Д.Цолмон: 65 ТӨҮГ-ыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулснаар жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” хэмээн мэдээлсэн.
Энэ талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон “Өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн өмчийн бодлогын шинэчлэлийн хүрээнд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан.
Хуулийн өөрчлөлтөөр төрийн өмчит хуулийн этгээдийн нэг хэлбэр болох төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болсон. Төрийн өмчит үйлдвэрийн газрын оронд төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг хуулийн этгээдийн нэр бий болсон. Ингээд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эрх зүйн статусыг хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд 65 төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, үйл ажиллагааныхаа орлогоороо санхүүждэг газруудыг Нийтийн үйлчилгээний зориулалттай төрийн өмчит компани, төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрт шилжүүлж өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Нийт 65 үйлдвэрийн газарт чиг үүргийн шинжилгээ хийгээд давхардсан чиг үүрэгтэй, адил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг нэгтгэх болон татан буулгах шаардлагатай гэж үзсэн. Ингэснээр жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна.
Тодруулбал, өөрчлөлтийн хүрээнд 21 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулах замаар 16 төрийн өмчит компани болгож байна.
37 төрийн өмчит компанийг нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах замаар 31 нийтийн үйлчилгээний байгууллага болгох. Мөн зарим төрийн өмчит компанийн төрийн байгууллагын чиг үүрэгт шилжүүлэх боломжтой байгаа" гэлээ.
Нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.
Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.
2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
