Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зөв бурууг ухааруулсан ёс суртахууны хичээл таалагджээ

БСШУСЯ
2014 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БШУЯ-аас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаад хоёр дахь хичээлийн жилээ үдэж байна. Бага боловсролын шинэчлэлийн төслийн багийнхны боловсруулсан шинэ хөтөлбөрийг  хот хөдөөгийн нийт 40 сургууль дээр туршин хэрэгжүүлж байгаа. 

Уг хөтөлбөрийг туршиж буй нийслэлийн 45-р дугаар сургуулийн бага ангийн хичээлд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр сууж танилцлаа.

45-р сургуулийн хувьд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллээд нэг жил болж байгаа юм байна. Д.Сарангэрэл гишүүн  хоёр цагийн хичээлд суусны дараа “Багш нарын сургалтын заах арга их өөр болжээ. Багш нар дээрээс заасан хөтөлбөрт баригдалгүй өөрийнхөө  арга барилаар хичээлээ заадаг болсон байна.

Миний анзаарч ойлгосноор багш хүүхдийг муу, сайн гэж ялгахгүй,  бие биенийх нь өмнө эвгүй байдалд оруулахгүйгээр их хүндэтгэлтэй найрсаг харьцаж байгаа орчин үеийн энэхүү  сургалт сэтгэлд нийцлээ. Багш шууд заан тулгах биш хүүхдээр өөрөөр нь үйлдэл хийлгэж, тэрийг нь бусад ангийн найзууд нь шүүн зөвлөж, бие биенээсээ суралцдаг  болсон байна.

Мөн энэ шинэчилсэн хөтөлбөрөөр Ёс зүйн хичээл оруулж туршиж байгаа юм байна.  Энэ хичээлээр хүүхдэд  багаас нь зөв, бурууг  ухааруулж  байгаа нь мэдлэг боловсрол олгохоос илүүтэй ёс суртахуунтай, зөв хүн болж төлөвшүүлэх ач тустай юм байна гэж ойлголоо” гэсэн юм. 

Дашрамд дурдахад, шинэчилсэн хөтөлбөрийн агуулгыг салбарын эрдэмтэд болон багш нар хэлэлцээд үр дүнтэй гэж үзсэн учраас ирэх хичээлийн жилээс улсын хэмжээнд бүх бага сургууль энэхүү шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр болоод байгаа юм.

Орон нутгууд ч энэ талын бэлтгэлээ базаагаад дууссан, шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхэд бэлэн болжээ.