Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд химийн хорт болон аюултай хог хаягдлын тооллого явуулна

ikon.mn
2014 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг  өнөөдөр “Blue sky” цамхагийн Кристалл танхимд боллоо. БОНХЯ, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөс  зохион байгуулсан энэ уулзалтад яамдын болон нийслэл,орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд, ШУА-ийн эрдэмтэн судлаачид оролцов. Хэлэлцүүлгийг БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нээж үг хэлэв.

Тэрбээр  Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай асуудал дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээр салбарын яамнаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, удахгүй химийн хорт болон аюултай хог хаягдлын тоо хэмжээг гаргах тооллого явуулах болсныг  дуулгасан юм. Анхан шатны тооллогыг 2004-2005 онд явуулж байсан бөгөөд өдөр ирэх тусам нэр төрөл, тоо хэмжээ, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй химийн бодисын менежментийг зохистой явуулах, химийн хорт бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, мөн түүнчлэн төрөөс байгаль орчны талаар баримтлах бодлого, хандлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  тооллогыг дахин хийх, Үндэсний хөтөлбөрөө шинэчлэх үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 

 2001 оны 5 дугаар сард удаан задардаг органик бодисын хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Стокгольмын конвенцийг баталжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид удаан задардаг органик бохирдуулагчийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагааны тухай ярилцаж, харилцан санал солилцов. Мөн тооллогыг хэрхэн үр дүнтэй хийх, цаашид аюултай хог хаягдал устгах байгууламж бий болгох талаар онцлон ярилцав.  Удаан задардаг органик бохирдуулагчид пестицид, үйлдвэрийн химийн бодис, зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад болон шатаалтын процессоос зориудын бусаар үүсдэг бодисууд ордог бөгөөд ихэвчлэн хлор, бром, фтор агуулсан байдаг.

Эдгээр бодис нь маш тогтвортой /амархан задардаггүй/, онцгой хортой, хол зайд зөөвөрлөгдөж шилжих чадвартай, шилжиж зөөвөрлөгдөх явцдаа хоруу чанар нь алдагддаггүй. Түүнчлэн хүний биед орж биохуримтлал, биосоронзлол үүсгэх ба дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, үржлийн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл,мэдрэлийн согог зэрэг өвчнүүдийг үүсгэдэг.  

Энэхүү бохирдуулагчийн хор аюулыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч,  2001 оны 5 дугаар сард удаан задардаг органик бодисын хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Стокгольмын конвенцийг баталжээ. Уг конвенцид  Монгол Улс 2003 онд нэгдэн орж, Засгийн газрын 2006 оны 99 дүгээр тогтоолоор Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөрийг баталсан юм. 

Эх сурвалж: БОНХЯ