Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбат: Чингис бондын ЭХНИЙ эргэн төлөлт улсын төсвөөс огт хийгдэхгүй

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат

2013 оны эцсээр банкуудын нийт хөрөнгийн хэмжээгээр жагсаахад Хөгжлийн банк дөрөвт жагсжээ. Нэгт Худалдаа хөгжлийн банк, хоёрт Хаанбанк, гуравт Голомт банк жагсаж байгаа юм. 

Байгуулагдаад гурван жил болж байгаа Хөгжлийн банкны нийт хөрөнгө  2013 оны эцсээр гурван их наяд 231 тэрбум төгрөгт хүрч 2012 оны эцсээс 3.6 дахин өсчээ. 

2013 онд тэдний татварын дараах ашиг 27 тэрбум болсон байна. 

Тэд өөрийн банкны нэрээр болон Засгийн газраар баталгаажсан бонд болон бусад санхүүгийн эх үүсвэрийг татан эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлэх төслүүдэд санхүүжилт хийж байгаа юм. 
 
Өнөөдрийн байдлаар Чингис бондын эх үүсвэрээр 10 төсөлд мөн Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр буюу 580 сая ам.долларын Евро бонд болон дүрмийн сангаар 12 төсөлд санхүүжилт хийгээд байна. 

 Хөгжлийн банк санхүүжилт хийсэн шилдэг таван төслийг шалгаруулаад байгаа юм. 

Үүнд:

  1. Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл 
  2. Багануур ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөл
  3. Боинг 767 - 300ER  загварын агаарын хөлгийн санхүүжилтийн төсөл
  4. Өвлийн хүлэмжийн аж ахуйн төсөл
  5. Улаанбаатар - Мандалговь чиглэлийн авто замын төслүүдийг шалгаруулсан байна. 

Гурван жилийн тайлангийн хурлын үеэр дээрх төслүүдээс гадна санхүүжилт авч байгаа бусад аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж Хөгжлийн банкны санхүүжилт цаг үеэ олсон талаар онцолж байлаа. 

Тухайлбал,  Багануур ХК гэхэд 18,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч тоног төхөөрөмжөө сайжруулж өнгөрсөн нэг жилийн хугацаанд зургаан тэрбум төгрөг хэмнэсэн талаар Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр ярьж байв. Тэд авсан зээлийнхээ нэг тэрбум төгрөгийг эргэн төлөөд байгаа аж. 

Мөн Хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын санхүүжилт авсан Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төсөл энэ онд үйлдвэрээ нээх гэж байгаа талаар төслийн удирдагч Б.Эрдэнэбат хэлж байлаа.
 
Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүд болоод тэдний мөнгөн дүнгийн талаар ЭНД дарж үзэх боломжтой. 

Харин тус банкны санхүүжүүлсэн төслүүдийг хувиар харвал:

График 1. Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслүүд

График 2. Засгийн газраас авсан зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслүүд (Чингис бонд)

 


 

Н.МӨНХБАТ: ГЕРМАНЫ КОММЕРЗ БАНКНААС 13 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ АНХ УДАА ТАТАЖ ЧАДЛАА

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат

Хөгжлийн банкны босгосон бонд болоод Чингис бондын эргэн төлөлтийн асуудалд анхаарах цаг болсон талаар нөлөө бүхий улстөрчид сануулсаар байгаа.

Энэ талаар болон тус банкны санхүүжүүлсэн төслүүдийн эдийн засгийн ач холбогдлын талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай цөөн хором ярилцлаа. 

- Хөгжлийн банкны санхүүжүүлж буй төслүүдийн эдийн засгийн гол үр дүнг товч хэлвэл?
- Хөгжлийн банкны гол баримтлах ёстой бодлого нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэх.

Манай эдийн засаг бүрэн боломжоор ажиллаж чадахгүй байгаа. Бүрэн боломжиндоо хүрч ажиллахад илүү их санхүүгийн эх үүсвэрийг бэлэн болгож олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ үйл явдлыг түргэтгэх нь бидний үүрэг. Энэ бодлогын хүрээнд бид төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд явж байна. Жишээ нь, Тавантолгойн цахилгаан станц гэхэд 2015 оны аравдугаар сард авсан санхүүжилтээ бүрэн эргэн төлөх боломжтой гэдгээ сая танилцууллаа. Энэ төслийг жишээ нь цэвэр дотоодынхоо хөрөнгөөр санхүүжүүлсэн бол маш удаан хугацаанд үр дүнгээ өгөх байсан байх. Төслүүдийн эдийн засгийн үр ашиг тодорхой шатанд гараад явна. Бондын санхүүжилт маань орж ирээд эдийн засагт шингээд удаагүй байна шүү дээ. 

