Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” төсөл 100 гаруй өрхийн амьжиргааг дээшлүүлжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулан авч эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор Төв НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ оны 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

“Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” санаачлагыг иргэд, олон нийтийн дунд хүргэж буй энэхүү төсөлд хотын захын гэр хороололд голдуу оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 1, 3, 5, 20-р хороо, Баянхошууны 9, 11-р хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн 7, 8-р хороо, Био-ийн 12-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нийт 20 бүлгийн амьжиргааны түвшин доогуур 100 гаруй өрх хамрагдаж байна.

Тэд хаягдлаар хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, төслийн үр дүнгийн талаар танилцуулах уулзалт боллоо. Хоёр сарын хугацаанд 35 мянган ам.долларын  хөрөнгө оруулалтаар 100 гаруй өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг олгосондоо баяртай байгаагаа уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны хөтөлбөрийн менежер Б.Бүнчинжав хэлсэн юм.

Өнгөрсөн хоёр сард төслийн үйл ажиллагаа тодорхой үе шат, дараалалтайгаар явсан бөгөөд хийгдсэн ажил, үр дүн, бэрхшээл, сургамжуудыг тухай бүр танилцуулж баримтжуулж байсан.

“Дахин хэрэглэе, ахин ашиглая” уриатай хоёрдогч түүхий эдээр шилдэг бүтээл, бүтээгдэхүүн хийж шалгаруулах уралдааныг Улаанбаатар хотын хэмжээнд  10-р сарын 15 хүртэл хугацаанд зарлалаа.

Төслийг танилцуулж эхэлснээс хойш хамрагдах өрхүүдийг сонгох, бүлгийн зохион байгуулалт хийх, түүхий эдийн судалгаа, нийлүүлэлт хийх, дэмжих байгууллагуудтай холбоо тогтоох, бүлгүүдийг хэрэгцээт багаж хэрэгсэл, материалаар хангах, цуглуулах, бүтээгдэхүүний зураг, дизайн, загвар, чанар үзэмжийг сайжруулах, технологийн болон ур чадварын сургалтуудыг зохион байгуулах, бүтээгдэхүүний сорил, туршилт, борлуулалт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих талаар зөвлөгөө, мэдээлэл түгээх, хэрэгцээг судлах талаар ажилласан байна.

Түүнчлэн төслийн хүрээнд иргэдийн туршлага солилцох уулзалт, бүлгийн ахлагчдын цугларалтыг тогтмол зохион байгуулж, бүтээгдэхүүний борлуулалтын боломжийг судлах, фэйсбүүк хуудас (6000 гаруй лайк цуглуулсан), онлайн сувгаар дамжуулан мэдээлэл сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийжээ.

Үзэсгэлэнд ус, ундаа, жүүсний хуванцар саваар: Хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан, хайрцаг, үзэгний сав

Тетрапак хайрцгаар: аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч

Илүүдэл хувцсаар: улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, ажил хэргийн болон ахуйн, зөөврийн компьютерийн цүнх

Даавууны өөдсөөр: сандлын олбог, хөлийн гишгүүр, төрөл бүрийн цүнх, цаас,  хатуу цаасан хайрцгаар: чихрийн таваг, ваар сав, ханын цаг, чимэглэл, үзэг харандааны сав, ахуйн хэрэглээний хайрцаг, тоглоомын хайрцаг зэрэг бүтээгдэхүүнийг урлажээ.

Нийслэл Улаанбаатар хот зөвхөн нэг өдөрт 1100 тонн хатуу хог хаягдлыг “үйлдвэрлэн”, (Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс) хогийн цэгт цуглуулан шатааж эсвэл булж байгаа тухай баримт байна.

Энэ нь нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулахын зэрэгцээ байгаль орчыг сүйтгэх шалтгаан болж байна. Хэдийгээр хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ч хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах ажил тодорхойгүй байсаар байна.

Орчин үед хэрэглэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг ашиглан тэдгээрийг дахин боловсруулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асар их боломж бололцоо байгаа билээ.

Түүнчлэн “Дахин хэрэглэе, ахин ашиглая” уриатай хоёрдогч түүхий эдээр шилдэг бүтээл, бүтээгдэхүүн хийж шалгаруулах уралдааныг Улаанбаатар хотын хэмжээнд  10-р сарын 15 хүртэл хугацаанд зарлалаа.