Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Болормаа: Би шинэчлэлийн бодлогыг хэрэгжиж чадахгүй гэж боддог байсан

ikon.mn
2014 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

-Өнөө цагийн хүүхдэд самбар шохой хоёроор хичээл заана гэж байхгүй-

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар.

Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад Баянгол дүүргийн Ган зам 20-р сургуулийн багш С.Болормаатай уулзаж цөөн хором ярилцлаа.

-    Нэг жил гаруй хугацаанд боловсролын салбарт маш их шинэчлэлүүд хийгдэж байна. Ялангуяа бага, дунд боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Энэ үйлсийг яг гардан хийж байгаа багшийн хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна уу?

-    Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ялангуяа шинэчилсэн хөтөлбөрийг туршиж эхэлсэн цагаас хойш үүнд их итгэлтэй болсон. 

-    Шинэчилсэн хөтөлбөр яаж танд итгэл төрүүлэв?

-    Би анх шинэчилсэн хөтөлбөрийн тухай сонсоод “за энэ ёстой хэрэггүй юм байна аа” гэж бодож байсан. Багш нарын дунд зохион явуулсан семинарт үнэхээр дургүй очиж тав хоног суусан. Тэгээд яг тэр аргаар нь ирээд хичээлээ заатал нэг л амархан юм шиг санагдсан. Ийм амархан юмыг хүүхдүүдэд ингэж задлаж заагаад байхдаа яахав дээ. Хайран цаг... гэж бодож байлаа. Гэтэл үргэлжлүүлээд тэр аргаараа заагаад байтал энэ шинэчилсэн хөтөлбөр үнэхээр хэрэгтэй зүйл юм гэдгийг ойлгосон. Анх математикийн хичээлийг л шинэчилсэн хөтөлбөрөөр заагаад бусад нь бүгд хуучин системээрээ явж байсан.

Тэгтэл удалгүй хүүхдүүд маань хуучин хөтөлбөрөөр явж байсан хичээлээс илүү математикийн хичээлдээ дуртай болж маш хурдан сурч эхэлсэн. Бусад хичээлүүдээ ерөөсөө тоохгүй “тооны хичээлээ оръё л доо багш аа. Энэ хичээлийнхээ сэдвийг аваад гэртээ хийчихье л дээ” гэдэг болчихсон. Тэгээд энэ жилээс бага ангийн бүх хичээл шинэчилсэн хөтөлбөр, загвараар яваад эхэлтэл бүх хичээлдээ дуртай болоод үр дүн гараад эхэлсэн. Тийм болохоор хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юм байна гэдэгт үнэхээр итгэсэн. Би маш их баяртай байгаа.

-    Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээл яаж өөрчлөгдсөн гэж? Та ямар арга барилаар хичээлээ явуулдаг вэ?

-    Бага ангийн хүүхдүүдэд аль болох тоглоомын аргаар хичээлийг нь ойлгуулах хэрэгтэй юм билээ. Тэрнээс биш самбар шохойтой л хичээллэнэ гэвэл багш яаж ч заагаад хүүхэд ойлгохгүй. Тэд чинь балчир юм болохоор өнгө будаг холилдсон анхаарал, сонирхлыг нь татахуйц зүйл хичээлд нь хэрэглэхээр их дуртай. Тийм болохоор би сургалтын хэрэглэгдэхүүнийг тэргүүнд авч үздэг. Өөрөө хэрэглэгдэхүүнээ бэлддэг. Миний хийсэн хэрэглэгдэхүүнүүд багш нарын заах арга зүйгээ солилцдог сайтад зурагтайгаа байгаа. Гадуур явж байхдаа хүртэл харсан зүйлээ “Тэрийг заахад ямар зүйл хэрэгтэй билээ” гээд л үргэлж бодож явдаг.

Самбар шохойтой л хичээллэнэ гэвэл багш яаж ч заагаад хүүхэд ойлгохгүй.

