Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түмэнжаргал: Мазаалай бол говийн чимэг

БОНХАЖЯ
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- Мазаалайн нэмэгдэл тэжээлийн үйлдвэр жилд 30 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай -

Дэлхий дээр зөвхөн цорын ганц газарт буюу Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг бол мазаалай юм. Эрс тэс уур амьсгалтай манай орны хуурай, гандуу, хатуу ширүүн нөхцөлд зохицон амьдарч буй энэ амьтан өдгөө 20 гаруйхан бий.

Мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, хамгаалж үлдэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, амьдрах орчныг нь сайжруулах, нэмэлт тэжээл тавьж өгөх зэргээр цөөнгүй ажил хийж буй. Тэдгээрийн нэг болох МАМА ТББ-ынхан өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол тосгонд мазаалайн нэмэлт тэжээлийн үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн юм.

Биднийг очиход тус үйлдвэр хэдийнэ тонн гаруй тэжээлүйлдвэрлэсэн байлаа.  Тус үйлдвэрийн байр өмнө нь хүнсний цех байсан аж. Хэдийгээр бага зэрэг хуучирсан ч МАМА ТББ-ынхан засаж, тохижуулжээ. Энэ үйлдвэр жилд 30 тонн хүртэлх тэжээл бэлтгэх хүчин чадалтай бөгөөд цайруулах, холигч, шахагч, тээрэмдэх машинтай.

Эдгээр тоног төхөөрөмжийг ОХУ, БНХАУ, Хонконгоос авчирчээ. Эхийн голд цахилгааны эх үүсгүүр байхгүй учраас тэд дизель станцын тусламжтайгаар үйлдвэрлэлээ явуулдаг юм байна. Мазаалай Сэгс цагаан богд болон түүний эргэн тойрон дахь баянбүрд орчмоор тархан нутагладаг. Тиймээс мазаалайн гол бүс нутгуудад нэмэлт тэжээл тавьж өгөх 20 гаруй цэг бий болгожээ.

Хоорондоо 3-10 километрийн зайтай. Мазаалай хавар ичээнээсээ гарах үеэрээ дээрх цэгүүдэд хамгийн их очдог байна. БОНХЯ-наас 1985 онд хоёр, 2002 онд гурав, 2007 онд тав, 2013 онд 20 тонн нэмэлт хорголжин тэжээлийг дээрх цэгүүдэд тавьж өгчээ.

Үйлдвэрийн нээлтийн дараа Эхийн голоос 100 гаруй км-ийн зайд орших Сэгс цагаан богд уулын Мухар задгай хэмээх газарт байрлах мазаалайн тэжээлийн цэгт шинэхэн тэжээлийнхээ дээжээс аваачиж тавихаар тус байгууллагынхан болон Шинэжинст сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс явав.

Энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад мазаалайн дуртай хармаг жимс, бажууна их ургажээ. Тэр хавийн зэгсэнд мазаалай ирсэн нь илт байв. Түүний нойтон баас энд тэндгүй тааралдаж байлаа. Түүнчлэн том мазаалайн болон бяцхан бамбаруушных нь хөлийн мөр говийн зөөлөн шороонд тамгалагдан үлджээ.

Н.Түмэнжаргал: Мазаалай бол говийн чимэг

МАМА ТББ-ын тэргүүн Н.Түмэнжаргалтай ярилцсан юм.

-Үйлдвэрийн тоног төхөөрөмжинд хэчнээн төгрөг зарцуулав. Танай байгууллага санхүүжилтийн асуудлаа яаж шийддэг вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд 100-гаад сая төгрөг зарцуулсан. Хэтэрхий хатуудсан ч байж болох юм. Миний гэргий гадаадад ажиллаж, амьдардаг. Эхнэрийнхээ явуулсан мөнгө, хэрэгцээнийхээ зардлыг танаж байж энэ амьтныг аварч, хамгаалах үйлсэд чадах ядахаараа тусалж байна.

-Мазаалайг хамгаалж, өсгөж үржүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Мазаалай бол говийн чимэг. Энэ амьтангүйгээр говийг төсөөлөөд үз дээ.

Говийг мазаалайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бол устаж буй, улаан номонд орсон ховор төрлийн амьтан.

Говийг мазаалайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бол устаж буй, улаан номонд орсон ховор төрлийн амьтан. Монгол хүн дэлхийд байхгүй болчихвол яах вэ. Яг үүнтэй л адил.

-Төрөөс та бүхний үйл ажиллагаанд тусламж үзүүлдэг үү?

-Мазаалайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх нь чухал шаардлагатай ажлын нэг яах аргагүй мөн. Гэвч ямарваа нэг зүйлийг хийхдээ төрийн тусламж дэмжлэгийг хараад суувал цаг алдахын нэмэр. Түүнийхээ оронд хийх нь чухал. Хөөцөлдөөд явбал өгөх л байх. Тэр бүхнээс залхсандаа ч биш. Аль болох түргэн шуурхай, зөв замыг сонгох нь чухал байсан. Түүнчлэн ийм ажлыг дэмждэг хувь хүн, байгууллага олон бий. Олон ч хүн бидний ажилд тусалсан. БОНХЯ дизель станц авахад тусламж үзүүлсэн.

-Танай байгууллага цаашид юу хийх вэ?

-Судалгаа шинжилгээний байгууллагатай хамтран мазаалайн иддэг бусад төрлийн идэш тэжээлийг судална. Гаднын туршлагаас судалъя гэж бодож байна. Монголчуудад мазаалай баавгайг таньж мэдүүлэх, бахархахад чиглэсэн ажлыг хийх болно. Мазаалайн тэжээлийг ингэж бэлтгэдэг.

Говьд дархлагдсан энэ амьтан амтлаг зүйлд их дуртай. Тиймээс ч тэд самар, хармаг, бажууна гээд олон төрлийн орц найрлага бүхий тэжээл бэлтгэж байгаа аж. Майга борд тусгайлан зориулсан энэхүү хорголжин нэмэгдэл тэжээлийг үйлдвэрлэхийн тулд дараах шат дамжлагыг дамждаг юм байна.

Хамгийн эхэнд эрдэнэшишээ цайруулдаг гэсэн. Үйлдвэрийн машинаар цагт 1 тонн эрдэнэшиш цайруулах боломжтой. Үүнийхээ дараа цайруулсан эрдэнэшиш, овъёосоо тээрэмдээ, дараа нь бүх зүйлээ хольж, эцэст нь шахагч машинд хийж, хатааж, савласнаар хорголжин тэжээл бэлэн болдог. Нэмэгдэл тэжээлийн тусламжтайгаар мазаалай баавгай уургийн агууламж сайтай, чанартай учраас мазаалайд тун чухал хүнс болдгийг тэд хэлж байв.

Мазаалайд зориулсан тэжээлийн орц найрлагын гол түүхий эдийн нэг болох эрдэнэшишийг Эхийн голд тарьдаг юм байна. Тосгоны баруун хойд талд байрлах тариалангийн талбайд зочиллоо. Үзүүр нь шаргалтан харагдах хүнээс ч өндөр ургасан эрдэнэшиш ярайн үзэгдэнэ. Гэвч хараахан гүйцэд боловсроогүй байна лээ. Аравдугаар сарын сүүлээр хураахад бэлэн болох юм гэсэн.

Эхийн голд хамгийн анх мазаалайн тэжээлийн түүхий эдийг тарьсан Ц.Гантөмөртэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Эхийн голд та хэдийнээс суурьшив?

-Манайх 1979 оноос хойш энд амьдарч байна. Тухайн үед би тавдугаар ангийн жаахан хүү байлаа..

-Таныг мазаалайн тэжээлд хэрэгцээтэй эрдэнэшишийг хамгийн анх тарьсан хүний нэг гэж сонслоо?

-Тийм ээ. Би 2011 оноос эхлэн эрдэнэшиш, улаан, хар, шарбуурцаг зэргийг туршилтаар тарьж, мазаалай алинд нь дуртай байна, аль нь говийн хөрсөнд зохицон ургах нь вэ гэдгийг үзсэн.  

-Мазаалай эдгээрээс алинд нь хамгийн их дуртай байна вэ?

-Эрдэнэшиш, хушны самар, жимс төрлийн зүйлд их дуртай юм билээ.

-Та яагаад заавал мазаалайн тэжээл бэлтгэх болов?

-Би энэ амьтныг нэг их судалж, сонирхоод байдаггүй. Сүүлийн жилүүдэд мазаалайг хамгаалах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, нэлээд юм болсон. Энэ үеэр мазаалайн тэжээл бэлтгэх хүн хэрэгтэй байна гэсэн. Тэгээд л би эрдэнэшиш, шарбуурцаг тарих болсон. Гэхдээ тэр амьтны хоол тэжээл хомсдож буй энэ үед түүнд хэрэгтэй, дуртай зүйлийг тарьж, өлбөрч үхэх аюулаас аврахад нь багахан ч гэсэн тус нэмэр болж байгаадаа баяртай байдаг.

-Хүндрэлтэй зүйл бий юү?

-Бараг байхгүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин  2014.09.17   Д.Батсүрэн