Тавантолгойн цахилгаан станц гэхэд 2015 оны аравдугаар сард авсан санхүүжилтээ бүрэн эргэн төлөх боломжтой гэдгээ сая танилцууллаа.

- Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдээс шилдэг тавыг шалгаруулсан байна. Энэ ямар шалгуураар тодруулсан бэ?
- Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг 2012 оны гуравдугаар сард босгосон. Чингис бондын 1,5 тэрбум ам.долларыг 2012 оны арванхоёрдугаар сард босгосон. Тэгэхээр энэ мөнгөнүүд маань манай эдийн засагт 2013 оны турш буюу буюу жил гаруй хугацаанд эргэлтэнд орж байна. Гэтэл энэ богино хугацаанд дөрөв, таван төсөл маань хэрэгжээд дуусч байна. Энэ утгаараа бид анхдагч төслүүдээ шалгаруулсан. 

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл Чингис бондын эргэн төлөлтөнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Бондын эргэн төлөлтийг та бүхэн хэрхэн төлөвлөж байгаа вэ?
- Энэ бол байх ёстой болгоомжлол. Яагаад гэхээр бид бондын мөнгийг заавал эргэн төлөх ёстой. Тиймээс Чингис бондыг эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулна. УИХ-ын 52 дугаар тогтоолоор ч мөн энэхүү бондын мөнгийг нийгмийн халамжинд, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй гээд заагаад өгчихсөн. Үүний хүрээнд бид эдийн засгийн үр ашигтай төслүүдэд л бондын мөнгийг зарцуулж байна. Манай улсад томоохон хэмжээний төслүүдийг хийхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай суурь дэд бүтцүүд дутуу байна. Түүнийгээ санхүүжүүлээд явж байна. Мөн  өөрийн мөнгөн орлогоороо эргэн төлөлтийг хангах төслүүдийг ч санхүүжүүлээд явж байгаа. Чингис бонд гэхэд  1,1 их наяд төгрөгийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг төслийн орлогоос өөрийн эргэн төлөлтөө нөхөх боломжтой төслүүдэд санхүүжилт хийсэн. 

Дэд бүтцийн салбар урт хугацаанд эргэн төлөлтөө нөхдөг. Суурь дэд бүтэц маань өөртөө шууд мөнгөн орлого байхгүй юм шиг боловч яг энэ дэд бүтэц дээр тулгуурлаад шинэ үйлдвэр, эдийн засгийн бүтцүүд бий болж байдаг. Бид зам барихгүйгээр аймгуудыг үйлдвэржүүлж чадахгүй. 

Тэгэхээр энэ нэг тэрбум ам.долларыг 2022 онд эргэн төлөх ёстой хэсгээс санхүүжилт хийгээд явж байгаа. Энэ 1,1 их наяд төгрөгийг Монгол улсын төсвөөс 2022 онд төлөх ёстой. 2022 онд Монгол улс 1,1 их наяд төгрөгийг төлж чадах уу, үгүй юу. Энэ тал дээр бид тодорхой төсөөлөл, судалгааг хийж үзсэн. Боломжтой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ онд улсын нэгдсэн төсвийн зөвхөн хөрөнгө оруулалтын  зардал гэхэд хоёр их наяд төгрөг байна. Энэ хоёр их наяд төгрөг 2022 онд эдийн засгаа дагаад өсөх болно. Маш болгоомжтой прогноз хийгээд үзэхээр дөрөв гаруй их наяд төгрөгийн  хөрөнгө оруулалтын зардлыг  улсын нэгдсэн төсөвт тусгагдвал бондын мөнгийг эргэн төлөх бүрэн боломжтой харагдаж байна. 

