Б.Дашпүрэв: БНХАУ-аас авах шатахууныхаа тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хүргэв.

Энэ үеэр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Наймдугаар сарын хэмжээнд АИ92 авто бензинийг нийт 74,780 тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар 51,000 тонн авто бензин орж ирсэн байна. Сар дуустал үлдсэн 23,000 гаруй тонныг нэмж авчруулах боломж бий.

Дизель түлшний хувьд 158,650 тонн захиалснаас 130,000 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Ачилт хэвийн явж байгаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3,360 тонн авто бензинийг хүлээж авсан. Улмаар Улаанбаатар хотын 88 шатахуун түгээх станц руу 780 тонн, орон нутгийн 45 шатахуун түгээх станц руу 500 тонн бүтээгдэхүүн түгээсэн.

Одоогоор 2,500 гаруй тонн бүтээгдэхүүн өртөөнд буусан байгаа. Өнөөдрөөс түгээлтэд гарч эхэлнэ.

Бид БНХАУ-аас авах бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг нь хангахад анхаарч байгаа" гэв.