С.Наранцогт: Шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байгаа
Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Монголбанкны мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 17-нд хуралдаж макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн юм.
Түүний танилцуулсан мэдээллийг тоймлон хүргэе.
Инфляцын хувьд 2026 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь болж өмнөх сараас бага зэрэг буурлаа.
Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь энэ бууралтад голлон нөлөөлсөн. Мөн суурь инфляц 6.8 хувьтай байгаа нь үнийн өсөлтийн суурь даралт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэхдээ шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байгаа. Иймээс мөнгөний бодлогын хороо өнөөдрийн инфляцын бууралтаас гадна ирэх улирлуудад үүсэж болзошгүй дарамтыг мөн харгалзан үзэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна.
Гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал, гадаад шокийг даван туулах чадавхыг дэмжиж байна.
Цаашид мөнгөний бодлогын хорооноос төсвийн зардлын тэлэлт, шатахууны импортын нөхцөл байдал, эрчим хүчний үнийн нөлөө болон гадаад орчны эрсдэлийг анхааралтай ажиглаж шаардлагатай тохиолдолд бодлогын дараагийн арга хэмжээг цаг тухайд нь авах болно гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