- Эргэн төлөлтийг хугацаа, хэмжээг та илүү тодорхой хэлэхгүй юу? 
- Бондын эргэн төлөлтүүд 2017, 2018, 2022 онуудад хийгдэх ёстой. 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор ойролцоогоор 520 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс төлөгдөнө. Үлдсэн хэсэг нь санхүүжилт хийгдсэн төслүүдээс эргэн төлөгдөнө. Жишээ нь ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Эрдэнэс тавантолгойд хийсэн хөрөнгө оруулалтуудыг нэрлэж болно. 

2018 онд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэх ёстой. Энэ 500 сая ам.долларыг эргэн төлүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Дандаа эргэн төлөлтөө өөрийн орлогоос хийх төслүүдэд зарцуулсан. Жишээ нь Байшин үйлдвэрлэх комбинат 1. Энэ бол цэвэр өөрийн гэсэн борлуулалттай арилжааны төсөл. Энэ төсөл гэхэд өөрийн авсан санхүүжилтийг хугацаандаа төлчихнө. Тэгэхээр Чингис бондын эхний эргэн төлөлт маань улсын төсвөөс огт хийгдэхгүй. Цэвэр бондоос зээл авсан төслүүдээсээ хийгдэнэ. Мөн импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөл ярьж байгаа. Энэ гэхэд 500 сая ам.доллараас санхүүжигдэх юм. Барьцаа, баталгаа нь хангагдан арилжааны банкаар дамжуулаад эргэн төлөлт хийгдэнэ. Тийм болохоор энэ эргэн төлөлт улсын төсөвт ачаалал өгөхгүй гэсэн үг.  

Чингис бондын эхний эргэн төлөлт маань улсын төсвөөс огт хийгдэхгүй.

-  Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоолын төслөөр Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуульд манай улсын өрийг ДНБ-ын 70 хувьтай тэнцэх тухай заасан. Үүнтэй холбоотойгоор дахин бонд гаргах зэрэг асуудал танай дээр яригдаж байгаа болов уу?
- Хөгжлийн банкны зүгээс шинэ эх үүсвэр бүрдүүлэх ажлыг байнга хийж байгаа. Өрийн удирдлага гэдэг манайтай шууд хамааралтай биш. Жишээ нь бид Засгийн газрын баталгаа дэмжлэггүйгээр Германы Коммерз банкнаас 13 сая еврогийн санхүүжилт анх удаа татаж чадла​а. Үүнтэй адил санхүүжилт татаад явна. Энэ бол улсын өр нэмэгдэж байгаа хэрэг биш. Цэвэр Хөгжлийн банкны өөрийн эрсдэл дээр авч байгаа санхүүжилт. Бид нар ийм санхүүжилт авах боломжтой байгаа болохоор манай санхүүжилт Өрийн удирдлагатай холбоогүй. 

- Хууль өргөн баригдсантай холбоотой дахин Засгийн газрын баталгаатай бонд гаргах тухай яригдаж байгаа болов уу?
- Энэ талаар ярихад эрт байна. Хууль яаж батлагдахаас шалтгаална. 


 

Хөгжлийн банкны нийт зээл ба урьдчилгааны тухай мэдээлэл, тэрбум төгрөг

Төслийн нэр Чингис бондын эх үүсвэрээр Хөгжлийн банкны эх үүсвэрээр Нийт санхүүжилт
Улсын төсвөөс эргэн төлөгдөх 754 614.6 1,386.60
Авто зам 350.1 319.4 669.5
Гудамж төсөл 47.9 0 47.9
Дэд бүтэц 93.8 2.7 96.4
Цахилгаан станц 4 119.2 123.2
Төмөр зам 258.3 37.2 295.5
Орон сууцны санхүүжилт 0 96.6 96.6
Сайншанд АҮЦ 0 3.3 3.3
ЖДҮ хөгжүүлэх сан 0 36.2 36.2
Төслийн орлогоос эргэн төлөгдөх 358.6 456.7 815.3
Тээвэр 4.8 0 4.8
Уул уурхай 0 348.6 348.6
Орон сууцны барилга 60 6.7 66.7
ХАА, Хөнгөн үйлдвэр 270.7 0 270.7
Барилгын материалын үйлдвэр 23.2 101.3 124.5
Нийт дүн 1,112.60 1,071.30 2,184.00