Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зүрх өвдөх үед аль ч эмнэлэг яаралтай тусламж үзүүлэх ёстой

Зууны мэдээ
2014 оны 6 сарын 26
Зууны мэдээ

-Асуувал,хариулъя-

Зүрх өвдөх үед аль ч эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх ёстой

Зүрхний шигдээстэй хүн хэд хоногоор дасгал хөдөлгөөн хийж болох вэ?

Хан-Уул дүүргийн иргэн Т.Янжин

-Өмнө нь тархи, зүрхний шигдээстэй өвчтөнийг хөдөлгөхгүй олон хоног хэвтрийн дэглэмд байлгадаг байсан. Сүүлийн үед хугацаа алдахгүй оношлохоор хөдөлгөдөг, дасгал хөдөлгөөн хийдэг болсон. Тархинд цус харвасан ч эрт оношлож мэс засал хийж байгаа.

Зүрх, тархинд цус харвасан байх магадлал байвал түргэний эмчийг хүлээж цаг алдалгүй шууд хамгийн ойрын эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Зүрх, тархины хурц өвчнөөр өвдөх үед ямар ч эмнэлэг яаралтай тусламж үзүүлэх хуультай. Даатгалгүй, хот, хөдөө гэж ялгаварлахгүй гэдгийг мэдэх нь чухал.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаа


Зөв хоолловол олон өвчнөөс сэргийлнэ

-Сувилалд хэвтэж эмчлүүлэхэд хоолыг хорьдог уу?

Хэнтий аймгийн иргэн Р.Ариунбуян

-Ямар ч эмчилгээний суурь нь хоол болдог. Хоолны эмчилгээний жороор эмчилгээ хийдэг. Хүн ахуй, амьдралаа зөв зохицуулаад, зов хоолловол олон өвчнөөс сэргийлж чадна. Харин хурц өвчний үед өөр. Манай орны цаг агаарын ийм ширүүн нөхцөлд өөх, тостой тарган мах идэж болно гэдэг.

“Оргил” рашаан сувиллын ахлах сувилагч Б.Нарантуяа


Бие чилээрхэх үед бумба тавиулж болно

-Бумбыг уламжлалт эмчилгээ гэдгийг мэдэх ч ямар үед яаж хэрэглэхийг нь мэддэггүй. Энэ эмчилгээг ямар үед хэрэглэдэг юм бэ?

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Шагдарсүрэн

-Бумба эмчилгээг 5-10 удаа хийлгэх ёстой. Энэ нь нэг курс эмчилгээ юм. Монголчууд эртнээс ханах, шимэх, домнох, элдэв ургамлаар эмнэх зэрэг ардын эмчилгээг хийдэг байсан. Чингис хааны үеэс монголчууд зэс бумбыг эм, домын аргад өргөн хэрэглэх болсон нь одоо ч уламжлагдаж ирсэн.

Бие чилээрхэх, өвдөх үед бумба тавиулж болно. Энэ эмчилгээ нь өвчнийг хөнгөвчлөх, цусан хангамжийг сайжруулах, тодорхой хугацаанд биеийг сэргээх, зовиурыг багасгах үйлчилгээтэй. Манайд эмчлүүлж байгаа хүн эмчийн хяналт үзлэгт заавал хамрагдсан байдаг учир биеийн байдалд нь тохируулан зохих хэмжээгээр эмчилгээ хийдэг.

УНТЭ-ийн Сэргээн засах клиникийн их эмч Д.Буяндэлгэр


Нүдний мах хараанд нөлөөлдөг

-Нүдний өөхийг авахуулсны дараа дахин ургадаг уу. Хараанд нөлөөлдөг гэх юм. Энэ үнэн үү?

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Цэнгэл

-Өөх дахин ургаж болно. Тиймээс аль болох нүдээ үрэвслүүлэхгүй байвал дахихгүй. Манай орны цаг уурын онцлогоос болж хүн бүр нүдний өөхтэй болсон байдаг. Мөн дээрээс нь нүдний мах гэж байна. Энэ нь нүдний хараанд нөлөөлнө. Нүдний мах эвэрлэг рүү түрж ургадаг учраас хараанд нөлөөлдөг.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч З.Баярцэцэг

Зураг