Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалаар "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх санхүүжилтийн эх үүсвэрийн нөхцөлийг тохирно
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги Монгол Улсад есдүгээр сарын 3-4-нд айлчилж байна.
Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурал(УИХ)-ын дарга болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзах юм.
Эдгээр уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал төсөл болох Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг хэрхэн өргөтгөх талаар хэлэлцэж, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн нөхцөлийг тохирох юм байна. Мөн эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой байгаа тул ямар төслүүд хэрэгжүүлж болохыг харилцан ярилцана Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлсэн.
Тухайлбал Японы талаас эхний ээлжид эрчим хүч салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэсэн юм. Мөн хоёр талаас харилцан тохиролцсоны дагуу шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Үүний зэрэгцээ бизнесийн хоёр талт харилцан ашигтай байх хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, одоо байгааг бэхжүүлэх, улам төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд энэ оны арваннэгдүгээр сард төр-хувийн хэвшлүүдийн хамтарсан уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Иймд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотегигийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын эдийн засаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг лавшруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Эргэн сануулахад Монгол, Японы хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улс 2022 онд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэлд тусгасан байдаг. Ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
