Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцоно

Б.Ану
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Бээжин хотноо 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гарын үсэн зурсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар өнөөдөр өдөр гарын үсэг зурна.

Энэхүү гэрээг Монгол Улс 2011 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуулиар соёрхон баталсан, БНХАУ-ын Ерөнхийлөгч 2014 оны зургаадугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бүх хятадын ард түмний их хурлын 12 дахь удаагийн IX Бүгд хуралдааны шийдвэрийн дагуу соёрхон баталсан бөгөөд тус гэрээ нь Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм байна.

Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн их нь БНХАУ-д ял эдэлж байна. БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 41, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 16, Макаод 1 Монгол Улсын иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байна.

БНХАУ-д хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг бид БНХАУ-ын талд одоогоор хүргүүлээд байгаа аж.

Нэмэлт мэдээлэл болгоход хэдийгээр хоёр орны хэлэлцээрийг соёрхон батлаагүй байсан ч өмнө нь 3-4 иргэнээ манай тал Хятадын талаас шилжүүлэн авсан тохиолдол байдаг юм байна.