Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цэцэгдэлгэр: Хүүхдүүдээ хамт л байлгамаар байна

Б.Энхзаяа
2014 оны 4 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
"Хүүхдүүдээ хамт л байлгамаар байна"

Эцэг, эхийнхээ хараа хяналтаас гарсан орон гэргүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдийг сурч боловсруулах, нийгэмшүүлэх амьдралд хөтөлдөг байгууллага нь Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв болон асрамжийн төвүүд.

Гэвч манай улсын асрамж, хүүхэд хамгааллын төвүүдийн үүд хаалга үргэлж хаалттай, тэр хаалганы цаана ямар амьдрал өрнөдөг тухай мэдээлэл тун ховор. Сүүлийн жилүүдэд асрамжийн төв дэх хүүхдүүдийн эрх зөрчигдөх тохиолдол гарах болсон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд оршин суугч П.Цэцэгдэлгэр 2005 оноос гурван хүүхдээ Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд өгчээ. Гэтэл 2012 оноос хүүхдүүдийнх нь эрх зөрчигдөх болж, холбогдох байгууллагуудад хандаад тусыг олж чадахгүй яваа гэнэ.

Тодруулбал, хүүхдүүдийг нь төвийнх нь ахлах ангийн сурагчид, багш нар нь гар хүрч, хооронд нь тусгаарлаж байрлуулах болжээ. Тэрээр нэг охиныг нь сургалтын төвийн багш нар нь бусдад үрчлүүлэх гэж байсан тухай ч ярьж байв.

-Та хүүхдүүдээ яагаад асрамжийн төвд өгсөн юм бэ?

-Манайх ам бүл арвуулаа амьдардаг өнөр өтгөн айл. Амьдралын боломжгүйгээс хамгийн бага гурван хүүхдээ 2005 оноос Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд өгсөн юм. Одоо 13, 15, 16 насны хоёр охин, нэг хүү байгаа.

Энэ төвийн захирал 2012 оны дөрөвдүгээр сараас солигдсоноор хүүхдүүдийн маань эрх зөрчигдөж эхэлсэн. Тэд маань онц сурдаг, тоо бичгийн аварга хүүхдүүд. Шинэ захирал Б.Лхамсүрэн гэх эмэгтэй ирэх үеэс тэр төвд халаа сэлгээ болж зарим багшийг сурагчдыг хассан. Үүнд нь манай хүүхдүүд орсон юм.

Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв

-Хүүхдүүдээ гэртээ авахаар болсон гэсэн үг үү?

-Тийм. Хүүхдүүд гэртээ ирээд удаагүй байтал дунд охин Тамирыг асрамжийн төвөөс нь дуудсан. Хүүхдүүдийн бичиг баримтыг өгөхөд охиныхыг өгөөгүй байсан. Тэгээд төв дээрээ очтол тэнд нь амьдруулахаар болсон байсан. Тэндхийн сурагчдын хэлж байгаагаар төвийн захирал Б.Лхамсүрэн 10 хүүхдийг бусдад үрчлүүлэхээр болж түүнд нь манай охины нэр орсон юм билээ.

Сурагчдын хэлж байгаагаар төвийн захирал Б.Лхамсүрэн 10 хүүхдийг бусдад үрчлүүлэхээр болж түүнд нь манай охины нэр орсон юм билээ.

-Төвийнхөн өөрсдөө охиныг чинь үрчлүүлэх тухай хэлсэн үү. Одоо хүүхдүүд чинь хаана байна вэ?

-Хүүхдүүд нь ярьж байсан. 10 орчим хүүхдийг захирлынх нь найз үрчлэх гэж байгаа талаар. Гэхдээ надад албан ёсоор хэлээгүй. Тэр явдлаас хойш нэг их удалгүй хоёр хүүхдийг минь гэрээс сүрдүүлж байгаад хүмүүс аваад явчихсан.

Намайг ажилдаа явсан хойгуур Б.Лхамсүрэнгийн танил Долгор гэх эмэгтэй цагдаагийн нэр бариад охин, хүү хоёрыг маань аваад явчихсан байсан. Тэд одоо Хүүхдийн асран хамгаалах төвд, охин Тамир маань Хүүхдийн сургалт хүмүүжлийн төвд байгаа. Тэдэнтэйгээ оны өмнөхөн уулзсанаас хойш дахиж уулзаагүй. Хүүхдүүдээ гэртээ аваачъя гэхээр төвийнхөн чөлөө өгдөггүй юм.

-Нэг гэр бүлийн хүүхдүүд нэг дор амьдрах ёстой юм билээ?

-Энэ тухай л хөөцөлдөөд шийдүүлж чадахгүй явна. Ерөнхийлөгч, Хуульзүйн сайд, бусад төрийн байгууллагуудад өргөдөл өгсөн. Дорвитой шийдэж өгөөгүй. Тэгээд ч энэ сургалтын төвийнхөн хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчдөг.

Хүүг маань өөрөөс нь ах хөвгүүд паар мөргүүлж толгойг нь хагалсан байсан. Охидыг маань эгчмэд охидууд нь хана мөргүүлдэг байсан юм билээ. Багш нар нь ч охидыг зодож байсан удаатай. Хүүхдийн төлөө үндэсний газарт хандахад хүүхдийн эрх зөрчсөн багш нарт хариуцлага тооцсон гэж хариулна лээ. Тэднийг хамт амьдруулах тухайд одоо хүртэл шийдэж өгч чадаагүй.

Энэ тухай Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр “Хүүхдийг аюулгүй байдлыг нь хангах үүднээс эцэг, эхээс тусгаарлах тохиолдол бий. П.Цэцэгдэлгэр асран хамгаалах чадваргүй учраас хүүхдүүд нь сургалтын тусгай төвд амьдарч байгаа. Хүүхдүүд нь ч төвдөө амьдрах сонирхолтой. Том болсон хүүхдүүдийг үрчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй” гэв.

Зураг