Лабораторийн ажилтны үхэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Оросын талд Марко Рубио уриаллаа

Т.Давааням, ikon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сибирь дэх тахлын судалгааны төвийн лабораторийн ажилтны үхэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг ОХУ-ын талд  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уриаллаа.

28 настай эмэгтэйн нас барсан нөхцөл байдлын талаар олон таамаг, шуугиан дэгдсэн ч Оросын эрх баригчид тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Одоогоор үхлийн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа, талийгаачтай хавьталд орсон хүмүүсийн шинжилгээнээс уушгины хэлбэрийн тахал (pneumonic plague) илрээгүй гэсэн мэдээллийг зөвхөн өгч байна.

"Орос улс дэлхий нийттэй илүү дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцах үүрэгтэй гэж би бодож байна. Бид энэ асуудлыг цаг тутамд анхааралтай ажиглаж байна” гэж Рубио өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Баасан гарагт Сибирийн Эрхүү мужид лабораторийн ажилтан нас барсны дараа 200 орчим хүнийг хяналтад авсан тухай мэдээлэл анх гарч эхэлсэн юм.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Дарья Шипилова гэдэг тус лабораторийн ажилтан өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт гэнэт өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн юм байна.

Албан бус мэдээллээр тэр эмгэг төрүүлэгч агуулсан шинжилгээний хоолойг хагалсны улмаас, эсвэл зэрлэг мэрэгчдийн дунд тахал байгалийн жамаар тархдаг бүс нутагт хийсэн хээрийн судалгааны ажлын дараа өвчилсөн байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байгаа.

Гэвч Оросын албаныхан эдгээр мэдээллүүдийг үгүйсгэж, ач холбогдлыг нь сулруулан тайлбарлаж байна. Тус улсын эрүүл мэндийн хяналтын байгууллага болох Роспотребнадзор тухайн эмэгтэйг "шалтгаан нь тодорхойгүй уушгины үрэвсэл"-ийн улмаас нас барсан гэж мэдэгджээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмайерын мэдэгдэлд Орос улс дэлхийн эрүүл мэндийн дүрэм журмын дагуу өвчний дэгдэлтийн талаар ДЭМБ-д мэдээлэх үүрэгтэйг онцолсон байна.

"Эрхүү хотод энэхүү аюултай өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Талийгаачтай хавьталд орсон бүх хүнийг олж тогтоосон бөгөөд тэднээс илэрч болзошгүй өвчний шинж тэмдгийг хянаж байгаа ч одоогоор ямар нэг сэжиг илрээгүй" гэж тэр мэдэгдэлдээ дурджээ.

Исланд улсад айлчлахаар нисэх замдаа Марко Рубио хэрэв нөхцөл байдал таамаглаж байснаас илүү ноцтой болбол Орос улсад туслах боломж АНУ-д байгааг хэлсэн байна.

Харин Роспотребнадзор үүнд нэлээд эгдүүцсэн өнгөөр хариулж, эсрэгээрээ Орос улс АНУ-д туслахад бэлэн байгааг мэдэгджээ.

“Оросын Холбооны Улс халдварт өвчний дэгдэлттэй тэмцэхэд нь АНУ-д туслахад бэлэн байна” гэж тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Рубиогийн байр суурийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх өдөр нь бас илэрхийлж, Оросын талд туслахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

"Washington Post" сонинд мэдээлснээр АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC), Төрийн департамент болон Стратегийн бэлэн байдал, хариу арга хэмжээний газар (ASPR) зэрэг байгууллагууд АНУ-ын зүгээс авах арга хэмжээний төлөвлөгөөн дээр ажиллаж эхэлсэн байна.

Рубиогийн мэдэгдлийн дараа лабораторийн ажилтны үхлийн талаар асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлыг хариуцаж буй гол байгууллага Роспотребнадзорын дүгнэлтийг эш татжээ.

АНУ-аас тусламж санал болгосон тухай асуултад тэрбээр "харилцан туслалцаа үзүүлэх нь сайн хэрэг" гэж хариулсан байна.

Мягмар гарагт Роспотребнадзор байгууллага цахим орчинд тархаад буй тахлын эсрэг тусгай арга хэмжээ авсан тухай баримт бичигтэй холбоотой дуулианыг намжаах зорилгоор мэдэгдэл гаргажээ.

Тус байгууллага Телеграм сувагтаа "Тухайн баримт бичиг болон мэдээлэл нь албан ёсны эх сурвалжаас гараагүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй болохыг тодруулахыг хүсэж байна" гэж мэдэгдсэн байна.

14-р зуунд "Хар үхэл" нэрээр Европ тивийн хүн амын тал хувийг устгаж байсан тахлын нян буюу “Yersinia pestis” нь тухайн бүс нутагт тарвага зэрэг мэрэгч амьтдын дунд илэрдэг.

Нас барсан эмэгтэйн ажиллаж байсан Сибирь, Алс Дорнодын Тахлын Эсрэг Хүрээлэнг зуу гаруй жилийн өмнө тухайн үед гарсан тахлын дэгдэлтийн хариу арга хэмжээ болгон байгуулж байжээ.

 

Эх сурвалж: BBC