ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын анхны Эболагийн халдвартан нас барлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 9
iKon.MN

Америкийн анхны Эбола халдвартанд тооцогдож байсан залуу өчигдөр нас барлаа.

Томас Эрик Дункан хэмээх энэ залуугийн гунигт түүхийг The New York Times сонины Кэвин Сэк сурвалжилжээ.

Дункан нь Далласт 16 жилийн өмнө хувь заяаны эрхээр хагацсан найз бүсгүй Луйза Тротой гэрлэхээр ирсэн байна.

Тэд нэг хүүтэй бөгөөд Дункан хүүгээ огт хараагүй байсан гэжээ. Хосууд 1990-ээд оны эхээр Либерийн иргэний дайнаас дүрвэн Кот Дивуарт орогнож байхдаа анх танилцсан гэнэ. Гэвч Тро нь 1998 онд АНУ руу цагаачлах болж тэр цагаас хойш уулзаагүй юм байна. Тэгэхэд хүү нь ч төрөөгүй байж.

Өнөөг хүртэл Дункан Либерийн нийслэл Монровиад тээврийн машины жолоочоор ажиллан түрээсийн байранд амьдарч байсан байна.

Харин Трог олж холбоо тогтоосны дараа АНУ руу нисч амьдралаа шинээр эхлэх, хүүтэйгээ уулзахаар шийдээд байжээ.

Харамсалтай нь явахын өмнөхөн нь түрээсийн байрны эзэн 19 настай хөл хүнд охиноо эмнэлэгт хүргэж өгөхийг гуйсан гэнэ.

Эндээс бүх зүйл буруугаар эргэж Дункан халдвар авсан бололтой.

Үүний дараа тэр Монровиас Даллас хүртэл Брюссель, Вашингтоноор дамжин урт аялал хийхдээ Либерид шинжилгээ өгсөн бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Гэвч байдал огцом муугаар эргэж түүнийг хүүтэйгээ уулзах ч боломж олгоогүй ажээ.

Одоогийн байдлаар Эбола вирусээр Баруун Африкт 8,000 орчим хүн халдварласнаас 3,879 нь амиа алдаад байна.

Эдгээр үрэгдэгсдийн дунд Дунканых шиг олон эмгэнэлт түүх, хувь заяа давтагдаж байгаа нь тодорхой билээ.

Дунканы хүү