Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвтэй болно

ikon.mn
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

- БОНХЯ, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр боллоо- 

Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтын төвтэй болно. Түүнчлэн хоёр тал уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана. Мөн уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх боломж бүрдэнэ. 

КОЙКА-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 7.8 сая ам.доллорын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж эхэлсэнээс хойшхи хугацаанд 2011 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 20 401.3 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүний 22.4 хувьд нь нөхөн сэргээлт хийж, одоогоор 3984.46 га талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон байна. Эдгээр газруудад уурхайн шүүрлийн болон хур борооны уснаас үүссэн усны хуримтлалаас олон тооны үүсмэл нуур бий болсон.

Үүсмэл нуурууд хүнд металлаар бохирдсон хүчиллэг ус үүсгэж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж эхэлсэн нь анхаарал татсан асуудал болж байна. Энэ бохирдол нь тухайн орчны экосистемд ноцтой нөлөөлөөд зогсохгүй мал, амьтнаар дамжин хүнс тэжээлийн гинжин хэлхээнд орж, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх аюултай.

Одоогоор Монгол Улсад үйлчилж буй хууль эрхзүйн орчны хүрээнд уул уурхайн олборлолт хийсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдэж байгаа ч уурхайн шүүрлийн ус, хүчиллэг урсацыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй түвшинд хүртэл цэвэрлэх олон улсад хэрэглэгддэг стандарт үйлчилж байгаа ч цаашид эрх зүйн орчинг илүү боловсронгүй болгох шаардлага байгаа. Түүнчлэн орхигдсон газрын нөхөн сэргээлтийг хийх хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгох ч шаардлагатай. 

БОНХЯ-наас энэ оны хагас жилийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр аж ахуйн нэгж зөвхөн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байна. Тодруулбал, газрыг тэгшлэх, дээр нь ургамал тарих зэргээр л нөхөн сэргээлтийг хийж байна. Энэхүү үйл ажиллагаа нь бохирдлыг багасгах, орчны нөлөөллийг бууруулж чаддаггүй харин ч уул уурхайн хаягдлаас орчинд тархах хортой бодис нь хөрсний болон хур борооны усанд уусан гүний ус, хөрсийг бохирдуулах, улмаар хүн, мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх технологи, чадавхи, сургалт, судалгааны бааз бий болно. Мөн эвдэрч, орхигдсон газарт нөхөн сэргээлт хийгдэж, хөрс, усны бохирдол арилсанаар хүн, малын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, бохирдсон газарт хөрс, усны иж бүрэн нөхөн сэргээлт хийх жишиг тогтох юм.