Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бадамнямбуу: Хүүхдийг зөвхөн “тоочин” болгохын тулд математик заадаг юм биш

ikon.mn
2014 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.

Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 41-р сургуулийн багш Б.Бадамнямбуутай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Боловсролын салбарт хийж байгаа чанарын шинэчлэлийн хамгийн гол зорилго бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Энэ зорилго биелэх болов уу? 

-Ер нь бол боломж байгаа. Би математикийн багш. Боловсролын байгууллагад 22 жил математикийн багшаар ажиллаж байна. Хүүхдүүд дунд ангид орж ирээд олон шинэ хичээл үздэг. Тэгээд мэдэхгүй олон зүйл гарч ирээд чадахгүй болохоор хичээлдээ идэвхгүй болж сурлагаараа хоцордог. Ялангуяа математикийн хичээлд. Бусдаар бол хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх тал дээр нэгэн жигд орхилгүй хөгжүүлж болно.

Хүн бүр математикч болох албагүй. Харин хүн бүр эцэг эх болно гэж үг байдаг. Манай 9г анги одоо 22 хүүхэдтэй. Гэвч математикийн хичээлдээ тааруу хүүхдүүд байгаа. Хүүхэд бүрийн сонирхол өөр шүү дээ. Тэгэхээр хичээл бүр дээр хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэхээсээ илүү хүүхэд бүрийг зөв хүн болгон төлөвшүүлэх нь гол зорилго юм болов уу гэж боддог. 

Шууд бусаар хэрэгтэй, хэрэггүй гэж харвал математик, тоо бодох нь оюуны гимнастик л гэсэн үг. 

-Хүүхэд бүрийн сонирхол өөр. Математикийн хичээлд сонирхолгүй гээд тухайн хүүхдийг орхичихдог гэсэн үг үү? Уг нь тэр хүүхэд есдүгээр ангидаа эзэмших математикийн суурь мэдлэгээ олж авах ёстой биз дээ?

-Би орхидог гэж хэлээгүй. Зүгээр л хүний сонирхлын тухай ярьсан юм. Мэдээж багш хүний хувьд юу гэж энэ муу...гээд тэр чигт нь орхих вэ дээ. Би хүүхдүүддээ өөрсдийнх нь онцлогт таарсан даалгавар өгч бодуулдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн чадвартай. Тохирсон даалгаврыг нь өгөөд бодуулаад байвал хүүхдийн сонирхол буурахгүй. Учир нь чаддаг бодлогоо бодоод байна шүү дээ. Тэр бодлогоо бодсоор байгаад сайн ойлгоод дараагийн шатандаа орно гэх мэтчилэн хоцрогдлыг нь арилгаж байна. 

-Хүүхдүүдийнхээ сонирхлыг татахуйц аргуудыг хэрэглэж хүүхдүүдээ жигд хөгжүүлэх боломжгүй юу? 

-Есдүгээр ангийн хүүхдүүд чинь бага балчир биш болохоор янз бүрийн тоглоомын аргууд хэрэглэх хэцүү. Манай бага ангийн багш нар бол тиймэрхүү хүүхдийн сонирхлыг татах зүйлсээр дамжуулаад сургаж байна л даа. Математикийн хичээлд хэрэглэх хэрэглэгдэхүүн ховор шүү дээ. Шинжлэх ухааны хичээлүүдээс физик, химийн хичээлүүд дээр харин үзүүлж харуулах, сонирхлыг нь татах зүйл олон бий. Сүүлд яамнаас 200 сургуульд физик, химийн хос лаборатори өгсөн байсан. Тэр бол маш зөв.

Хүүхдүүд онолоор үзсэн хичээлээ практикт хийж үзэж байж нягт ойлгоно шүү дээ. Физик, химийн хичээлээр үздэг урвал, хөдөлгөөний тухай яг нүдээрээ хараад мэдрээд хичээллэвэл сонирхолтойгоос гадна илүү ойлгомжтой.  Математик бол хэцүү. Харин би сонирхолтой болгохын тулд илүү амьдралтай нь холбож бодуулахыг хичээдэг. Гол нь дунд ангид орж ирээд хичээлд нь мэдэхгүй үгс их орж ирдэг. Түүнийг нь маш сайн тайлбарлаж ойлгуулдаг. Тэгж байж бодуулахгүй бол юу гэж байгаа нь мэдэгдэхгүй нэг гадаад үг байхаар чинь хүүхэд яаж бодох вэ дээ. 

Элдэв конспект, тайланд зарцуулдаг цагаа өөрийнхөө хөгжилд, хүүхэддээ зарцуулаад эхлэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж гарч байна шүү дээ.

-Математикийн хичээл амьдралд ер нь ямар хэрэгтэй юм бэ? 

-Шууд хэрэглээ гэж харвал хэцүү шүү дээ. Инженер, санхүүч болох хүнд бол математик зайлшгүй хэрэгтэй. Шууд бусаар хэрэгтэй, хэрэггүй гэж харвал математик, тоо бодох нь оюуны гимнастик л гэсэн үг.  Аливааг цэгцтэй, олон талаас нь бодох чадвар сууна. Хамгийн чухал нь тухайн хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд математик хэрэгтэй. Тэрнээс биш тоо бодож чаддаг хүн бэлдэх гээд байгаа хэрэг биш.

-БШУЯ-аас дэвшүүлсэн чанарын шинэчлэлийн бодлоготой танилцсан уу? Яг хэрэгжүүлж ажиллах танд ямар санагдаж байна?

-Бодлого гараад жил гаруй болж байна шүү дээ. Өнгөрсөн жил Л.Гантөмөр сайд МҮЭСТО-д манай дүүргийн багш нартай уулзаж, бодлогоо танилцуулсан. Багш бид их дэмжиж байгаа. Хамгийн гол нь хүүхэд бүрийг хөгжүүл! гэж шаардахдаа багшийг цаасны ажлаас салгана гэдэг нь бидэнд их таалагдсан. Тэр элдэв конспект, тайланд зарцуулдаг цагаа өөрийнхөө хөгжилд, хүүхэддээ зарцуулаад эхлэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж гарч байна шүү дээ.