Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Мазаалайн төлөө хүрээд ир найзууд аа"

ikon.mn
2014 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн 23-р хуралдаан Грек улсын Тессалоники хотноо энэ сарын 5-10-ны өдрүүдэд зохиогдож байна.

Хуралдаанд 40 гаруй орны 100 гаруй судлаач, эрдэмтэд оролцож байна. Хуралдааныг Монгол улсаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ" Мазаалай бол дэлхийн дулаарлын горыг хамгийн их амсаж байгаа амьтан. Уур амьсгалын өөрчлөлт говь цөлийн бүсэд яаж нөлөөлж байгааг мэдье гэвэл “Мазаалайгаас асуу” гэмээр байна. Монголын говьд зарим жил зэрлэг амьтад идэх зүйл бүү хэл, уух усгүй харангадаж үхэж байна.

Өнгөрсөн хавар аргаль янгир зэрэг олон зүйл амьтан ширгэсэн булаг шанд бараадан олноороо үхсэн. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд ойр ойрхон давтагдаж байна. Мазаалайд хавар ичээнээс гарсны дараа ногоо ургах хүртэл хэдэн сар хатсан модноос өөр идэх зүйл ер олдохгүй. Тэгээд ч ногоо ургах эсэх нь заримдаа эргэлзээтэй байдаг” гэсэн юм.

Мөн тэрбээр “Монголын төр 2012 оны намраас Мазаалайг онцгой анхаарч эхэлсэн. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Мазаалай хамгаалах” комисс томилж, амьдрах орчныг тэтгэх, шинжлэн судлах асуудалд багагүй хөрөнгө мөнгө зарцууллаа.

2013 онд Монгол улсын парламентийн БОХХАА-н байнгын хороогоор Мазаалайн асуудлыг хэлэлцэж ЗГ-т чиглэл өглөө. Энэ жил Мазаалай хамгаалах хөтөлбөрийг БОНХ-ийн Сайдын тушаалаар баталлаа. Мазаалайн удам зүйн судалгааг дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран хийлгэж Монголоос өөр хаана ч байхгүй дэд зүйл гэсэн дүгнэлтэнд хүрээд байна.

Мазаалайн төлөө хүрээд ир найзууд аа

Бидний хийж байгаа ажил зохих үр дүнгээ өгч байгаа нь дамжиггүй, гэхдээ л эдгээр зүйлс хангалттгүй гэдгийг бид сайн мэдэж байна. Бид мазаалай хамгаалах хөтөлбөрийг зөвхөн Монголын засгийн газрынх биш буюу Олон улсын хөтөлбөр байгаасай гэж бодож байна.

Мазаалайд зориулан хийх ажилд шаардагдаж байгаа хөрөнгө мөнгөнд дэлхий нийт туслаасай гэж хүсч байна. Мазаалайг хамгаалах ажилд Монголын төдийгүй дэлхийн олон нийтийн байгууллагууд хамтран ажиллаасай гэж хүсч байна. Түүнийг авран хамгаалах арга замыг боловсруулах судалгаа шинжилгээний ажилд Харригийн гаргасан мөрөөр баавгай судлалын олон олон эрдэмтэд оролцоосой гэж хүсч байна.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, шинжлэх ухаан технологийн өндөр хөгжлийн эрин үед амьдарч байгаа хүмүүс та бид мазаалай гэх энэхүү хөөрхий амьтныг харсаар байж устаж мөхөхийг зөвшөөрнө гэж үү. Монголын говьд зэрлэг удам нь устаж мөхсөн амьтны тоо нэмэгдэх ёсгүй. Ийм зүйлийн нэр Монголын тахиар төгсөх ёстой. Үүний төлөө баавгай судлаачид Та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Монгол Улсын хаалга Та бүхэнд үргэлж нээлттэй байна. Мазаалайн төлөө хүрээд ир найзууд аа" гэж онцлов. 



Энэ удаагийн хуралдаанаар Монголын Мазаалай баавгайн талаар тусгайлан салбар хуралдаан зохион байгуулж Монголын талаас мазаалай хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн болон бус байгууллагуудын үйл ажиллагаа, ангилал зүйн асуудал, мазаалай хамгаалах хөтөлбөр зэрэг илтгэлүүдийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Амьтан ургамал хамгаалах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн А.Баясгалан, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр, мазаалай хамгаалах ажлын хэсгийн гишүүн Ц.Туяа, Мазаалайг аврах Монголын алхам төрийн бус байгууллагын тэргүүн Н.Түмэнжаргал нар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. 


Судлаач Т.Одбаярын хуралдаанд танилцуулсан илтгэлд мазаалай баавгайн үсний дээжинд хийсэн судалгаагаар 27 бодгаль байгааг шинээр тогтоосон нь өмнөх онуудад тогтоосон бодгалийн тоо 5-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түүнчлэн Монголын талаас Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Карен Ноёсе болон тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн эрдэмтэдтэй хоёр талт уулзалт зохион байгуулж мазаалайн хамгаалал, судалгаа болон “Мазаалай итгэлцлийн сан” байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдэв.