“Нейтрино хүн” хочит Фрэнсис Халзен 2026 оны физикийн салбарын Нобелийн шагнал хүртэхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бельги-Америкийн бөөмийн физикч Фрэнсис Халзен сансар огторгуйн тухай өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг өгөх чадвартай, баригдашгүй шинж чанартай атомаас жижиг бөөм болох өндөр энергитэй нейтриног илрүүлэх зорилгоор Антарктидад мөсний ажиглалтын төв байгуулсан ажлаараа 2026 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.

Өдгөө 82 настай Халзен өмнөд туйлын цэвэр тунгалаг мөсийг ашиглан ийм нейтринонуудыг судлах боломжтойг олж харсан хүн юм. Эдгээр бөөмийг заримдаа "сүнс-бөөм" (ghost particles) гэж нэрлэдэг бөгөөд учир нь тэд бодистой маш ховор харилцан үйлчлэлцдэг тул дэлхийг ямар ч ул мөр үлдээлгүйгээр нэвтлэн гардаг байна.

Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгч Ева Олссон хэвлэлийн хурлын үеэр "Эдгээр элч бөөмүүд сансар огторгуйгаас мэдээлэл авчирдаг. Тэд алс холын галактикууд руу хүрэх үүд хаалгыг нээж, оддын дэлбэрэлтийн үйл явцын талаар мэдээллийг бидэнд өгдөг юм" хэмээн тайлбарлажээ.

Академийн мэдээлснээр Халзены байгуулсан "IceCube" ажиглалтын төвийн бүртгэсэн харилцан үйлчлэлүүд нь өндөр энергитэй нейтрино хэрхэн үүсдэг тухай мэдээллийг өгөхөөс гадна урьд өмнө мэдэгдээгүй үзэгдлүүдийг ч илрүүлж болзошгүй байгаа аж.

2014 онд АНУ-д төвтэй "Smithsonian" сэтгүүл Халзенд "Ingenuity Award" (Бүтээлч сэтгэлгээний шагнал)-ын нэгийг гардуулахдаа түүнийг "Нейтрино хүн" хэмээн нэрлэж, "одон орон судлалын шинэ эрин үеийн эхлэлийг тавьсан гайхалтай туршилт" хийснийг нь өндрөөр үнэлж байв.

Тус сэтгүүл түүний амьдралын тухай "Нэгэн физикчийн сансар огторгуйг судлах ажил Антарктидад хэрхэн эхэлсэн бэ" гэсэн гарчигтай комик түүхийг хүртэл нийтэлж байжээ.

Гэрлийн оронд нейтриног бүртгэдэг дурангийн үүрэгтэй Халзены байгуулсан ажиглалтын төв нь Антарктидын мөсөн дотор, тодруулбал Амундсен-Скоттын нэрэмжит Өмнөд туйлын станцын ойролцоо гадаргуугаас доош 2,500 метрийн гүн хүртэл үргэлжлэх нэг шоо километр талбай бүхий мөсөн давхаргад байрладаг.

Бусад бөөмөөс ялгаатай нь энергиэ алддаггүй, чиглэлээ өөрчилдөггүй, бараг массгүй өндөр энергитэй нейтриногийн дохиог хүлээж авдаг 5,000 гаруй мэдрэгч энд бий. Тэдгээр мэдрэгчүүд нь нейтриногийн туулсан замаар мөрдөж, оддын дэлбэрэлт, гамма цацрагийн тэсрэлт, хар нүх, нейтрон ододтой холбоотой үзэгдлүүдийн талаар мэдээлэл цуглуулдаг.

АНУ-ын Висконсин-Мэдисоны Их сургуулийн профессор Халзен нейтриногийн ул мөрийг илрүүлэх санаагаа анх 1988 онд дэвшүүлж байсан ч уг төсөл 2011 онд л бүрэн хэрэгжиж дууссан байна.