Гэхдээ хамгийн гол нь хэрэглэгдэхүүн бэлдэхдээ хүүхэд нэг бүрт хүрэлцэхүйц байлгах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр хоёр хүүхдийн дунд нэг гэсэн байдлаар өгвөл нэмэргүй. Хүнтэй хуваалцаад байхаар сонирхол нь дороо буучихдаг. Тоглоом тоглохдоо ч хүүхэд тийм л байдаг шүү дээ. Ер нь хүүхдэд ямар нэг зүйл зааж, сургая л гэвэл үзүүлж, бариулж, мэдрүүлэх л хамгийн чухал. Өмнө нь бол компьютер дээр нэг юм бичиж хэвлээд түүнийгээ самбар дээр нааж заадаг байсан.

Тэгэхээр нэгд, амархан хуучирч муудна, хоёрт хүүхдэд тийм ч сонирхолтой байгаагүй. Харин ингээд гарт нь очиж мэдрэгдсэн зүйл хэрэглээд эхлэхээр хүүхдүүд хичээлээ аль болох дуусгалгүй, үргэлжлүүлж орохыг боддог. Орой 17:15 цагт хичээл дуусахад хүүхдүүд маань “Ингээд л дуусчих юм уу. Дахиад жаахан хийе л дээ” гэцгээдэг. 

-    Хүүхдүүд хичээлдээ ийм дуртай болоод ирэхээр сурлагын хувьд  ахиц гарна биз дээ? 

-    Манай анги 39 хүүхэдтэй. Дөрөвдүгээр анги. Одоо тэдэн дундаас хуучнаар бол “муу сурлагатан” хайгаад олохгүй. Гэрийн даалгавраа хүртэл бүгд маш сайн хийдэг болсон. Хичээлээ сайн ойлгосон хүүхэд л гэрийн даалгавар хийдэг юм билээ. Тэгэхээр багш хүүхдийг сургууль дээр ч гэртээ ч хичээл хийдэг, идэвхтэй байлгая гэвэл хичээлээ л сонирхолтой аргаар ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүд гэртээ хийж ирснээ бусадтайгаа харьцуулдаг. Би ингэж хийсэн. Чи яаж хийсэн бэ? гээд л. Хичээлээ ойлгоод мэдчихсэн хүүхэд чинь дуу нь чангараад л, өөртөө улам итгэлтэй болоод л, өөрийн эрхгүй хичээлдээ сайн болоод эхэлдэг.

Хичээлээ ойлгоод мэдчихсэн хүүхэд чинь дуу нь чангараад л, өөртөө улам итгэлтэй болоод л, өөрийн эрхгүй хичээлдээ сайн болоод эхэлдэг.

Багш асуулт асуувал намайг харахгүй байгаа юм болов уу гэсэн шиг босч ирээд л гараа өргөцгөөдөг. Тэгэхээр багш үнэхээр хориход хэцүү. Хүүхдүүд маань бүгд чадна гэсэн итгэлтэй, асуусан бүхэнд чадаж хариулаад байхад боль, битгий, суу гэж хорих хэрэггүй. Манай ангийн бүх хүүхэд өөрийн дутагдал, давуу талуудаа бичсэн. Би жаахан хүний үг сонсдоггүй. Би жаахан сахилгагүй. Би хааяа гэрийн даалгавраа хийдэггүй. Харин би их сайхан сэтгэлтэй...гэх мэт.

Тэгээд дараа нь дутагдлаа засах зорилго тавиад “Би удахгүй энэ бүх дутагдлаа засаад сайн хүн болно” гэж амладаг. Монгол хэлний хичээл л гэхэд бүгд, зөв найруулдаг, бичдэг, зохиодог, ярьдаг, илтгэдэг болсон. Цаашлаад математик, технолгийн хичээл, хүн байгаль гэх мэт бүх хичээлд ахиц гарсан.

Ялангуяа хүн байгалийн хичээл илүү шинжлэх ухаан тал руугаа болоод ороод ирсэн. Тэгэхээр байгалийн үзэгдлүүдийг турших гэх мэт нөгөө л хэрэглэгдэхүүн хэрэгтэй болдог. Жишээ нь аянга, цахилгаан гүйдлийн тухай зүгээр л яриад байвал хүүхэд сайн ойлгохгүй. Тиймээс багш өөрөө бэлдээд цахилгаан хэлхээг яаж холбовол гэрэл асдаг, цахилгаан гүйдэл гэдгийг нь нүдээр нь үзүүлдэг. Би найман хичээл ордог. Энэ наймаас хоцорч яваа хүүхэд нэг ч байхгүй.

