Экспортын орлого өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсөж, $14.4 тэрбумд хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний 8 сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.8 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 14.4 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 6.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.1 (36.8%) тэрбум ам.доллар, экспорт 5.2 (57.2%) тэрбум ам.доллар, импорт 891.2 (11.9%) сая ам.доллар, тэнцэл 4.3 (3.6 дахин) тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.
Экспорт 2026 оны 8 дугаар сард өмнөх сараас 382.2 (21.1%) сая ам.доллар, импорт 171.0 (16.4%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
Экспортын өсөлтөд зэсийн хүдэр баяжмал, нүүрс, алт, самнасан ноолуур зэргийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ
Экспорт 2026 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 2.8 тэрбум ам.доллар, нүүрс 1.9 тэрбум ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 255.6 сая ам.доллар, самнасан ноолуур 97.1 сая ам.доллар, гянтболдын хүдэр, баяжмал 53.9 сая ам.доллар, хар тугалгын хүдэр, баяжмал 40.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин тунгаасан зэс ба хайлш 46.7 сая ам.доллар, молибдений хүдэр ба баяжмал 22.8 сая ам.доллар, адууны мах 8.6 сая ам.доллар, хонь, ямааны мах 6.2 сая ам.доллароор тус тус буурсан байна.
Импортын өсөлтөд дизелийн түлш, автобензиний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ
Импорт өмнөх оны мөн үеэс 891.2 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 407.6 сая ам.доллар, автобензин 73.4 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 56.2 сая ам.доллар шинэ дугуй 48.6 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги 36.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин суудлын автомашин 108.6 сая ам.доллар, ачааны автомашин 47.1 сая ам.доллар, ухаалаг гар утас 16.0 сая ам.доллароор тус тус буурсан байна.
Авто бензиний импорт 2026 оны эхний 8 сард 619.4 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар, дизель түлшний импорт 1.3 сая тонн хүрч, 5.7 хувиар тус тус өссөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