"Би өөрийгөө ямар их азтай байснаа онцлон хэлмээр байна. Учир нь биднийг энэ төслийг эхлүүлэх үед хүн бүр үүнийг сайн санаа гэдгийг ойлгож байсан ч, амжилттай хэрэгжинэ гэдэгт намайг оролцуулаад маш цөөхөн хүн итгэж байсан юм" гэж Халзен хэвлэлийн бага хуралд утсаар оролцохдоо хэлжээ.

Нейтрино нь цахилгаан цэнэггүй бөгөөд соронзон орны нөлөөнд огт автдаггүй тул харагдах гэрэл гэх мэт цахилгаан соронзон долгионоос ялгаатай нь тэдний ирж ​​буй чиглэл эх үүсвэрээ шууд заадаг байна.

Температур Цельсийн -50 хэмээс доош бууж, онгоц газардах боломжгүй болдог Өмнөд туйлын урт өвлийн туршид "өвөлжөөний баг" гэгдэх цөөн тооны судлаач ажиглалтын төвийн үйл ажиллагааг хариуцан үлддэг.

Олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг тус станц нь 150 хүртэлх хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд гал тогоо, хоолны танхим, фитнесс төв, тэр ч байтугай хүлэмжтэй ажээ. Өнгөрсөн долоо хоногт тэд зургаан сар үргэлжилсэн урт шөнийн дараа нар мандаж буйг тохиолдуулан мөсөн талбай дээр гольфын тэмцээн зохион байгуулан тэмдэглэсэн байна.

Нийт 8 шоо дөрвөлжин километр талбай бүхий мөсийг хамрах "IceCube-Gen2" нэртэй өргөтгөлийн төслийг 2033 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь илүү сул энергитэй нейтринонуудыг оролцуулан одоогийнхоос 10 дахин их нейтриног илрүүлэх боломжтой болох юм.

Халзен өөрийнхөө ажлын гол үр дүнг хараахан гараагүй байгааг хүлээн зөвшөөрч, энэ нь орчлон ертөнцийн талаар яг ямар нууцыг ил болгохыг хэлэхэд эрт байна гэж мэдэгджээ.

"Хамгийн сонирхолтой нь би тэр асуултад хараахан хариулж чадахгүй байгаа явдал юм. Энэ бол дөнгөж эхлэл төдий ажил бөгөөд жинхэнэ одон орон судлалын нээлтүүд хараахан болоогүй байна” гэж тэр хэлсэн юм.

Бельгийн ерөнхий сайд Барт де Вевер "орчлон ертөнцийн хамгийн агуу нууцуудыг түүний хамгийн жижиг илрэлүүдээр дамжуулан тайлахад амьдралаа зориулсан" Халзенд баяр хүргэжээ.

Физикийн салбарын энэхүү шагналтан 12 сая Шведийн крон ($1.2 сая)-ыг гардан авах юм. Өмнөх шагналын эздийн дунд нейтриногийн судалгааны салбарт анхдагч болсон хэд хэдэн эрдэмтэн байдаг бөгөөд тухайлбал, 2015 онд Японы Такааки Кажита, Канадын Артур МакДональд нар уг шагналыг хүртэж байжээ.

Нобелийн шагналыг Шведийн зохион бүтээгч, бизнесмэн Альфред Нобелийн гэрээслэлээр бий болгосон бөгөөд тэр тэслэгч бодис динамитыг зохион бүтээж, бий болгосон хөрөнгөө үүнд зориулж, үлдээсэн юм.

Тиймээс Альфред Нобелийн гэрээслэлд физикийн шинжлэх ухаан онцгой байр суурь эзэлж байсан нь одоо ч үргэлжилж байна.

Өмнөх шагналтнуудын дунд орчин үеийн физикийн үндэс суурийг тавихад хувь нэмрээ оруулсан Альберт Эйнштейн, Мари болон Пьер Кюри, Макс Планк, Нильс Бор зэрэг шинжлэх ухааны салбарын хамгийн алдартай зүтгэлтнүүд багтдаг.

Шагналыг Нобелийн таалал төгссөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокхольм хотноо гардуулдаг уламжлалтай.

 

Эх сурвалж: AFP