ХХААХҮ-ийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон мөнгөний асуудлаар хяналтын сонсголын бүртгэл ирэх сарын 21-нийг дуустал үргэлжилнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг энэ оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. 

Тус сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн бүртгэл үргэлжилж байна. Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл есдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байх ёстой аж.

Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болох юм байна.

  • Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
  • Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
  • Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичихийг ажлын албанаас мэдээллээ.

 

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Мөн оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.