Теннесийн шоронд дараалан цаазлуулсан ч амьд үлдсэн Криста Пайк ухаан орж, ярьж эхэлснийг өмгөөлөгчид нь мэдээлжээ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Теннесси мужийн шоронд болсон цаазаар авах ажиллагаанаас амьд үлдсэн хоригдол Криста Пайк эмнэлэгт эмчлүүлж байхдаа ухаан орж, ярьж эхэлсэн тухай түүний өмгөөлөгчид Мягмар гарагт мэдээлжээ.
"Бүх бэрхшээлийг үл харгалзан Криста Пайк ухаан орж, ярьж эхэлсэн бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж, эмчилгээг үргэлжлүүлэн авсаар байна. Гартаа хүнд гэмтэл авсан хэдий ч түүнийг одоо ч гэсэн орон нь дээр гавтай, хүлээстэй байлгаж байна. Түүний эдгэрэл нь анагаах ухааны түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол болж байна. Цаашдын төлөв тодорхойгүй байгаа ч бид түүнийг эдгэрэхэд урт хугацаа шаардагдана гэж таамаглаж байна" гэж Пайкийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.
Тэд бас “Кристад хүний ёсоор хандаж, онцгой сайн асаргаа сувилгаа үзүүлсэн” яаралтай тусламжийн ажилтнууд болон эмнэлгийн багийнханд талархаж буйгаа илэрхийлжээ.
Энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Нэшвилл дэх шоронгоос түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш Пайкийн биеийн байдал сайжирч буйг харуулсан анхны мэдээлэл болж байна.
Теннесси мужийн шоронгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мягмар гарагийн байдлаар Пайк эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг гэхээс өөр мэдээлэл өгөх боломжгүйг илэрхийлжээ.
Пайк нь 1995 онд атаархал, үзэн ядалтын улмаас ангийнхаа сурагч Коллин Слеммерийн аминд хүрсэн хэргээр цаазын ял сонссон хүн юм.
Цаазын ажиллагааг үхлийн тарилгаар гүйцэтгэсэн бөгөөд пентобарбитал хэмээх бодисын хоёр тунг түүний гарын судсанд дараалан шахсан ч амьд үлдэж байв.
Үхэлд хүргэх тарилгын бодис түүний амийг авч чадаагүй ч өмгөөлөгчдийнх нь хэлснээр түүний гар түлэгдэж, цэврүүтсэн байгаа гэнэ.
Атланта хотын мэдээ алдуулалт, мэс заслын чиглэлийн профессор, Пайкийн өмгөөллийн багт шинжээчээр ажилласан Жоэл Зивот энэхүү өөрчлөлтийг "эдгэрэх сайн шинж тэмдэг" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Гэхдээ түүний эдгэрэлт цааш хэрхэн үргэлжлэх, мөн мужийн эрх баригчдын зүгээс дахин цаазлах оролдлого хийх боломжтой түвшинд хүртэл түүний биеийн болон сэтгэцийн байдал хэрхэн сэргэхийг мэдэхэд хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар шаардагдаж магадгүйг тэр анхааруулсан байна.
"Тэр одоо ч эрчимт эмчилгээний тасагт байгаа. Амьсгалын аппаратаас салах, ярих чадвартай болох хэмжээнд хүртэл эдгэрсэн ч цаашид ноцтой эрсдэлгүй болсон гэж хэлэхэд эрт байна. Хүн бүр ажлаа сайн хийхээс үл хамаараад маш олон муу зүйл тохиолдох магадлал өндөр хэвээр байна” гэж Зивот хэлжээ.
Пайкийн өмгөөлөгчид цаазын ял гүйцэтгэлийн үеэр үхлийн тариа үйлчлээгүй тохиолдолд яах ёстойг илүү ихийг мэдэхийн тулд өнөөдөр буюу Лхагва гарагт шүүхэд хандахаар болсон байна.
Теннесси мужийн захирагч Билл Лид үйлчлүүлэгчийнхээ цаазын ялыг батлан даалтад гаргах нөхцөлгүй бүх насаар хорих ялаар солиулах хүсэлт гаргасан нь хүчинтэй хэвээр байгааг тэд өчигдөр бас мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