Тэгэхээр хүүхдүүд үнэхээр дуртай байхаас гадна хамгийн гол нь маш сайн ойлгодог. Энэ мэтээр хичээл бүртээ сургалтын сонирхолтой хэрэглэгдэхүүн бэлдэж ашиглах хэрэгтэй. Тэгж байж л хүүхэд хичээлдээ анхаарч, сонирхоно. Хичээлээ ойлгож амжилттай суралцана. 

-    Хүүхдийг үгээр үнэлдэг болж байгаа. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?

-    Маш зөв. Хүүхдийг учиргүй онц, муугаар нь ялгах бол утгагүй байсан. Хүүхдийн чадаж байгааг түрүүлж олж хараад урамшуулдаг байх хэрэгтэй. Тэгсэн цагт хүүхдүүд “Багш аа би чадаж байгаа, би сурч байгаа тийм үү?” гээд л их урам, зоригтой болдог. Эцэг эхчүүд ч маш сайн дэмжиж байгаа. 

-    Харин багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам танд ямар санагдаж байна вэ? 

-    Багшаас л шалтгаалах зүйл. Багш өөрөө хүүхдээ хэрхэн ахиулж, хөгжүүлэх вэ гэдгээ зөв төлөвлөөд түүндээ үнэхээр хүрч л чадаж байвал болох нь тэр. Журмын гол зорилго бол хүүхэд бүрийг хөгжүүлж чадсан багш л сайн багш. Тэгэхээр багшаас сайн ярьж, сайн тайлагнахыг биш хүүхдээ сайн хөгжүүлсэн байхыг л шаардана гэсэн үг. Багш эхлээд өөрийгөө дүгнэнэ. Дараа нь сургууль дүгнэнэ. Манай сургуулийн хувьд үнэхээр шударга дүгнэж байгаа. Тэгэхээр энэ журам яг зөв тийш чиглэсэн боломжийн журам болсон гэж багшийн хувьд бодож байгаа.

-    Л.Гантөмөр сайд өнгөрсөн намар багш нартай уулзахдаа багшид хичээл заах эрх мэдлийг нь бүрэн өгнө. Багш яаманд зориулж конспект бичдэг цагаа хүүхдэд зарцуулдаг болно. Яамнаас хичээлийнх нь хуваарийг заадаггүй болно гэх мэт амлалт өгсөн. Сайдын амлалт биелсэн үү? 

-    Конспект бичнэ гэж нэг том ажил байсан. Тэрийгээ сайн хийж байж л цалингаа авна шүү дээ. Одоо бол конспект бичихээ больсон. Гэхдээ ямар нэг байдлаар тайлан гаргаж байгаа. Тайлангүй төлөвлөгөө гэж байхгүй шүү дээ. Гэвч энэ нь багшийн ажлыг хүндрүүлэхгүй. Өмнөхөө бодвол багшид хүүхдийнхээ ахицад анхаарах цаг гарсан болоод л бид сургалтын хэрэглэгдэхүүн, хичээл заах арга барилаа өөрчилж чадаж байна шүү дээ. Л.Гантөмөр сайд амласандаа хүрсэн.

Манай сургалтын менежер хичээлээ яаж ормоор байна? Нэг хичээлээ олон цаг орох уу? гэх мэтчилэн багш нараас санал авдаг болсон. Ердөө 40 минут л заагаад өөр юм яриад эхлэхээр хүүхэд тогтооно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хичээлийн хуваарь илүү уян хатан байх хэрэгтэй. Нэг хичээл хоёр, гурван цаг дараалж орохоор хүүхдүүд маш сайн ойлгодог. Хүүхдийн бүтээлч чанарт ч маш сайнаар нөлөөлдөг. 

-    Та 16 жил багшилсан. Таныг багшилж байх хугацаанд боловсролын хамгийн сайн бодлого хэзээ гарч байсан бэ?

-    Бүх л цаг үед гарч байсан бодлого тухайн цаг үедээ л зөв байсан. Тэр үедээ л бас шинэ зүйлүүд байсан. Харин одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр бол өмнөх үеийнхээ алдаануудыг зассан маш сайн хөтөлбөр, бодлого болсон гэж багш бид нар дүгнээд байгаа. Эцсийн дүнд сайн боловсролын эх нь багш шүү дээ.