрвөлжлөн жагссан блок) байсан ба 6 метр орчим урттай сарисса гэгддэг жадаар зэвсэглэж байжээ.

  • Түүний нэрээр нэрлэгдсэн 70 хот, мөн мориор нь нэрлэгдсэн нэг хот бий

 

 

Александрын байлдан дагуулалт нь түүний байгуулсан олон хотын нэрээр дурсагдан үлджээ. Хамгийн алдартай нь МЭӨ 331 онд Нил мөрний эхэнд байгуулсан нь одоогийн Египетийн хоёр дахь том хот.

Бусад хотууд нь түүний аян дайны мөр дагуу Турк, Иран, Афганистан, Тажикистан, Пакистанд байдаг. Энэтхэгийг довтолж байхдаа Хидаспес голын хавьд болсон томоохон тулааны дараа Бусепала хотыг байгуулжээ. Энэ нэр бол уг тулаанд үрэгдсэн түүний хайртай хүлэг морины нэр байв.

  • Александр ирээдүйн эхнэр Роксаннад анхны харцаар дурласан

 

 

МЭӨ 327 онд Согдын Хад хэмээх уулын нэвтрэхэд хэцүү газар нутгийг эзэлсний дараа 28 настай Александр олзлогдогсод дотроос Бактрын язгууртны өсвөр насны охин Роксаннад анхны харцаар дурласан гэдэг.

Удалгүй хурим болж уламжлалын дагуу эзэн хаан талхны захыг сэлмээрээ хоёр хуваан сүйт бүсгүйтэйгээ хуваалцаж байжээ. Александрыг нас барснаас хэдхэн сарын дараа Роксанна төрж тэдний цор ганц хүү Александр IV мэндэлсэн байна.

  • Александр сайхан үнэртэй байсан гэнэ

 

 

Александрыг таалал төгссөнөөс хойш 400 жилийн дараа Плутархын бичсэн “Грек, Ромын ихэс дээдсүүдийн амьдрал” номонд Александрын биенээс болон амьсгалаас хүртэл маш сайхан үнэр үнэртдэг байсныг дурджээ.

Энэ нь түүнийг бурхантай адилтган дээдэлдэг байсны нэг илрэл ч байж магадгүй. МЭӨ 331 онд Шивад зочлохдоо Александр өөрийгөө Зевсийн хүү хэмээн ил тод зарлаж байжээ.

  • Персийг бут цохисны дараа Александр тэдэнтэй адил хувцаслах болсон

 

 

Зургаан жилийн дайны эцэст МЭӨ 330 онд Александр Персийн нийслэл Персеполис хотыг эзэлжээ. Персүүдийг захирахын тулд тэдэнтэй ижил байх ёстойг ухаарсан Александр Перс язгууртнуудын хувцас өмсөх болсон нь Македончуудын санааг зовоож байв. 324 онд Персийн Суса хотод 92 Македоны тэргүүнүүдийг Перс эхнэртэй болгох хурим ч хийж байв. Александр энэ үеэр Статейра, Парисатис нэртэй хоёр эхнэртэй болж байжээ.

  • Александрын үхэл тэр үеийн хамгийн нууцлаг зүйл байв

 

 

МЭӨ 323 онд нэгэн зоог дээр том аягатай дарс хүртсэн Александр өвджээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараа эзэн хаан таалал төгсөв. Мөн Александрын эцэг бие хамгаалагчдаа алагдсан зэрэг нь сэжигтнийг Александрын ойрын хүрээллээс хайхад хүргэжээ. Эндээс хамгийн их магадлалтай нь Александрын генерал Антипатер түүний хүү Кассандер нар байв. Кассандер нь хожим Александрын бэлэвсэн эхнэр болон хүүг нь алах тушаал өгч байжээ. Зарим түүхчид Антипатерын гэр бүлтэй холбоотой байсан Аристотелийг ч үүнд оролцсон гэж үздэг. Харин орчин цагийн түүхчид малариа зэрэг халдварт өвчин Александрын үхлийн шалтгаан болсон байх гэж таамагладаг.

  • Александрын шарилыг зөгийн балтай торхонд хадгалсан гэдэг

 

 

Плутархын бичээсд Александрын шарилыг Бабилонд Египетийн шарил занданшуулагч нар арчилж байсан гэдэг ч алдарт Египет судлаач Уоллис Баж  эзэн хааны шарилыг муутгахгүйн тулд зөгийн балтай торхонд хийсэн гэж үздэг. Харин үхлээс жил орчмын дараа шарилыг Македони руу илгээсэн ч замаас нь түүний генерал байсан Птолеми I булааж Египетэд аваачсан гэнэ. Александрын шарилыг эзэмшсэнээр Птолеми түүний эзэнт гүрнийг залгамжилна гэж тооцсон бололтой.


Юли Цезарь, Марк Антони, Октавиан зэрэг Ромын хаад Александриа хотод зочлон Их Александрын бунханд мөргөж байсан гэдэг. МЭӨ 30 онд Октавиан Александрын 300 орчим жилийн настай муммиг үзэж түүнд хүндэтгэлийн цэцгэн цагираг зүүсэн гэнэ. Хамгийн сүүлийн мэдэгдэж байгаа мөргөлийг МЭ 215 онд Ромын эзэн хаан Каракалла хийсэн гэдэг. Харин үүнээс хойш буюу Ромын эзэнт гүрний төгсгөлд Александрын бунхан сүйрч, байрлал нь мартагдаж алга болсон түүхтэй.

 

Эх сурвалж: History.Com